#1 УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЛЭЭ
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2019.10.01/ нээлтэй хийлээ. Намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр "УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө хоёр ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын ээлжит чуулган бий. Тиймээс өнгөрсөн гурван жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт өгөх, дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухал асуудлуудыг хойшлуулашгүй хэрэгжүүлэх үүрэг хариуцлага та бидэнд оногдож байна. Энэ хэрээр УИХ-ын намрын чуулган шахуу хуваарьтай өндөр ачаалалтай ажиллана. Ард түмний засаглах эрхийн залгуур дээр сууж байгаа бидэнд улсаа өөд татах амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой түмэн нь амгалан зөвхөн хуулиар засаглаж шударга ёс, сахилга хариуцлага нийгмийн зайшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилт бидэнд үлдэж байна" хэмээн онцоллоо.
#2 АХМАДУУД ЭДИЙН ЗАСАГТ ДАРАМТ НЭМДЭГ ИДЭВХГҮЙ ХҮН АМ БАЙХАА БОЛЬЖ БАЙНА
Аравдугаар сар 1. Архи зардаггүй өдөр гэж үү... Үгүй ээ, албан ёсоор ахмадын баяр юм. Бас билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн бараг л тэдний баяр. Ингээд жилдээ энэ хоёр өдрөөр бид ахмад настнууддаа баярын мэндийг шинэ, хуучин хоёр аргаар дэвшүүлээд бусад өдрүүдэд нь тэдний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай бараг ярихгүй... Хар ярианы хэлэнд бол ахмад настан гэх албаны аятайхан нэршлийг ч ховорхон дурдана, хавтгайд нь хөгшчүүл гэсгээд л болоо... Энэ хандлага зөвхөн Монголд л үзэгддэг юм биш аж. Тийм ч учраас “Насжилт нь байгалийн, жам ёсны, түгээмэл үйл явц болохыг хүлээн зөвшөөрөх”, “Ахмад настан нь халамж хүртэгчид, нийгмийн хөгжил саад учруулагчид гэсэн хэвшмэл ойлголтыг халах” эрэгцээ шаардлага дэлхий дахинд тулгамдаж байна гэдэг дүгнэлт НҮБ-ын Хүний эрхийн хорооны хуралдаан дээр анх 2014 онд яригджээ. Тэтгэвэрт гарахыг нийгэм болон хөгшчүүл өөрсдөө ч бас гэртээ суух, хүүхэд харах, хатуухан хэлэхэд нийгмээс тусгаарлагдах явдал гэж хүлээн авдаг хэвшмэл ойлголт өөрчлөгджээ. Тэд гэр сахихыг биш нийгэмтэйгээ харилцах, хамтдаа хөгжих, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндээ хадгалах, хамгаалахыг эрмэлзэж буй амьдралын шинэ хэв маягийг эрэлхийлэгчид болж байна. Тэтгэвэртээ гарлаа гээд гэртээ ач, зээгээ хараад суух ахмадууд ховордож, бүгд л бизнес эрхлэгч, багаар бодоход эмээ ТҮЦ ажиллуулж, өвөө таксинд явдаг болсон цаг үе. Төсвөөс хуваарилдаг тэтгэврийн хэдээсээ давсан орлоготой, өвдөж тэвдсэн үед үр хүүхдийнхээ гарыг хардаггүй хөгшдийн тоо нэмэгдэх нь угтаа нийгэм, эдийн засгийн утгаараа улс орондоо оруулж буй асар үнэтэй хувь нэмэр юм. Бидний хөрш Хятад улс л гэхэд тэтгэврийн насныхан болоод тэдний хуримтлал, хадгаламжийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ бодлогын хүрээнд ахмад настнуудад зориулсан дотоодын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, тэдний банкны хадгаламж дахь мөнгө тээвэр, үзвэр үйлчилгээ, энтэртаймент зэрэг бусад салбарт орлого болон эргэлдэж эхэлжээ. Тэд эдийн засгийн идэвхтэй хүн амд ачаалал нэмдэг идэвхгүй бүтэц байхаа больж байна.
#3 БНХАУ 70 НАС ХҮРЛЭЭ: ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР БОЛСОН ЗАМНАЛ
Өнөөдөр /2019.10.01/ өглөө 10.00 цагт Бээжин хотын төв Тяньаньмэний талбай дээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Хориотой хотын өмнөх Таньаньмэний талбайн хаалганы өмнө зассан индэрт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян тэргүүтэй удирдлага, мөн БНХАУ-ын дарга асан Зян Зэминь нар сууцгаажээ. Ойн арга хэмжээ эхэлснийг Ли Көцян зарласны дараа 70 удаагийн хүндэтгэлийн буудлага болж, Хятадын ардын чөлөөлөх армийн хүндэтгэлийн харуул тус улсын тугийг хүндэтгэлтэйгээр төв талбайд байрлуулав. Үүний дараа БНХАУ-ын төрийн сүлд эгшиглэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын мэндчилгээндээ Хятадын ард түмний хөгжлийг дэлхий дээрх ямар ч хүч зогсоож чадахгүй. Энэ агуу орны үндэс ямар ч хүч ганхуулж чадахгүй. Хятадын ард түмэн сүүлийн 70 жил дэлхийг гайхшируулсан амжилтад өөрийн хүч, тэмцлийн үр дүнд хүрч чадсан. Хятад улс хөгжлийн энхийн замаар явж, нээлттэй бодлого баримтлах болно. Хятадын арми, зэвсэгт цагдаа улсынхаа бие даасан байдал, аюулгүй байдал, эрх ашгийг ямагт хамгаалах болно гэж онцлов. “Нэг хувь заяатай нийгмийг цогцлоохын төлөө дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллах болно” гэж Хятадын төрийн тэргүүн онцлон тэмдэглэв. Хүндэтгэлийн арга хэмжээ цэргийн сүрт жагсаалаар үргэлжилж байна. Жагсаалыг БНХАУ-ын дарга, Хятадын коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хүлээн авав.
Энэ удаагийн цэргийн сүрт жагсаалд 15 мянган цэргийн алба хаагч, 580 цэргийн техник, 160 цэргийн нисдэг онгоц, нисдэг тэрэг оролцож байна.
#4 ХҮНД БЭРТЛИЙГ ДАВАН ТУУЛСАН ЖҮЖИГЧИН Ж.БАЯСГАЛАНГИЙН ХҮЧИРХЭГ ИЛТГЭЛ
Жүжигчин Б.Амарсайхантай хамтран "Бодлын хулгайч", "Үргээлэг" киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан хоёр жил гаруйн өмнө мото спортоор хичээллэж байгаад осолд орж, хүнд хагалгааг даван гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд туулсан бэрхшээл, осол гэмтэл, тэр бүхнийг хэрхэн даван туулсан талаараа тэрбээр эрүүл мэнд, технологийн "Инсур" даатгалын компанийн нээлтэд өчигдөр /2019.09.30/ илтгэл тавьсан нь олны анхаарлыг татаж байна. Жүжигчин Ж.Баясгалан: Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж солонгос эмчийг хэлэхэд нь би “Намайг Баясгалан гэдэг. Би монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” гэж хэлсэн...
Түүний илтгэлийг бүрэн эхээр нь буулган хүргэж байна.
#5 ИНТЕРНЭТЭЭР МӨНГӨ ЦУГЛУУЛААД ДАШТ-Д ИРСЭН БОКСЧИН БҮСГҮЙ
ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд эмэгтэйчүүдийн Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-13-нд болох гэж байна. Багууд мэдүүлгээ өгч, хэдийн бэлтгэлдээ гараад байгаа бол Гондурас улсаас тун санамсаргүй зочин гэнэт хүрээд иржээ. Гондурасын боксчин Мария Антунез дэлхийн аваргад оролцох зардлаа интернэтээр хандив цуглуулж босгосон бөгөөд тэмцээнд оролцох мэдүүлгээ ч өгөлгүй Бээжингийн онгоцоор хүрч ирсэн байна. Гондурасын боксын холбооноос зардал гаргаж өгөөгүй тул дасгалжуулагч ч байсангүй. Тэмцээнийг зохион байгуулагчидтай холбоо тогтоож амжаагүй учир ямар жинд тоглох нь ч тодорхойгүй.
Сэтгэгдэл ( 0 )