АНУ Нээлттэй тэнгэр гэрээ хоцрогдсон тул албан ёсоор гарч байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен мэдэгджээ.
АНУ тус гэрээнээс гарах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш зургаан сар болсон бөгөөд АНУ олон жилийн турш ОХУ-ын зүгээс бүдүүлгээр зөрчиж байсан энэ гэрээнд оролцогч тал байхаа больж байна гэж тэрбээр твиттертээ бичжээ.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохиролтой бөгөөд өрсөлдөгч талуудад ашигтай, хоцрогдсон гэрээ, хэлэлцээрээс гарах тухайд Америкийг хэзээд нэгдүгээрт тавьж ирсэн гэж онцолсон байна.
Доналд Трамп өнгөрсөн тавдугаар сарын 22-нд АНУ Нээлттэй тэнгэр гэрээнээс гарах тухай мэдэгдсэн билээ. Үүний шалтгаан нь ОХУ-ын зүгээс тус гэрээг зөрчсөн гэж АНУ-ын тал үзэж байгаа юм. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдэж байсанчлан, Москва “дуртай үедээ” Америкийн ажиглалтын нислэгт зөвшөөрөл олгодоггүй эсвэл хязгаарлаж байсан гэнэ. Ингэхдээ тэрбээр ОХУ гэрээг зүйл заалтыг баримталбал АНУ энэхүү шийдвэрээ эргэн харахыг үгүйсгээгүй юм. Оросын тал АНУ-ын мэдэгдлийг үгүйсгэсэн билээ.
Өдгөө тус гэрээнд 34 улс орон нэгдсэн хэвээр үлдээд байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам Москва Нээлттэй гэрээнд оролцогч талуудаас үүргээ биелүүлэх хатуу баталгааг шаардах болно гэж мэдэгджээ. Ялангуяа, АНУ-ын холбоотнуудаас Оросын нутаг дэвсгэрийн гэрэл зургийг АНУ-н талд шилжүүлэн өгөхгүй байхыг шаардах гэнэ.
Нээлттэй тэнгэр гэрээг 1992 онд байгуулж, 2002 онд хүчин төгөлдөр болжээ. Хүйтэн дайнаас хойш Европ дахь итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээнүүдийн нэг болсон энэхүү баримт бичиг нь оролцогч талуудад бие биенийхээ зэвсэгт хүчин, арга хэмжээний талаарх мэдээллийг нээлттэй цуглуулах боломж олгодог юм.
Сэтгэгдэл ( 0 )