Коронавирусний цар тахал, эдийн засгийн хямралтай зэрэгцэн Вашингтон ээлжит олон улсын гэрээнээс гарах тухай зарлалаа. Энэ удаад цэргийн зэвсгийн хурцадмал байдлыг намжаах зорилготой ажиглалтын нислэгийн дэглэм тогтоосон гэрээ аюулд өртөв. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарах болсон тухай зарлалаа. Үүний шалтгаан нь ОХУ-ын зүгээс гэрээг биелүүлэхгүй байгаатай холбоотой гэж Трамп мэдэгдээд гэхдээ энэ нь шинэ хэлэлцээр байгуулах сайхан боломж гэж онцолсон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео АНУ тус гэрээнээс зургаан сарын дараа гарна гэж тодруулж, хэрэв Орос улс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлбэл Цагаан ордон энэ шийдвэрээ эргэн харна гэж мэдэгдсэн. Тэрбээр АНУ болон бусад талуудыг бодвол ОХУ олон жилийн туршид янз бүрийн аргаар гэрээг байнга илт зөрчиж байсан гэж буруутгасан билээ
Үүний хариуд ОХУ эл гэрээнээс гарахгүй гэдгээ зарлаад, тус улсын зүгээс энэхүү гэрээг зөрчсөн тохиолдол хэзээ ч гарч байгаагүй гэж хариу мэдэгдэв. АНУ зарим техникийн асуудлыг гэрээ зөрчсөн мэтээр Москваг буруутгахыг зорьж байна гэж ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Грушко мэдэгдсэн. “Нээлттэй тэнгэр” гэрээ 20 гаруй жилийн туршид Европт энх тайван, аюулгүй байдлын баталгаа болж байсан гэж тэрбээр онцолжээ
Олон улсын байр суурь
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан зэвсэглэлийг хянах гэрээ хэлэлцээр цуцлагдах нь аюултай үр дагавар, тухайлбал зэвсэглэлээр хөөцөөлдөхөд хүргэж болзошгүй гэж анхааруулав.
Доналд Трампын энэ мэдэгдлийн дараа АНУ-ын сенатор Эдвард Марки, конгрессмен Жимми Панетта АНУ-ын Ерөнхийлөгчид олон улсын гэрээнээс Конгрессын зөвшөөрөлгүй гарахыг хориглосон хуулийн төсөл өргөн барьсан. Харин энэ сарын 22-нд болсон НАТО-ийн Зөвлөлийн шуурхай хурал Доналд Трампын талд шийдвэр гаргав. АНУ-ын холбоотнууд Трампын засаг захиргааны энэ шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлсэн хэдий ч “Нээлттэй тэнгэр” гэрээг зөрчсөний хариуцлагыг бүхэлд нь ОХУ-д хүлээлгэжээ. Гэсэн хэдий ч НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Нээлттэй тэнгэр” гэрээний оронд ОХУ-ын оролцоотой ижил төрлийн хэлэлцээр байгуулах боломжийг үгүйсгээгүй байна.
Их Британийн эрх баригчид “Нээлттэй тэнгэр” гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ гэж мэдэгдээд энэ гэрээнээс гарах шийдвэр гаргасан АНУ-ын болгоомжлолыг ойлгож буйгаа илэрхийлсэн бол Германы гадаад хэргийн сайд Хайко Маас АНУ ийм шийдвэр гаргасанд харамсаж байна гээд ОХУ-ын зүгээс гэрээг биелүүлэхэд тулгарч байсан хүндрэлүүд гэрээнээс гарах шалтгаан биш гэж онцолжээ. Швед улс АНУ энэхүү шийдвэрээ эргэн харна гэж найдаж буйгаа илэрхийлсэн бол Хятадын гадаад хэргийн яам АНУ “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарах нь зэвсэглэлээр хөөцөлдөхөд тавьж буй олон улсын хяналтад сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ.
“Нээлттэй тэнгэр” гэрээ
“Нээлттэй тэнгэр” гэрээг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 23 гишүүн орон 1992 онд Хельсинки хотноо байгуулсан түүхтэй. Тус гэрээнд одоогоор 34 улс орон нэгдээд байна. Гэрээнд зааснаар гэрээнд оролцогч улс орнууд бусад оролцогчдын цэргийн үйл ажиллагааг хянах зорилгоор тухайн улсын газар нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх эрхтэй. 2017 онд Вашингтон Оросын ажиглалтын нислэгт хязгаарлалт тавьсны дараа ОХУ ижил төрлийн хариу арга хэмжээ авсан юм.
АНУ гэрээнээс гарснаар ямар үр дагавар гарах вэ
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээг бодвол энэ нь тус гэрээ шууд устана гэсэн үг бус. Нэгдсэн улсад олон шалтгааны улмаас тус гэрээнд үргэлжлүүлэн оролцсон нь ашигтай гэж шинжээчид үзэж байна. Учир нь ажиглалтын нислэгийн 87 хувь нь АНУ-ын бус гэрээнд оролцогч бусад улсын газар нутаг дээр үйлдэгддэг. Гэхдээ НАТО-ийн хамтарсан сургуулилт, Европ дахь АНУ-ын цэргийн объектууд зэргийг ажиглах боломж хадгалагдан үлдэж байгаа юм. АНУ өмнө нь мөн ийм төрлийн шалтгаар Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс гарч байсан. Үүний тулд АНУ Европт энгийн зэвсэглэлийн тухай гэрээг соёрхон батлахад давагдашгүй саад бий болгож, стратегийн тогтвортой байдал, аюулгүй байдлын салбарт хэд хэдэн сөрөг алхам хийсэн бөгөөд өдгөө Европ тивд итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй суурь баримт бичгийг нураах чиглэлд алхам хийж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Шинжээчид юу хэлэв
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гадаад харилцааны хорооны орлогч дарга В.Жабаровын хэлснээр, АНУ-ын энэхүү шийдвэрт тайван хандах ёстой. Учир нь ОХУ өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалах чадвартай гэж тэрбээр онцолжээ. АНУ энэ алхамд эртнээс бэлдэж байсан. Учир нь ажиглалтын нислэгүүд АНУ-д хохиролтой гэж үзсээр ирсэн гэж Жабаров тайлбарлажээ. Вашингтон энэ шийдвэрээр Европын аюулгүй байдлын тогтолцоонд ээлжит цохилт өглөө гэж зарим ажиглагчид үзэж байна. Гэрээнд гарын үсэг зурсан 34 улсын дийлэнх олонх нь НАТО-ийн гишүүн орнууд. Ямар ч тохиолдолд тэд АНУ-тай мэдээлэл солилцох тул АНУ-ын хувьд энэ шийдвэр овжин мэх гэж шинжээчид мөн тайлбарлаж байна. Зарим шинжээчдийн үзэж буйгаар, АНУ “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарах шийдвэр нь зэвсэглэлийг хянах олон улсын тогтолцоог нураах бас нэг алхам. Ийм алхам зэвсэглэлээр хөөцөлдөх уралдааны урьтал нөхцөл болно гэж тэд үзэж байна. АНУ-ын өнөөгийн засаг захиргаа зэвсэглэлийг хазаарлах бүхий л олон улсын гэрээ, хэлэлцээрийг үгүй хийхийг эрмэлзэж байна. Олон улсын харилцааны аюулгүй байдлын үүднээс энэ нь АНУ-ын эрх баригчдын том алдаа болно гэжээ. “Нээлттэй тэнгэр” гэрээ нь АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан, 2021 оны хоёрдугаар сард хугацаан нь дуусгавар болох Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хязгаарлах болон цаашид бууруулах арга хэмжээний тухай гэрээтэй нягт холбоотой. Энэ гэрээний хугацааг сунгах эсэх нь өдгөө ихээхэн эргэлзээтэй болоод буй. “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарснаар АНУ ОХУ-ын талаарх бүрэн хэмжээний мэдээлэл авахын тулд сансрын, цахим, радио зэрэг тагнуулын ажиллагааны бусад хэлбэрийг ашиглахад хүргэх бөгөөд энэ нь зардлыг асар их нэмэгдүүлнэ. Ингэхдээ мэдээлэл авах шуурхай байдал мэдэгдэхүйц алдагдана гэж зарим шинжээчид үзэж байна. “Нээлттэй тэнгэр” гэрээ нь чанарын өндөр түвшинд шуурхай мэдээлэл цуглуулах боломж олгодог. Цуглуулсан мэдээлэл нь тухайн нөхцөл байдлыг бүрэн илчлэхээс гадна аливаа эргэлзээг тайлахад гол үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү гэрээ нь улс орнуудын аюулгүй байдалтай холбоотой дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэх цэрэг, дипломатын үр дүнтэй суваг юм. Тиймээс энэхүү гэрээнээс татгалзах нь АНУ, ОХУ-ын харилцааны итгэлцлийг үгүй хийнэ гэж шинжээчид сэрэмжлүүлжээ. Тус хоёр улс мэдээлэл авах хангалттай хэрэгсэлтэй тул энэхүү гэрээгүйгээр шаардлагатай мэдээллээ олж авч чадна. Гэхдээ бусад оролцогч тус гэрээнээс гарах тохиолдолд мэдээлэл авах боломж үлэмж хэмжээгээр багасна гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарах мэдэгдэл эцсийн шийдвэр биш. Хэрэв зургаан сарын туршид ОХУ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлбэл Нэгдсэн Улс буцаж ирнэ. АНУ-ын санааг эргүүлэхэд Москвад зургаан сар бий. Үүний сацуу ирэх арваннэгдүгээр сард АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарахын эсрэг зогсож буй Ардчилсан намд эцсийн шийдвэр гаргах боломж бас бий.
Сэтгэгдэл ( 1 )
Трамп гэгч балиар өвгөн үхэж далд ороосой