ЗИНДАА 2019.10.08 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

#1 ИРГЭД АМЬ НАСААРАА ХОХИРЧ, ДАРГА НАР ХАРИУЦЛАГААС ЗУГТЛАА
 

Гадаад оронд химийн туршилтыг хулгана дээр хийдэг бол Монгол Улсад иргэд дээрээ туршиж байна. Бүр нийслэлийнхээ 1.4 сая иргэн дээр шүү. Онц байдал гэдэг л энэ байх. Утаагүй түлшний нөлөөгөөр таван ч иргэн амь насаараа хохирч, хордсон иргэд цэргийн төв эмнэлгийн хордлогын тасгийг дүүргээд байхад дарга нар хаана байсан бэ. Ямартай ч хотын асуудлыг эрхэлсэн дарга С.Амарсайхан цагдаад сайжруулсан түлшнийхээ хор уршгийг үнэн бодитоор мэдээлсэн сэтгүүлчийг хуулиар  айлга гэдэг үүрэг өгч  байсан нь саяхны явдал. Өөр дээр нь хариуцлага ирэхэд тэрбээр “Шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлагын асуудал яригдаж л таараа” гэж өөрөөсөө бултуулсан ярилцлага өгөв. Харин түүний орлогч, “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг давхар хашдаг Ж.Батбаясгалан  утаагүй түлш олон лабораторийн шинжилгээгээр стандарт шаардлага хангасан талаар олон удаа ам гарсан даа. Гэвч таван хүн нас барсны дараа “Бидний мэдэх, мэдэхгүй асуудал байх вий гэдэг үүднээс гаднын лабораторид шинжлүүлэхээр дээж аваад, явуулсан байна” гэдэг мэдээллийг өгсөн. Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Улаанбаатар хотыг утааг бууруулах сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг хар толгойгоороо хариуцсан дарга нарт эргэлзсэндээ гадаадын лабораториор шинжлүүлэх чиглэл өгсөн болж таарав. Мөн Хотын дарга С.Амарсайхан та утаагүй түлшнийхээ үнэнийг нуугаагүй бол ийм олон эрдэнэт хүний амь эрстэх байсан болов уу.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ХЭРГИЙН ГАЗАР: УГААРЫН ХИЙНД ХОРДОЖ НАС БАРСАН ХЭРГИЙН ГАЗРУУДААС "САЙН ТҮЛШ"-ИЙГ ХУРААН АВЧЭЭ
 

Аравдугаар сарын 4-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд угаарын хийнд хордсон гэх 67 дуудлага Яаралтай түргэн тусламжийн төвд бүртгэгдээд байна. Эдгээрээс эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай 36 иргэн байснаас 28 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа юм. Эдгээр хүүх­дүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хүргэсэн бол хордлогод орсон насанд хүрэгсэд Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр /2019.10.07/ өглөөнөөс эмнэлгээс гарч эхэлсэн гэдгийг албаныхан мэдээлж байна. Энэ хугацаанд нийт таван хүн угаартаж нас бараад байгаагийн хоёр нь бага насны хүүхэд бол гурав нь насанд хүрсэн хүн байв. Хамгийн сүүлд өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр нийс­лэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Бэлх зуслангийн ... тоотод оршин суух өрхийн гурван хүн угаарын хийнд хордож, 28 нас­­тай, эмэгтэй Ц нас баржээ. Түүнтэй хамт байсан гурван иргэний биеийн байдал хүндэвтэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 "УДЭТ, ДБЭТ, ТӨВ НОМЫН САНГ ШИНЭЭР БАРИХ АЖЛЫГ ЗОГСООНО"
 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.10.08/ Байгалийн түүхийн музейд ажиллаж, тус музейн барилгын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийн эхэнд Байгалийн түүхийн музейн барилга зориулалтын хувьд “музейнх биш”, 1952 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдсан гэдгийг тодотгов. Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоох тухай А/173 тоот тушаалыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр гаргасан байдгийг танилцуулж, улмаар буулгах, шинээр барих зураг төслийн ажил тус ондоо эхэлсэн гэлээ.

Дараа нь ШУТИС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөс гаргасан техникийн дүгнэлтийг хийсэн шинжээч З.Биндэръяа “Барилгын тоосго нь газар хөдлөлтийн нормоор 75 марктай байх ёстой. Гэтэл 50 байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг килограмм тоосго 75 кг ачаа даах ёстойгоос 50 кг ачаа дааж байна гэсэн үг. Мөн тоосго наасан зуурмаг 25 маркаас дээш байх ёстой байтал 10 марк байсан. Тэр цагаас хойш тоосго нь чийгшээд, нураад унаж байна. Энэ барилгын хучилт модон, суурь нь чулуу байгаа. Гэтэл өнөөдөр чулуун суурьтай барилга ашиглалтын шаардлага хангахгүй, хүчитгээд нэмэр болохгүй. Бараг хүчитгэл хийхээр бол шинээр хэд хэдэн сургууль барих зардал орно” гэлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 АМЬДРАЛЫН ЧУХАЛ ОНЬСЫГ ТАЙЛСАН ГУРВАН ЭРДЭМТЭН НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
 


Энэ жилийн физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг Уильям Кэлин /АНУ/, Грэг Семенза /АНУ/, Питер Рэтклифф нар хүртжээ. Тэд эсүүд хүчил төрөгчийн дутагдлыг хэрхэн таньж, хариу үйлдэл үзүүлдгийг тогтоосон байна. Тус тусдаа ажиллахдаа Нобелийн шагналын шинэхэн эзэд XIX зуунаас хойш хүн төрөлхтнийг тайлж чадаагүй нууцыг тайлжээ.

Нобелийн шагнал хүртсэн нээлт

Амьтад хүчил төрөгчгүй амьдарч чадахгүй. Гэхдээ хүн төрөлхтөн түүний гүйцэтгэдэг үүргийг сайн ойлгодоггүй байв. Гэтэл хүний биед хүчил төрөгчийн агууламжийн түвшин янз бүр байдаг байна. Агаарт хүчил төрөгчийн хэмжээ 21 хувьтай байдаг бол артерийн цусанд 15 хувь, венийн цусанд таван хувь, мөгөөрсний эсэд нэг хүрэхгүй хувь байдаг аж. Хүчил төрөгч нь үндсэн элемент бөгөөд, хүний бие махбод гол төлөв уснаас бүрдсэн, харин усны молекул бүрд хүчил төрөгчийн атом байдаг. Амьсгалаар орж ирж буй хүчил төрөгчийн нэг хувь нь очих газартаа очилгүй, устөрөгчийн хэт ислийг бий болгодог байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 АБЭ ХАЯХИДЭ: МОНГОЛЫН Н.НАРАНБОЛДООС Л АЙХ ХЭРЭГТЭЙ  
 


Чансаа доогуур гээд басаж болохгүй. Японы хөл бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 31, Монголын шигшээ баг 183-т бичигдэж байгаа. Энэ хоёр баг 10-нд Сайтамад халз тоглох болно. Японы шигшээ баг Монголын багтай анх удаа таарч тоглоно. Монголын шигшээ багийн түлхүүр тоглогч хэн бэ, тэд ямар стилиэр тоглодог вэ? Монголын хөл бөмбөгийн лигийн “Улаанбаатар” багт тоглож байсан довтлогч Абэ Хаяхидэгээс Монголын хөл бөмбөгийн талаар асууж тодрууллаа. Абэ энэ жилийн гуравдугаар сараас эхлэн Монголын лигт хагас жил тоглосон довтлогч. Цалин хөлсний төлбөрийн асуудлаар наймдугаар сард нутаг харьсан ч Монголын хөл бөмбөгийн талаар сайн мэднэ. Абэ Хаяхидэ “Үнэнийг хэлэхэд Монголын шигшээ баг Японы их, дээд сургуулийн багаас сул. Үндэсний шигшээ багт нь бөмбөг эзэмших, цохих техникгүй тоглогч ч байдаг. Дамжуулалт ч тааруухан” гэж дүгнэж байна. Гэхдээ Абэгийн болгоомжилж байгаа нэг тоглогч Монголд байгаа гэнэ. “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.27.50) 2019 оны 10 сарын 08

УТААТАЙ УТААГҮЙ ТҮЛШ БИТГИЙ ХЭЛ ХОРТОЙ РЕЗИНЭН ДУГУЙ ХАЙМЕР ХУВАНЦАР ГЭЭД ШАТААЖ БОЛОХ БҮХНИЙГ ШАТААГААД АМЬДРААД ИРСЭН ИРГЭД ӨНӨӨДӨР ХҮРТЭЛ АМЬД СЭРҮҮН БАЙЖ Л БАЙНА.УГААРТАХДАА ХҮРВЭЛ МОДНЫ УТААНД Ч УГААРТАЖ ҮХЭЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.МАНАН МАФИЙНХАНЫ ХИЙЖ БАЙГАА ЭЭЛЖИТ ДАВШИЛТ.ДАРААГИЙН ДАЙРАЛТ ЭНЭ ТҮЛШТЭЙ ХОЛБООТОЙ БАС НЭГ ӨӨР ЮМ ГАРГАЖ ИРНЭ ДЭЭ.ХАРЖ Л БАЙГААРАЙ.ТАГНУУЛ ЦАГДАА АЖИЛАА ХИЙХГҮЙ ТЭДНИЙ ТАЛД БАЙГАА ЮМ БИШ БИЗ.

0  |  0
ИРГЭН(202.179.27.50) 2019 оны 10 сарын 08

УТААТАЙ УТААГҮЙ ТҮЛШ БИТГИЙ ХЭЛ ХОРТОЙ РЕЗИНЭН ДУГУЙ ХАЙМЕР ХУВАНЦАР ГЭЭД ШАТААЖ БОЛОХ БҮХНИЙГ ШАТААГААД АМЬДРААД ИРСЭН ИРГЭД ӨНӨӨДӨР ХҮРТЭЛ АМЬД СЭРҮҮН БАЙЖ Л БАЙНА.УГААРТАХДАА ХҮРВЭЛ МОДНЫ УТААНД Ч УГААРТАЖ ҮХЭЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.МАНАН МАФИЙНХАНЫ ХИЙЖ БАЙГАА ЭЭЛЖИТ ДАВШИЛТ.ДАРААГИЙН ДАЙРАЛТ ЭНЭ ТҮЛШТЭЙ ХОЛБООТОЙ БАС НЭГ ӨӨР ЮМ ГАРГАЖ ИРНЭ ДЭЭ.ХАРЖ Л БАЙГААРАЙ.ТАГНУУЛ ЦАГДАА АЖИЛАА ХИЙХГҮЙ ТЭДНИЙ ТАЛД БАЙГАА ЮМ БИШ БИЗ.

0  |  0
Top