ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Нээлттэй тэнгэр” гэрээнээс татгалзах тухай хуулийн төслийг Төрийн Думад өргөн барьжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 15-нд ОХУ-ын Гадаад хэргийн яам тус гэрээнээс гарах чиглэлээр үйл явцыг эхлүүлж буй тухай албан ёсоор мэдэгдсэн билээ. Ингэхдээ Оросын тал шинэ нөхцөлд буюу 2020 оны арваннэгдүгээр сард АНУ тус гэрээнээс гарснаас хойш гэрээг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах чиглэлээр дэвшил гараагүй гэж үзэн ийм алхам хийж буйгаа тайлбарласан.
АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн дөрөвдүгээр сард “Нээлттэй тэнгэр” гэрээнд буцаж нэгдэх талаар шийдвэр хараахан гаргаагүй байна гэж мэдэгдсэн юм.
Нээлттэй тэнгэр гэрээг 1992 онд байгуулж, 2002 онд хүчин төгөлдөр болжээ. Хүйтэн дайнаас хойш Европ дахь итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээнүүдийн нэг болсон энэхүү баримт бичиг нь оролцогч талуудад бие биенийхээ зэвсэгт хүчин, арга хэмжээний талаарх мэдээллийг нээлттэй цуглуулах боломж олгодог юм.
ОХУ тус гэрээнээс гарснаар 33 улс орон нэгдсэн хэвээр үлдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )