Өнөөдөр /2019.10.01/ өглөө 10.00 цагт Бээжин хотын төв Тяньаньмэний талбай дээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ албан ёсоор эхэллээ.
Хориотой хотын өмнөх Таньаньмэний талбайн хаалганы өмнө зассан индэрт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян тэргүүтэй удирдлага, мөн БНХАУ-ын дарга асан Зян Зэминь нар сууцгаажээ.
Ойн арга хэмжээ эхэлснийг Ли Көцян зарласны дараа 70 удаагийн хүндэтгэлийн буудлага болж, Хятадын ардын чөлөөлөх армийн хүндэтгэлийн харуул тус улсын тугийг хүндэтгэлтэйгээр төв талбайд байрлуулав. Үүний дараа БНХАУ-ын төрийн сүлд эгшиглэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын мэндчилгээндээ Хятадын ард түмний хөгжлийг дэлхий дээрх ямар ч хүч зогсоож чадахгүй. Энэ агуу орны үндэс ямар ч хүч ганхуулж чадахгүй. Хятадын ард түмэн сүүлийн 70 жил дэлхийг гайхшируулсан амжилтад өөрийн хүч, тэмцлийн үр дүнд хүрч чадсан. Хятад улс хөгжлийн энхийн замаар явж, нээлттэй бодлого баримтлах болно. Хятадын арми, зэвсэгт цагдаа улсынхаа бие даасан байдал, аюулгүй байдал, эрх ашгийг ямагт хамгаалах болно гэж онцлов. “Нэг хувь заяатай нийгмийг цогцлоохын төлөө дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллах болно” гэж Хятадын төрийн тэргүүн онцлон тэмдэглэв.
Хүндэтгэлийн арга хэмжээ цэргийн сүрт жагсаалаар үргэлжилж байна. Жагсаалыг БНХАУ-ын дарга, Хятадын коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хүлээн авав.
Энэ удаагийн цэргийн сүрт жагсаалд 15 мянган цэргийн алба хаагч, 580 цэргийн техник, 160 цэргийн нисдэг онгоц, нисдэг тэрэг оролцож байна.
Цэргийн жагсаалын дараа баярын жагсаал болох бөгөөд үүнд 100 мянган хүн оролцоно. Ойн арга хэмжээний үеэр 70 мянган энхийн тагтааг тэнгэрт нисгэж, мөн тооны өнгөт агаарын бөмбөлөг хөөргөнө.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Хотын төв талбай орчим цагдаагийн онцгой албадын хөдөлгөөнт хэсгүүд байрлаж байна. Лхагва гарагийн оройг хүртэл аливаа нисдэг аппарат, дрон, агаарын бөмбөлөг зэргийг ашиглахыг хоригложээ. Шуудангийн тагтаа, цаасан шувуу хөөргөж мөн болохгүй.
Албан ёсны мэдээгээр, 150-160 мянган иргэн сайн дураар гудамжинд хэв журмыг сахиулахад тусалж байна.
Хотын төвийн автозамуудыг хааж, нийтийн тээврээр зорчигчдын цүнхийг шалгаж байна. Гудамжинд цагдаа нар зарим хүмүүсийн биеийн байцаалтыг мөн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Цэргүүд нь гомо юм шиг эсвэл балeтчин шиг сонин алхах юмаа
Монголд Ми овогт тэргүүтэй МАН-ын хятадын эрлийз дарга нар энэ бярыг бас тэмдэглэж байгаа.