Турк Сирийн хоёр дахь гол хотыг эзэллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Туркийн зэвсэгт хүчин, Анкарагийн дэмжлэг бүхий Сирийн чөлөөт арми Сирийн хойд хэсэгт явуулж буй “Энх тайвны эх булаг” цэргийн ажиллагааны хүрээнд Сирийн хоёр дахь гол хотод хяналтаа тогтоожээ. Рас ал-Эйн хотын дараа курдын Өөрийгөө батлан хамгаалах ардын хүчний бүлэглэлүүд болон араб-курдын Ардчилсан Сирийн хүчин эвсэл Телл Абяд хотыг алджээ.

Сирийн төрийн мэдээллийн SANA агентлагийн мэдээлснээр, Кобани хот орчим АСХ болон Туркийн зэвсэгт хүчний хооронд ширүүн мөргөлдөөн болж байна.

Туркийн үндэсний батлан хамгаалах яамны мэдээллээр, Туркийн арми болон Сирийн чөлөөт арми Сирийн газар нутгийн 30-35 км гүн рүү нэвтэрч, М-4 стратегийн чухал авто зам дээр хяналтаа тогтоогоод байна.

“Энх тайвны эх булаг” ажиллагаа эхэлснээс хойш Туркийн хоёр цэргийн алба хаагч, Сирийн чөлөөт армийн 16 босогч амиа алдаж, Курдистаны хөдөлмөрийн намын болон Өөрийгөө батлан хамгаалах ардын хүчний 525 алан хядагчдыг устгаад байна. Мөн ажиллагааны үеэр 18 энгийн иргэн амиа алдаж, 147 хүн шархаджээ.

Өнгөрсөн ням гарагт Сирийн засгийн газар Туркийн түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэлэн буйгаа илэрхийлжээ. SANA агентлагийн мэдээлснээр, Дамаск Сирийн хойд хэсэгт цэрэг илгээх шийдвэр гаргаад байна.

Энэ үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган курдын бүлэглэлүүдтэй яриа хэлэлцээ хийх боломжийг үгүйсгэж, Анкара алан хядагч байгууллагатай хэлэлцээний ширээний ард суухгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top