АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарах болсон тухай зарлажээ. Үүний шалтгаан нь ОХУ-ын зүгээс гэрээг биелүүлэхгүй байгаатай холбоотой гэж Трамп мэдэгдээд гэхдээ энэ нь шинэ хэлэлцээр байгуулах сайхан боломж гэж онцолжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео АНУ тус гэрээнээс зургаан сарын дараа гарна гэж тодруулсан байна. Хэрэв Орос улс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлбэл Цагаан ордон энэ шийдвэрээ эргэн харна гэж Помпео мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, АНУ болон бусад талуудыг бодвол ОХУ олон жилийн туршид янз бүрийн аргаар гэрээг байнга илт зөрчиж байсан. Тухайлбал, Москва Абхаз, Умард Осетийн хил дагуух 10 км коридорт ажиглалтын нислэг үйлдэх хүсэлтээс татгалзаж, Калининград хотын дээгүүр нисэх хязгаарыг хууль бусаар тогтоосон гэж тэрбээр Оросыг буруутгажээ. Түүнчлэн, 2019 онд томоохон хэмжээний цэргийн сургуулилтын бүсийн дээгүүр АНУ, Канадын хамтарсан нислэгийг үйлдэх хүсэлтийг ОХУ мөн хүлээн аваагүй байна.
ОХУ-ын зүгээс энэхүү гэрээг зөрчсөн тохиолдол хэзээ ч гарч байгаагүй гэж хариу мэдэгджээ. АНУ зарим техникийн асуудлыг гэрээ зөрчсөн мэтээр Москваг буруутгахыг зорьж байна гэж ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Грушко мэдэгдсэн байна. “Нээлттэй тэнгэр” гэрээ 20 гаруй жилийн туршид Европт энх тайван, аюулгүй байдлын баталгаа болж байсан гэж тэрбээр онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан зэвсэглэлийг хянах гэрээ хэлэлцээр цуцлагдах нь аюултай үр дагавар, тухайлбал зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж болзошгүй гэж анхааруулжээ. Доналд Трампын энэ мэдэгдлийн дараа АНУ-ын сенатор Эдвард Марки, конгрессмен Жимми Панетта АНУ-ын Ерөнхийлөгчид олон улсын гэрээнээс Конгрессын зөвшөөрөлгүй гарахыг хориглосон хуулийн төсөл өргөн барьжээ. НАТО-ийн төв энэ сарын 22-нд Зөвлөлийг хуралдуулах шийдвэр мөн гаргасан байна.
Их Британийн эрх баригчид “Нээлттэй тэнгэр” гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ гэж мэдэгдээд энэ гэрээнээс гарах шийдвэр гаргасан АНУ-ын болгоомжлолыг ойлгож буйгаа илэрхийлжээ. Германы гадаад хэргийн сайд Хайко Маас АНУ ийм шийдвэр гаргасанд харамсаж байна гээд ОХУ-ын зүгээс гэрээг биелүүлэхэд тулгарч байсан хүндрэлүүд гэрээнээс гарах шалтгаан биш гэж онцолжээ. Швед улс АНУ энэхүү шийдвэрээ эргэн харна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
“Нээлттэй тэнгэр” гэрээг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 23 гишүүн орон 1992 онд Хельсинки хотноо байгуулсан түүхтэй. Тус гэрээнд одоогоор 34 улс орон нэгдээд байна. Гэрээнд зааснаар гэрээнд оролцогч улс орнууд бусад оролцогчдын цэргийн үйл ажиллагааг хянах зорилгоор тухайн улсын газар нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх эрхтэй. 2017 онд Вашингтон Оросын ажиглалтын нислэгт хязгаарлалт тавьсны дараа ОХУ ижил төрлийн хариу арга хэмжээ авсан юм.
Сэтгэгдэл ( 3 )
Amerik uursduu ehelj gereegee zurchsun um bishuu..tegeheer oros hariu barilgui yahuu dee..
Оросууд дандаа буруугаа хүлээхгүй гүрийх юмаа.
Orosuud chachga tsarailaad barahguiee... Ineedtei tenger gazriin zuru b.gaa