АНУ “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарах уу?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

АНУ нээлттэй тэнгэрийн тухай олон улсын гэрээнээс гарах боломжийг судалж байна гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын олон улсын хэргийн хорооны дарга Элиот Энжел мэдэгджээ.

Конгрессын гишүүн АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайенд захидал илгээж, Трампын засаг захиргаа тус гэрээнээс гарах асуудлыг судалж буй тухай мэдээлэлтэй холбогдуулан санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Цагаан ордныг бодлогогүй үйлдэл хийхгүй байхыг уриалсан байна.

Энжелийн хэлснээр, энэхүү гэрээ АНУ болон түүний Европ дахь холбоотнуудад Оросын цэргийн ажиллагааг хянах боломж олгодог. Тус гэрээнээс гарсан тохиолдолд НАТО хуваагдахад хүргэж болзошгүй гэж Энжел анхааруулжээ.

Нээлттэй тэнгэрийн тухай гэрээг 1992 оны гуравдугаар сарын 24-нд Хельсинки хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 23 гишүүн орон байгуулсан түүхтэй. ОХУ энэхүү баримт бичгийг 2001 оны гуравдугаар сард соёрхон баталжээ. Гэрээнд оролцогч талууд цэргийн үйл ажиллагааг хянах зорилгоор бие биеийнхээ газар нутаг дээгүүр хяналтын нислэг үйлдэх эрхтэй байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top