ЗИНДАА 2019.10.14 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

#1 2024 ОНООС УИХ-ЫГ ХОЛИМОГ, 2025 ОНООС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПАРЛАМЕНТААС...

Нэг ийм хувилбар яригдаад эхэлжээ. Эхнээс нь тайлбарлая. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажилласан. Зөвлөлдөх санал асуулга хийж, орон даяар уулзалт зохион байгуулах гээд нүсэр ажил хийсэн л дээ. Үр дүн ч гарч 2000 оноос хойш анх удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-ын чуулганы хоёр хэлэлцүүлэг давлаа.

Энэ хооронд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс өөр нэг хуулийн төслийн дайтай санал өгснийг зөвшилцөж оруулсан гэж байгаа. Ерөнхийлөгчийн өгсөн саналууд дунд байсан УИХ-ын гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох асуудал мөрөөрөө гэлдэрч явсан хуулийн төсөлд олон нийтийн анхаарлыг хандуулчихсан. Уг нь бол олон улсын томоохон төслүүд хэрэгжихийг дагаад үндэстэн дамнасан корпорациуд манайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн, дотооддоо улс төр, бизнесийн бүлэглэлүүд хүчирхэгжсэн үед парламентыг гадны нөлөөлөлтэй шийдвэр гаргахаас сэргийлэх эхний алхам тоог нь нэмэх байсан юм. Бас бүрэн эрхийн хугацааг уртасгах хэрээр улстөржилтгүй ажиллах цаг нэмэгдэх байлаа. Гэлээ гээд яах вэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажил явагдаж байх хооронд тойрогтоо ажилласан гишүүд “Юун УИХ-ын гишүүдийн тоог нэмж, хугацааг уртасгах вэ” гэж салам загнуулж ирээд дээрх хоёр заалтыг дэмжилгүй явуулчихсан даа. Мөн АН-ын зүгээс “Гүйцэтгэх засаглалд эрх мэдэл олгох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруу­лах” гэсэн засаглалтай холбоотой шаардлага хүргүүлж байлаа. Үүнийг эрх баригчид хэлэлцээд хүлээж аваагүй. 


ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ТӨСӨВ 2020: ХЭН, ХААНА, ЮУНД, ХЭДИЙГ ХУВААРИЛУУЛАВ

УИХ-аас ирэх оны төсвийг хэрхэн батлахаас шалтгаалан эрх баригчдын дотоод уур амьсгал өөрчлөгдөх шинжтэй. Хэрэв ирэх оны төсөв одоогийн өргөн баригдсанаараа батлагдвал, олон ч гомдогсод УИХ-д төрөх бололтой. Хэлэлцэж эхлээгүй байхад л “Хэнтий, Увс, Архангай, Баянхонгор тэргүүтэй хэдхэн аймагт төсвийн хөрөнгө оруулалт төвлөрөх нь” гэж гомдоллох гишүүд олон гарч ирээд байна. Ерөнхийдөө тухайн оны төсөв гэдэг бол хэн, хаана, хэдэн төгрөгийг захиран зарцуулахыг шийдэж өгдөг чухал баримт бичиг. Тэр жилийн бялууг нэгэнт хуваачихсан л бол УИХ дахин тодотгохоос өөрөөр хэн ч өөрчилж дөнгөдөггүй гэдгээрээ тэр жилийнхээ хөгжлийн зураг болдог. Ирэх сонгуулийн жил төсвийн зарлага түүхэнд байгаагүй буюу 14 их  наяд орчим төгрөгт хүрэхээр байгааг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төслөөс харж болно. Үүнийг сөрөг хүчнийхэн ихэд шүүмжилж байгаа бол нам дотроосоо ирэх оны хөгжлийн зургийг гаргахдаа аймаг, тойргоор алагчилсан байдлаар хандсан гэх хандлага гаргах боллоо, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс. Тухайлбал, Увс аймагт 60 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 75.8 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд ирэх онд 41.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Хэнтий аймагт 220 орчим тэрбум төгрөгийн 80 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс ирэх онд 133.7 тэрбумыг нь шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Эдгээрээс онцлоход, Хэнтийн аймгийн  ганц тосгонд 11 төсөл хэрэгжүүлэхээр байгаа аж. Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд зөвхөн ирэх онд л гэхэд 17-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болсон нь ирэх өдрүүдийн улс төрийн гол сэдэв байх бололтой. Харин Бэрх тосгонд хэрэгжүүлэх төслүүдийг нь сөхөж үзэхэд, соёлын төвийн тоног төхөөрөмж, сургууль, Засаг даргын тамгын газар, орон сууцны дээврийн их засвар, дулааны цахилгаан станцын шинэчлэл гэх мэт ахуйн шинж чанартай ажлууд эгнээсэн байгаа гэнэ. Гэтэл харьцангуй олон хүн амтай, аймгийн статустай явдаг Говьсүмбэрт 25 тэрбум, Дундговьд 36 тэрбум, Дорнодод 35 тэрбум, Сүхбаатарт 30 тэрбум зэргээр төсөвлөсөн нь ганц тосгоны хэмжээнд ч хүрэхгүй гэж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 Ж.ЭРДЭНЭБАТ: БИ БУРУУТАЙ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН БОЛ ШАЛГУУЛАХАД БЭЛЭН

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэлд тэрбээр тайлбар хийлээ.

Ж.Эрдэнэбат гишүүн “Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоол гаргасан. Өмнөговийн Тост, Тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар болон Булганы Тэшиг суманд байгаа улсын тусгай хамгаалалттай газар нутагт лиценз эзэмшиж байсан компаниудын лицензийг хүчингүй болгоод нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой холбоотойгоор нэг аж ахуйн нэгжээс өөрийнхөө эзэмшил бүхий компанид лиценз шилжүүлж авсан гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүрээнд хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа” гэлээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 ҮСХ: ИНФЛЯЦ САРЫН ӨМНӨХӨӨС ӨӨРЧЛӨЛТГҮЙ ГАРЧЭЭ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2019.10.14/  оны эхний есөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.


Инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс есөн  хувиар өссөн байна. Өмнөх сараас өөрчлөлтгүй гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар буурсан хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Жилийн өмнөхөөс есөн хувиар  өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.3  хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 ТУРК СИРИЙН ХОЁР ДАХЬ ГОЛ ХОТЫГ ЭЗЭЛЛЭЭ

Туркийн зэвсэгт хүчин, Анкарагийн дэмжлэг бүхий Сирийн чөлөөт арми Сирийн хойд хэсэгт явуулж буй “Энх тайвны эх булаг” цэргийн ажиллагааны хүрээнд Сирийн хоёр дахь гол хотод хяналтаа тогтоожээ. Рас ал-Эйн хотын дараа курдын Өөрийгөө батлан хамгаалах ардын хүчний бүлэглэлүүд болон араб-курдын Ардчилсан Сирийн хүчин эвсэл Телл Абяд хотыг алджээ. Сирийн төрийн мэдээллийн SANA агентлагийн мэдээлснээр, Кобани хот орчим АСХ болон Туркийн зэвсэгт хүчний хооронд ширүүн мөргөлдөөн болж байна. Туркийн үндэсний батлан хамгаалах яамны мэдээллээр, Туркийн арми болон Сирийн чөлөөт арми Сирийн газар нутгийн 30-35 км гүн рүү нэвтэрч, М-4 стратегийн чухал авто зам дээр хяналтаа тогтоогоод байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top