Ч.Батзориг: Монгол Улс эрчим хүч экспортлох боломжийг бүрдүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Улаанбаатар-Мандалговийн Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн зохицуулагч Ч.Батзоригтой ярилцлаа. 


-Улаанбаатар-Мандалговийн Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл хэрэгжиж дуусаад байна. Төслийн санхүүжилтийг сонирхуулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2015 онд нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийж байлаа. Үүгээр эрчим хүчний салбарт гурван томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж эхлүүлсний нэг нь энэ Улаанбаатар-Мандалговь дэд станц барих төсөл. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 113 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 5.9 сая ам.доллар нийт 119 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтаар уг төслийг хэрэгжүүлж дуусгалаа.

-Яг хэзээнээс ажлаа эхлүүлсэн бэ?

-Ерөнхий сайд 2017 онд БНХАУ-д айлчлахдаа зээлийн тусгайлсан хэлэлцээр хийснээр уг төсөл хэрэгжих суурь тавигдсан гэж болно. Түүнээс хойш 2017 оны аравдугаар сараас 2019 оны зургаадугаар сарын хооронд 20 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг хийж хүлээлгэж өглөө. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, стратегийн ач холбогдолтой, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх төсөл болж чадсан гэж үзэж байгаа. Ер нь эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа төслүүд нь хүн амын суурьшил, аж үйлдвэржилт, нийгмийн хөгжлийг хурдасгах чухал хөдөлгөх хүч болдгоороо үнэ цэнтэй байдаг.

-Эрчим хүчний салбарт анх удаагаа томоохон хэмжээний өргөтгөл болсон гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 50-60 МВт-аар өсөж байна.  Тэр тусмаа говийн бүсэд хэрэгжиж байгаа томоохон уурхайн цахилгааны хэрэглээг Төвийн бүсийн эрчим хүчний станцаас  хангах нь чухал байлаа. Харин бидний хэрэгжүүлсэн төсөл өмнийн говийн эрчим хүчний хэрэглээний 8-10 хувийн цахилгааны өсөлтийг хангаад зогсохгүй, цаашдаа Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортлох боломжийг бүрдүүллээ. Мөн ОХУ, БНХАУ, Монгол Улсыг холбосон цахилгаан дамжуулах шугамын коридор бий болж байна. Ингэснээр ОХУ-аас БНХАУ руу, БНХАУ-аас Монгол руу, Монголоос ОХУ руу цахилгаан эрчим хүчийг экспортлох, импортлох боломжтой болно гэсэн үг.

-Төслийг санхүүжилтийн ихэнх нь гадаадын хөнгөлөлттэй зээлээс эх үүсвэртэй юм байна. Тэгвэл хэдий хугацааны дараа ашгаа өгч эхлэх бол?

-Энэ шугам одоогийн мөрдөж байгаа тарифаар бол 25 жилийн дотор хөрөнгө оруулалт, зээл, зээлийн хүүгээ нөхнө. Хэрэв үнэ өсөх, валютын ханшны өсөлт нөлөөлбөл  анхны хөрөнгө оруулалтаа үүнээс богино хугацаанд нөхөх боломжтой. Нэг үгээр хэлбэл, төслийн үр өгөөж нь ашиглалтад орсон өдрөөс эхлэн цаг, минутаар хэмжигдэж, эдийн засагт үр ашгаа өгнө гэсэн үг. ЭХЯ-аас тодорхойлж байгаагаар бол 2019-2020 онд төвийн бүсийн эрчим хүчинд 200 мВт чадлын шинэ эх үүсвэр орох нь тодорхой байгаа. Мөн УИХ-аас “Монголын эрчим хүчний дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан байна. Үүгээр “ДЦС-IV”-ийн турбиныг шинэчлэл, “ДЦС-III”-ын өргөтгөл, ЭДЦС-ын өргөтгөл гээд богино хугацаанд нэмэгдэх цахилгаан чадлууд бий болох боломжтой тул эхний ээлжид Оюутолгойн цахилгаан ачааллын 120 мВт орчмыг нь энэ шугамаар дамжуулан өгөхөөр төлөвлөж байгаа. Ер нь эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төслүүд нь бусад салбарыг бодоход дууссаныхаа дараа шууд минут, цаг нь мөнгөөр хэмжигдэж байдаг л даа. 

-Танай төслийн хувьд хүндрэл бэрхшээлтэй зүйл байв уу?

-Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, KFW банк гэсэн үндсэндээ олон улсын дөрвөн байгууллагын хандивлагч орны төсөл дээр ажиллаж байсан. Тухайн банк хандивлагч орны онцлог, зээлийн нөхцөл, худалдан авалт, шаардлага, зээлийн ерөнхий хэлцэл гээд томоохон зүйлүүд байдаг. Үүнийг мэдээж, дээд түвшинд  буюу мэргэжлийн яамд оролцсон том баг ярилцаж шийддэг. Улс хоорондын дээд түвшинд гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хийдэг зээлийн хэлэлцээр бол олон улсын гэрээ юм. Энэ нь эрх зүйн чадамжийн хувьд манай хуулиас дээгүүр хүчин төгөлдөр мөрдөгддөг хатуу тохирсон хэлцлийн дээд төрөл юм. Гэтэл хэрэгжүүлэх байгууллагын түвшинд гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, тэдэнтэй барилга угсралтын ажлын гэрээ хийхдээ Зээлийн ерөнхий хэлэлцээрийн үндсэн зарчмыг алдагдуулсан, буулгасан, Монголын эрх ашигт нийцээгүй, эсвэл хууль тогтоомжийг илт зөрчсөн зүйл заалт оруулдаг явдал байна. Үүнээс үүдэн гарах хохирол нь улс хоорондын зээлийн тусгайлсан хэлэлцээр болж баталгааждаг ийм тохиолдол гарч байна. Тэгэхээр ямар ч зээлийн үндсэн хэлэлцээрийн зарчим, анх тохиролцсон зүйл заалтыг бууруулахгүйгээр доод түвшиндээ гэрээ хийх ёстой, харин түүнийг бүүр сайжруулж, төгөлдөршүүлэх ёстой байх. Үүнийг хаана ямар түвшинд хийдэг юм, үнэхээр мэддэггүй юм уу, мэдээд зориуд хийдэг юм уу. Үүнийг эргэж шалгадаг, гаргасан тохиолдолд засдаг, хариуцлага тооцдог хяналт шалгалтын тогтолцоо үгүйлэгдэж байна.

-Төсөл хэрэгжүүлсэн хүний хувьд эрчим хүчний салбарын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Би эрчим хүчний салбарт хийгдэж байгаа томоохон төслийг удирдаж зохион байгууллаа. Энэ нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэж байгаа гурван төслийн нэг гэдгийг дээр дурдсан. Нийтдээ бол Эрдэнэбүрэнгийн УЦС, Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн ЦДАШ-ыг шинээр барих гэсэн ийм гурван том төсөл манай эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл 280 сая ам.доллар, Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөл 50 сая ам.доллар , манай төсөл 120 орчим сая ам.доллароор хэрэгжиж байна. БНХАУ, Монгол Улсын найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнтэй зэрэгцүүлээд том стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжиж дуусч байгаа нь Хятад-Монголын харилцаа, цаашид эрчим хүчний салбарт хамтран ажиллах нааштай сайхан үйл явдал болж байна гэж үзэж байна.

-Хятадын талтай хамтарч ажилласан юм билээ. Монгол, Хятад ажилчдын арга барил ч гэдэг юм уу, ялгаа байна уу?

-БНХАУ-ын хувьд техник технологи, өндөр хөгжсөн. Гэсэн ч монгол ажилчдын мэдлэг чадвар, ямар ч бүтээн байгуулалтыг хийх бололцоотой гэдэг нь харагдсан. Төслийн хүрээнд нийт ажлын 68 хувийг монголчууд, үлдсэн 38 хувийг Хятадын тал хийсэн. Тодруулбал, нийтдээ 249 км шугамын 90 км-ыг, гурван дэд станцын хувьд Мандалговь дэд станцыг Хятадын тал хийлээ. Тавантолгой, Оюутолгойн дэд станцын өргөтгөлийг Монголын тал хийж гүйцэтгэсэн. Манайхаас 300 орчим хүн талбайд ажилласан. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.107) 2019 оны 10 сарын 16

Mongolchuud bid ireeduin uls ekh ornii achaanii hundiig uurch yvakh mergeshsen salbaraa meddeg iim zaluuchuudaar ajliig hiilgekh yostoi. Mash tom ajliig amjilttai hiij duusgasan tand amjilt husie.

0  |  0
Зочин(66.181.191.106) 2019 оны 10 сарын 15

Маш том ажлыг сайн удирдаж зохион байгуулж амжилттай дуусгасан байна. Монгол Залуу хүн ч нэг ийм л байдаг даа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсч улам ихийг хийгээрэй гэж ерөөе. Монголын мянга мянган залуучуудад үлгэр дуурайлал болох болтугай.

0  |  0
Top