ТӨСӨВ 2020: Хэн, хаана, юунд, хэдийг хуваарилуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

УИХ-аас ирэх оны төсвийг хэрхэн батлахаас шалтгаалан эрх баригчдын дотоод уур амьсгал өөрчлөгдөх шинжтэй. Хэрэв ирэх оны төсөв одоогийн өргөн баригдсанаараа батлагдвал, олон ч гомдогсод УИХ-д төрөх бололтой. Хэлэлцэж эхлээгүй байхад л “Хэнтий, Увс, Архангай, Баянхонгор тэргүүтэй хэдхэн аймагт төсвийн хөрөнгө оруулалт төвлөрөх нь” гэж гомдоллох гишүүд олон гарч ирээд байна. Ерөнхийдөө тухайн оны төсөв гэдэг бол хэн, хаана, хэдэн төгрөгийг захиран зарцуулахыг шийдэж өгдөг чухал баримт бичиг. Тэр жилийн бялууг нэгэнт хуваачихсан л бол УИХ дахин тодотгохоос өөрөөр хэн ч өөрчилж дөнгөдөггүй гэдгээрээ тэр жилийнхээ хөгжлийн зураг болдог.
 


Ирэх сонгуулийн жил төсвийн зарлага түүхэнд байгаагүй буюу 14 их  наяд орчим төгрөгт хүрэхээр байгааг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төслөөс харж болно. Үүнийг сөрөг хүчнийхэн ихэд шүүмжилж байгаа бол нам дотроосоо ирэх оны хөгжлийн зургийг гаргахдаа аймаг, тойргоор алагчилсан байдлаар хандсан гэх хандлага гаргах боллоо, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс. Тухайлбал, Увс аймагт 60 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 75.8 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд ирэх онд 41.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Хэнтий аймагт 220 орчим тэрбум төгрөгийн 80 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс ирэх онд 133.7 тэрбумыг нь шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Эдгээрээс онцлоход, Хэнтийн аймгийн  ганц тосгонд 11 төсөл хэрэгжүүлэхээр байгаа аж. Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд зөвхөн ирэх онд л гэхэд 17-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болсон нь ирэх өдрүүдийн улс төрийн гол сэдэв байх бололтой. Харин Бэрх тосгонд хэрэгжүүлэх төслүүдийг нь сөхөж үзэхэд, соёлын төвийн тоног төхөөрөмж, сургууль, Засаг даргын тамгын газар, орон сууцны дээврийн их засвар, дулааны цахилгаан станцын шинэчлэл гэх мэт ахуйн шинж чанартай ажлууд эгнээсэн байгаа гэнэ. Гэтэл харьцангуй олон хүн амтай, аймгийн статустай явдаг Говьсүмбэрт 25 тэрбум, Дундговьд 36 тэрбум, Дорнодод 35 тэрбум, Сүхбаатарт 30 тэрбум зэргээр төсөвлөсөн нь ганц тосгоны хэмжээнд ч хүрэхгүй гэж байна.

Үүнээс гадна Архангайд 139 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр эхлүүлж, зөвхөн ирэх оны төсөвт 46.7 тэрбум төгрөг суулгахаар байгаа бол Баянхонгорт 79 тэрбумын ажил эхлүүлж, 40 тэрбумыг ирэх оны төсвийн төсөлд суулгасан нь өндөрт тооцогдож байна. Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн өдийд энэ оны төсвийг хэлэлцэн батлах явцад ч Сангийн сайд тэргүүтэй Увсаас тодорсон сайд нар өөрийн тойрогтоо 51 тэрбум төгрөг суулгалаа гэдэг асуудал гарч байв. 

СОЁЛ, УРЛАГ, СПОРТЫН САЛБАРТ ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ӨРНӨНӨ

Засгийн газар 2016-2019 онд нийт 4.3 их наяд төгрөгийг төсөвт тусгуулан бүтээн байгуулалтад зарцуулсан байна. Хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт энэ оны төсөвт суусан бөгөөд  1.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа. Тэгвэл ирэх онд Засгийн газраас   нийгмийн ач холбогдол бүхий эдийн засгийн үр ашигтай төсөл, арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэхээ тусгасан гэдгээ танилцуулгадаа тодотгожээ. Нэгдүгээрт өмнөх жилүүдэд эхлүүлсэн бүтээн байгуулалтуудаа дуусгах бодлого баримтлах аж. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн 424 төслийн үлдэгдэл 987.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн төсөлд тусгажээ. Улмаар 2020 онд боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны салбарын 304.8 тэрбум төгрөгийн 205, эрүүл мэндийн салбарын 75.4 тэрбум төгрөгийн 41, зам тээврийн салбарын 252.4 тэрбум төгрөгийн 59, барилга хот байгуулалтын салбарт 121.4 тэрбум төгрөгийн 43, байгаль, орчин аялал жуулчлалын салбарт 15.3 тэрбум төгрөгийн ес, эрчим хүчний салбарт 46.4 тэрбум төгрөгийн 10, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт 11.2 тэрбум төгрөгийн 10, батлан хамгаалах салбарт 8.4 тэрбум төгрөгийн дөрөв, хууль зүй, дотоод хэргийн салбарын 23.3 тэрбум төгрөгийн зургаан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн аль  2018 онд хэрэгжихээр батлагдсан боловч ажлаа эхлүүлж чадаагүй боловсролын салбарын 21 тэрбум төгрөгийн 23, зам тээврийн салбарын 5.3 тэрбум төгрөгийн долоо, барилга, хот байгуулалтын салбарт 1.1 тэрбум төгрөгийн дөрөв, эрүүл мэндийн салбарын 7.3 тэрбум төгрөгийн дөрөв төсөл хэрэгжинэ. Нийтдээ 34.8 тэрбум төгрөгийн 35 төслийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгаж,  ашиглалтад оруулахаар болсон байна. Үүнээс гадна царцаагдсан гэж цоллогддог төслүүдийг дуусгах мэдээ бий. Ажил нь зогсож удааширсан, царцаагдсан төслүүдээс 2018-2019 онд нийт 28.8 тэрбум төгрөгийн 41 төсөл, арга хэмжээг төсөвт тусгаж шийдвэрлэсэн бол ирэх жилийн төсөвт 23 царцаагдсан төслийг бүрэн дуусгахад шаардлагатай 22.8 тэрбум төгрөгийг суулгаж өгчээ. Ер нь төсөв батлах үеийн хөрөнгө оруулалтын дүн маргаан дагуулсаар ирсэн. Ирэх онд хийх соёл, спортын салбарын бүтээн байгуулалтыг ч улстөржилт тойрсонгүй. Тэгвэл ирэх онд соёл, спорт, урлагийн салбарт түүхэнд байгаагүй том дүнтэй хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Эдгээр салбарын найман төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 135  тэрбум төгрөгийн төсвийн төсөлд тусгасан байна.


Урлаг, соёл спортын салбарын найман том төсөлтэй танилцана уу!
 

  • Чингис хааны музейн барилга: 2020 онд 53  тэрбум төгрөг
     
  • Үндэсний урлагийн их театр: 2020 онд 30  тэрбум төгрөг
     
  • Байгалийн түүхийн музейн барилга: 2020 онд 31.9 тэрбум төгрөг
     
  • Төв номын сангийн барилга: 2020 онд дөрвөн тэрбум төгрөг
     
  • Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга: 2020 онд дөрвөн тэрбум төгрөг
     
  • Улсын драмын эрдмийн театрын барилга: 2020 онд дөрвөн тэрбум төгрөг
     
  • Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн: 2020 онд таван тэрбум төгрөг
     
  • Шинжлэх ухаан, инновацын төвийн кластер: 2020 онд гурван тэрбум төгрөг

Жилийн жилд төсвийн зарлагын тэн хагасыг цалин, тэтгэвэр тэтгэмж эзэлж ирсэн. Засгийн газраас ирэх онд цалин тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэхээр болсон. Тухайлбал,   тэтгэврийн нэмэгдэлд зориулан 150.6 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум төгрөг нийт 168.1 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ. Мөн   төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээ албан хаагчдад хугацааны нэмэгдлийг ирэх оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тэгвэл төсвийн зардалд эзлэх хувиараа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн дараа хөрөнгө оруулалт жагсдаг. Монгол Улсын ирэх оны нийт зардлын 26.5 хувийг төсвийн хөрөнгө оруулалт эзэлж байна. Ингэснээр ирэх оны төсвийн зардлыг 13.9 их наяд төгрөг байна гэж тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар ингэж тооцоолоод буй ч УИХ дээр өрнөх хэлэлцүүлгийн түвшинд өөрчлөлт орох магадлал тун өндөр байна. Нийгмийн олон жилийн захиалга болох цалин, тэтгэврийн нэмэгдлийг УИХ-ын түвшинд шууд дэмжээд явах байх гэсэн хүлээлт давамгайлж байгаа. Харин аймаг, тойргоор алагчилсан гэх хөрөнгө оруулалт дагасан маргаан энэ байдлаараа даамжирвал, өнөөгийнхөөсөө багагүй өөрчлөгдөх нь дамжиггүй. Эрх баригчдын бүлгийнхэн дотроосоо ийм яриа гаргаад эхэлснийг бодоход сөрөг хүчнийхэн  зүгээр сонсоод өнгөрөхгүй болов уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top