#1 ТОЙРОГ ТОМРОХ УУ!
Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын албан ёсны сайтад нийтэлсэн байна лээ. Мэдээж хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал бол ирэх оны төсөв. Дараагаар нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр шийджээ. Үүний дараа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулсан байна. Эрх баригчдын хувьд АН-ын засаглалын үед батлагдсан Сонгуулийн тухай хуулийг задлах ёстой, гурван төрлийн сонгуулийг нэг хуулиар явуулж болохгүй гэсэн байр суурь илэрхийлээд удаж байгаа. Ирэх оны төсвөө хэлэлцсээр байтал арванхоёрдугаар сар хүрчих байх. Ерөнхийдөө сонгуулийн хуулийг он солигдох дөхүүлээд өөрчилдөг.
Нэг талаас сонгуулийн хуульд гар хүрэх бол зургаан сарын өмнө хийх хуулийн зохицуулалттай. Өнгөрсөн туршлагаас харахад цагийг нь тулгаж хуулийн “хайчинд” хавчуулагдсан байдлаар хүч түрэн баталсан нь олон. Дээр нь шинэ жилийн баярын уур амьсгал орсон өдрүүдэд олны анхаарлаас ч зайдуухан хийчихдэг. Энэ жишгээр өмнө нь өөрчилж байсан. Өдгөө ч хийхээр зэхсэн шиг байна. Харин ямар хувилбар сонгосон бол.
#2 ФОТО: С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
21 жилийн өмнөх энэ өдөр УИХ-ын гишүүн С.Зориг агсан бусдын гарт эмгэнэлтэйгээр амиа алдсан билээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөдөг. Өнөөдөр /2019.10.02/ С.Зориг агсны ах С.Баяр болон УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар хүндэтгэл үзүүлэн, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв. Уг ёслолд УИХ-ын зарим гишүүд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцож байна.
#3 ХОЁР НАМ ШИРЭЭНИЙ АРД СУУЦГААСАН Ч ЗӨВШИЛЦӨЖ ЧАДАЛГҮЙ ТАРЖЭЭ
Парламентад суудалтай улс төрийн хоёр том нам гурван асуудалд зөвшилцөхөөр ширээний ард суусан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. Тэд өнгөрсөн тав хоногийн хугацаанд нэг л удаа уулзацгаажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан сөрөг хүчнээс томилсон Ажлын хэсгийнхэн Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан эрх баригч намын Ажлын хэсгийнхэнтэй өнгөрсөн даваа гарагт зөвшилцөхөөр ширээний ард суусан байна. Гэвч тэд тодорхой шалтгааны улмаас шийдэлд хүрч чадалгүй хоёр тийш болцгоожээ. Үүнд эрх баригч намын дотоод хагарал, эв зүйгээ олохгүй яваа бүлгийн гишүүд нь "буруу"-тай гэдгийг эх сурвалж хэлж байна.
Улс төрд өрнөж байгаа цаг үеийн гурван том асуудал болох Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон ээлжит бус сонгууль явуулах эсэхээр АН-ын зүгээс эрх баригч намтай зөвшилцөх саналыг тавьж, Ажлын хэсэг байгуулсан байдаг. Харин тэрхүү саналыг нь МАН-ынхан хүлээн авч өнгөрсөн баасан гарагт товлосон бүлгийн хуралдаанаа даваа гараг хүртэл хойшлуулсан билээ. Харамсалтай нь, өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан хоригт гишүүд нь санал нэгдэж чадаагүй юм. Өөрөөр хэлбэл, тэд гурван асуудлын нэгт нь шийдэлд хүрч чадалгүй бүлгийн хуралдаанаа өндөрлүүлсэн байдаг.
#4 ХОЙД СОЛОНГОС ШУМБАГЧ ОНГОЦНООС БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАЛАА
Хойд Солонгос өнөөдөр /2019.10.02/ өглөө хоёр баллистик пуужин Япон тэнгисийн зүг харвалаа гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдэв. Пуужингуудын нэг нь Японы Шиманэ мужийн газар нутаг дахь эдийн засгийн онцгой бүсэд унажээ. БНСУ-ын штабуудын дарга нарын хорооны мэдээллээс үзвэл, пуужингуудын Хойд Солонгосын зүүн эргийн Вонсан боомтын бүсээс харвасан аж. Нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах шийдвэр гаргаад байгаа бөгөөд хуралдаанд Ерөнхий сайд Абэ Шинзо, гадаад хэргийн сайд, батлан хамгаалахын сайд нар оролцох гэнэ. Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар Хойд Солонгосын зүгээс пуужин харвахтай холбоотой нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэхээр болжээ. Абэ Шинзо байгаа бүх мэдээллийг цуглуулж, усан болон нисэх онгоцнуудын аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.
#5 СНУП ДОГ: “КЛИППЕРС” БОЛ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ӨРГӨМӨЛ ХҮҮХЭД
АНУ-ын алдартай рэп дуучин Снуп Дог сагсан бөмбөгийн фэн. Гэхдээ тэр “Лос-Анжелес Лейкерс”-ийн шүтэн бишрэгч бөгөөд тус хотын өөр нэгэн баг болох “Лос-Анжелес Клипперс”-ийн талаар саяхан нэгэн таагүй зүйл ярьжээ. HotNewHipHop-д бичсэнээр Снуп Дог “Клипперс хэзээ ч Лос-Анжелес хотын гол баг болж чадахгүй. Хэзээ ч шүү. Хоёр жил дараалан лигийн аварга болсон ч тэднийг хэн ч тоохгүй. “Лейкерс” манай хотын шүтээн хэвээр байх болно. “Клипперс” бол хэнд ч хэрэггүй өргөмөл хүүхэд гэсэн үг. Тэд эхлээд өөрийн гэсэн орон гэртэй болох хэрэгтэй. Одоо тэд манай ордонд тоглож, манай багийн зар сурталчилгааны самбаруудыг хараад явж байна. Тэдний зурагт хуудас энд нэг ч байхгүй” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )