ЗИНДАА 2019.09.30 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

#1 ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН НЭРЭЭР “ЦАГААДСАН” ХЭРГҮҮДИЙГ СЭРГЭЭХ ҮҮ?!
 


Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон нөхөд "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан" гэх ганцхан өгүүлбэрийн ард гэмгүй хоцорч, ял завшиж байгаа нь нэгэнт ил болжээ. АТГ-аас хийсэн судалгаагаар 2016-2018 оны хооронд "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан" гэх шалтгаанаар шүүхээс 29 хэргийг цагаатгасан гэх тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр болон Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан, Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон зэрэг олон хүнд холбогдох 29 хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, тэд ялгүй үлдсэн байх юм. 

Тэгвэл тэдэнд "ял завших" боломжийг өнөөгийн эрх баригчид хоёр жилийн өмнө шинэчлэн баталсан Эрүүгийн хуулиар олгосон байдаг. Энэхүү хуульд хэргийн “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааг тоолно” гэж зааж өгсөн нь томоохон мөнгөн дүнтэй, шалгахад цаг хугацаа их шаардагдах авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулиар чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа шинэ Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж хуульчилсан байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Б.БАТТҮШИГИЙГ ДИПЛОМАТ АЛБАНААС ЧӨЛӨӨЛЖЭЭ
 


Монгол Улсаас Бүгд найрамдах Турк улсад суугаа Элчин сайдын яамны харьяа Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын ажилтан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр онц их хэмжээний мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад баригдсан. Тэд дипломат дугаартай авто машинд 70 кг геройн төрлийн хар тамхи тээвэрлэж яваад Холбооны бүгд найрамдах Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт саатуулагдсан байдаг.  Эх сувалжийн мэдээлснээр хар тамхины хэрэгт холбогдсон Б.Баттүшигийг дипломат албанаас чөлөөлжээ. 

Сануулахад, ХБНГУ-ын нутаг дэвсгэрт мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтнуудын хэрэг шүүхийн шатанд шилжсэн тухай тус улсын ntv.de сайт мэдээлсэн байгаа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 З.ЭНХБОЛДЫН НЭР ХҮНД Н.АЛТАНХУЯГИЙНХААС ҮНЭТЭЙ ЮМ БАЙНА

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бусдыг гүтгэсэн гэх шалтгаанаар нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гарч байсан нь /2019.08.28/ саяхан. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын гомдлоор хотын дарга асан Э.Бат-Үүлд Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгийн торгууль тавьсан байна.  Ийнхүү хоёр сая төгрөгөөр торгуулахгүй хэмээн гүрийсэн Улсын баатрын заргын дагуу шүүх хурал өнгөрөгч /2019.09.27/ баасан гаригт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох товтой байв. Гэтэл Шүүх хуралд прокурор болон эрх бүхий албан тушаалтан нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул шүүх хурлыг ирэх сарын 1-ний өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Э.Бат-Үүлийн хувьд "З.Энхболд намайг хууль зөрчин байж шууд торгосон. Тиймээс би энэ асуудалтай холбогдуулан, хууль бусаар хүн торгож байна гэх гомдол гаргасан" хэмээжээ.

Цагтаа “Алтан гадас” фракцын тэргүүнд заларч фракц нь Ардчилсан нам төдийгүй Монгол төрийг хойморлож, өдгөөгийн нэр хүндтэнгүүдийг хатавчиндаа бөхөлзүүлж явсан Н.Алтанхуягийн нэр хүнд шалан дээр унажээ гэж бичиж байв. Нэгэн цагт “хаан” шахуу явсан Н.Алтанхуягийг ийм дор орсныг нэр төрийг нь ганцхан сая төгрөгөөр үнэлсэн шүүхийн тогтоол орон даяар харуулсан. Тэгвэл цагтаа Төрийн өмчийн хорооны даргаас эхлээд УИХ-ын дарга хүртэл заларч явсан З.Энхболдын нэр хүндийг хоёрхон сая төгрөгийн үнэтэй гэдгийг шүүх тогтоогоод өгчихлөө. З.Энхболд нь одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга албатай байгаа учраас ямар ч албагүй Н.Алтанхуягаас арай илүү, нэг сая төгрөгийн илүү үнэлэмжтэй нэр төртэй юм байна.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ 69 ӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ХААЛАА

Ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгуулийн дуулианд уяатайгаар хугацаа сунан ажиллаж байсан УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2019.09.30/ албан ёсоор хаалаа. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн 2019 оны  дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцсэн. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын есдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн билээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 Ж.ЖАРГАЛСАЙХАН ХАНДИВЫН МӨНГӨНӨӨСӨӨ СЭТГҮҮЛЧ М.УЯНГАД 5 САЯ ТӨГРӨГ ЗОРИУЛАВ


Хэвлэл мэдээллийн салбарт үр бүтээлтэй ажиллаж үзэгч, уншигч олноо хүндлэгдсэн хоёр сайхан сэтгүүлч эмэгтэй хүнд өвчний улмаас хандивын аян зарласан билээ. Монголын сайтын холбооны ерөнхийлөгч асан, сэтгүүлч Ж.Жаргалсайхан, ETV телевизийн сэтгүүлч М.Уянга нарын хандивын аянд сэтгүүл зүйн салбарынхан нэгдсээр байна. Гэвч сэтгүүлч М.Уянгын эмчилгээ зогсож, хүнд байдалд орсон талаар түүний ар гэрийнхэн өнөөдөр /2019.09.30/  мэдээлсэн юм.  

Сэтгүүлч М.Уянгын ар гэрийнхэн “Монголынхоо ард түмний сэтгэлийн хандив, үзэгт нэгт нөхдийнхөө тус дэмээр цусны бүлэг ижилсүүлж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр Солонгос улсыг зориод байсан сэтгүүлч М.Уянга эмчилгээний хүндрэлээс шалтгаалж, эмнэлгийн төлбөр дутсаны улмаас эмчилгээ нь зогсож, хүнд байдалд ороод байна. Эхний шатны эмчилгээ болох цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ амжилттай болсон боловч 15 сая вон буюу Монгол мөнгөнд хөрвүүлбэл 30 гаруй сая төгрөг дутсаны улмаас хамгийн гол эмчилгээ болох бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь хойшлогдсон. Хагалгааг яаралтай хийлгэхгүй бол өндөр зардлаар хийгдсэн цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ ямар ч үр дүнгүй болох учир яах учраа олохгүй байна. Харь орны эмнэлгийн дүрэм журам чанга хатуу, мөнгөгүй л бол хэн ч биш болно. М.Уянгын амь нас одоо та бидний гарт байна. Монголчууд бид нэгдэж Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянгын эмчилгээг эхлүүлж чадсан бол одоо өчүүхэн хичээхэд нэгэн сайхан гэр бүлийн амьдралыг аварч бяцхан үрийг ижийтэй  нь үлдээх боломжтой юм” гэсэн мэдээлэл өгөөд байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top