Өөрийгөө хөгжүүлж, сайн тал руу нь өөрчлөх тийм ч амар биш. Үүний тулд эхлээд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Зөвхөн өөртөө цаг гаргаад үз
Хэнд ч анхааралгүй, найз нөхдийнхөө асуудал руу орохгүй зөвхөн өөртөө цаг гаргаад үз. Өөртөө чанартай цаг гаргахгүй байх нь өөрийн зүлгээ услахгүй байж хөршийнхөө зүлэг рүү анхаарал хандуулахтай адил зүйл юм. Энэ нь бусдад атаархаж цагаа дэмий үрэхгүй байх тухай ч ярьж байгаа юм.
Байгаадаа сэтгэл хангалуун бай
Байгаадаа сэтгэл ханаж, хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэл зүйн хувьд тайван байх гол үндэс. Өөртэйгөө болон бусадтай тэмцэлдэж, зөрчилдөж байхын оронд өөрт байгаа сайн, муу бүхнээ тэр чигт нь хайрла. Ингэж чадвал та аяндаа зөв зүгт явж эхэлнэ.
Өнгөрснөө хайрла
Та өнгөрсөнд ямар ч бартаатай замыг туулсан байлаа түүнийгээ бүү үгүйсгэ, мартах гэж бүү хэт их оролд. Алдаа, гашуудал, харамсал бол бидний амьдралд байх зүйл. Эдгээр нь таныг илүү ухаалаг, ёс суртахуунтай, зоримог нэгэн болоход туслах хөшүүрэг юм.
Сошиалаас холдож байгаарай
Сошиалд бид бусдын чамин тансаг харагдуулах гэж хичээдэг амьдралтай өөрийнхөө хамгийн хэцүү үеийг харьцуулж, сэтгэлээр унадаг байна. Тиймээс сошиал детокс хийж, олон нийтийн сүлжээний хэрэглээгээ хянах нь эрүүл үйлдэл юм.
Бэрхшээл бол төгсгөл биш эхлэл
Одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун биш байвал энэ нь төгсгөл биш харин эхлэх шатны нэгэн гишгүүр гэдгийг сана. Яг одоо та хаана ч зогсож байсан гурван жилийн дараа гэхэд эндээ байж байхгүй нь ойлгомжтой шүү дээ.
Айдсаа удирдаж сур
Айдас бол удирдаж болдог мэдрэмж. Бид өдөр тутамдаа айдас, хайр гэсэн хоёр мэдрэмжээс шалтгаалан шийдвэр гаргаж байдаг аж. Жишээлбэл, одоо байгаа ажлаасаа гарч, хийхийг хүссэн өөр ажилд орох нь хайранд суурилсан шийдвэр. Харин ажлаасаа гарч чадахгүй эргэлзэж удсаар байвал гарсны дараа яах вэ гэдгээс айсан хүний шийдвэр. Хэрэв та сайн бодоод үзвэл айдаст суурилсан шийдвэр хэзээ ч таныг зөв замд эсвэл холын тууштай зорилгод хөтлөөгүйг ойлгох болно. Тиймээс аливаа сонголт, шийдвэрийн үндэс суурь нь хайр байх ёстойг санаж, эргэлзэх бүрдээ “Айдас уу, хайр уу” гэдэг асуултыг өөртөө тавьж байгаарай.
Өөрийгөө өөртэйгөө л жиш
Өөрийгөө өөрчлөхийн тулд ямар нэгэн харьцуулалт, жишээ хэрэгтэй бол өөрийгөө өчигдрийн “Би”-тэйгээ л жиш. Өнгөрсөн жилээс юугаараа сайжрав, өмнөх би хэрхэн өөрчлөгдөв гэдгээ л бодож, жишиж байгаарай. Бусадтай өөрийгөө жиших нь таны цаг хугацаа, эрч хүчийг сорохоос өөр ямар ч тус болохгүй. Түүнд байгаа зүйл надад байдаггүй гэж бодох нэг минутыг ч та амьдралаасаа дэмий хулгайлсан цаг хугацаа гэж тооцоорой. Энэ нь мөн өөрийн гэсэн үнэт зүйлээ алдахад хүргэдэг. Өөр дээрээ, өөрийнхөө хамгийн сайн хувилбар дээрээ төвлөр.
Сэтгэгдэл ( 0 )