[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Ажлын өдрийн эхэнд гаргадаг 11 алдаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Ажлын өдрийн эхний хэдхэн минут дараагийн найман цагийн турш таны бүтээмжид маш чухал нөлөө үзүүлдэг. Хэрэв та оффис руугаа оройтож гарах юм уу, эсвэл шуудангийн хайрцгаа хэт удаан шалгавал өдрийн турш анхаарлаа төвлөрүүлэхэд амаргүй байх болно.

Хэд хэдэн судалгааны үр дүнд ажлын эхний 10 минутад бидний гаргадаг 12 түгээмэл алдааг цуглуулжээ. Эдгээрээс хэрхэн зайлсхийхээ мэдэж байвал амжилт ойрхон байна.

Ажилдаа хоцрох

Сэрүүлэгтэй цаг, өглөө, хойшлуулах товчлуур...

Ажилдаа хоцордог хүмүүс удирдлагууддаа итгэл үнэмшил багатай харагддаг бөгөөд үүнээс болж үнэлэмж тань буурдаг. Энэ нь шударга биш ч одоогийн бодит байдал юм. Тиймээс оффис руугаа аль болох эрт гарахыг хичээ.

Ажлынхантайгаа мэндлэхээ мартах

Хамтрагчидтайгаа мэндэлье. Хамт ажиллагсадтайгаа уулзах, мэндлэхэд хэдэн минут зарцуулснаар өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Хэрэв та удирдагч бол “Сайн уу” гэж хэлэх нь оффис дахь ачаалал, стрессийг зөөлрүүлнэ. Удирдагч биш байсан ч ажлынхаа ширээний ард чимээгүй суух хэрэггүй.

Өглөө эрт кофе уудаг зуршил

Хэрэв та сэрээд шууд кофе уудаг бол энэ зуршлаасаа салахыг зөвлөж байна. Судалгаагаар кофе уух хамгийн тохиромжтой үе бол өглөөний 10:00 цаг гэж тогтоосон. Кофег эрт уух нь стрессийг зохицуулдаг дааварт нөлөөлж, таагүй мэдрэмж үүсгэнэ.

И-мэйл бүрд хариу өгч өдрийг эхлэх

Та өглөө ажилдаа ирээд сандал дээрээ шигдэн сууж, шөнийн цагаар ирсэн мессежүүд рүү шууд “шумбан ордог” уу? Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ажлын эхний 10 минутад үүнийг хийх хэрэггүй гэнэ. И-мэйлээ эрэмбэлэх хэрэгтэй. Ингэснээр та яаралтай зүйл байгаа эсэхийг харах боломжтой бөгөөд дараа нь бусад хүмүүст хариулах цаг олдоно. И-мэйлээ шалгах нь ажил хийж байгаа юм шиг санагдуулж, та хийх ёстой зүйлээ л хийсэн гэж бодон цагаа алдана.

Ажлаа эхлэхээс өмнө урьдчилсан хуваарь гаргахаа мартдаг

Тухайн өдрийн чухал зүйл, хийх ёстой зүйлсийн талаар бичиж тэмдэглэж, хуанлигаа хянах хэрэгтэй.

Эхлээд хамгийн хялбар ажлаа хийдэг

Судалгаагаар таны эрч хүч, хүсэл эрмэлзэл өдөр дундаа орох тусам буурах хандлагатайг тогтоосон. Тийм учраас чухал зүйлийг аль болох хурдан, эрт хийх нь тохиромжтой.

Сөрөг бодлууд дээр төвлөрөх

Та замдаа түгжирч, түлхүүлж, шахуулсан байж болно. Эсвэл урьд шөнө хэн нэгэнтэй муудалцсан байх. Гэхдээ эдгээр нь өнөөдөр хийх ёстой ажлуудаас сатааруулах ёсгүй.

Өглөө эрт уулзалтын хуваарьтай байх

Өглөөний уулзалт нь өдрийн нөөцийг алдуулах талтай. “Амжилтад хүрсэн хүмүүс өглөөний цайны өмнө юу хийдэг вэ”-гийн зохиолч Лаура Вандеркамын хэлснээр өглөөний эхэн хэсэгт бичих гэх мэт анхаарал, төвлөрөл шаарддаг ажилд өөрийгөө зориулж, хадгалагдах ёстой. Хэрэв та дарга, хамт ажиллагсадтайгаа уулзахдаа хэлэх үг байвал үдээс хойш хэлэх нь бага энерги зарцуулна.

Хийх гэж буй амбицтай төлөвлөгөө

Том зорилгоо биелүүлэхийг хүсэж байгаагаасаа өдрийг эхлэх нь магадгүй танд урам зориг өгөх болно гэж бодож байна уу? Гэвч шинжлэх ухаан таныг том төлөвлөгөөгөө хойшлуулах магадлал өндөр байна гэж үзжээ. Танин мэдэхүйн мэдрэл судлаач Сахар Юсефийн хэлснээр ажлаа хойшлуулах үндсэн шалтгаан нь айдас юм. Таны өмнө маш том ажил байгаа бол та айж, энэ ажлыг дуусгах чадвартаа эргэлзэж эхэлдэг. Ингэж хойшлуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд даалгавраа хуваагаад, тодорхой хугацаанд багтаан хийж чадах зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл.

Тунгаан бодох цаг гаргадаггүй

“Ядаргаагаа тайлж, сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулах, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх, илүү их унтахаас сэргийлэх хамгийн сайн арга бол бясалгал юм” гэж мэдрэлийн мэс засалч Марк Маклафлин “Business Insider” сайтад бичжээ. Тийм учраас Маклафлин өглөөний дэглэмдээ бясалгал оруулсан байдаг нь түүний амжилтын нууц гэж хэлсэн байдаг. Өдрийг амжилттай эхлүүлэхийн тулд дор хаяж 10 минутын бясалгал хийгээрэй. Таны амьдрал сайжирч байгааг мэдрэх болно.

Цонхноос хол байх

Байгалийн нарны гэрэл нь оффисын ажилчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг сайжруулж чадна гэж шинжлэх ухааны сэтгүүлд бичсэн байдаг. Өглөө хиймэл тод гэрэлд байх нь сэтгэлийн хямрал, түгшүүрийг нэмдэг. Өглөө байгалийн гэрэлд нүдээ нээвэл өдрийн туршид эрч хүч өгөх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top