Их спортод ч, Их хуралд ч АВАРГА эрхмийг “ЗИНДАА” сэтгүүл онцоллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

“Монгол Улсын хөгжлийн түүхийг, Монгол хүний амжилтын дээдийг урлан бичиж уламжлуулан хадгалуулна” уриатай манай хамт олон “ЗИНДАА” сэтгүүлийн ээлжит шинэ дугаараа уншигчдынхаа оюун, мэлмийд өргөн барьж байна. Улстөрийн талцал, намчирхлаар хийрхсэн энэ цаг үед аль болох гэгээлэг, үнэн шударгыг баримталсан бүтээлээр иргэдийн мэдэх эрхийг хангахад манай бодлого чиглэдэг.

“ЗИНДАА” сэтгүүлд салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын сор болсон эрхэм хүмүүс уригдан оролцож, өөрсдийн аж амьдрал, амжилт бүтээлээ хүүрнэдэг, нийтлэгдэж буй материалууд нь бодит баримтууд дээр тулгуурласан, шинжлэх ухаанч байх зарчмыг баримталдгаараа орчин үеийн Монголын “Нэвтэрхий толь” юм.

Нар хур тэгширсэн намрын адаг сард уншигчдадаа өргөн барьж буй энэхүү дугаарын “ЭРХЭМ ЗИНДАА”-гийн хойморт маань Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Далай дуурсах даян дархан аварга, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ уригдан заларлаа. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, цагийг эзэлсэн их аваргын хөрөг-ярилцлагаас түүнийг спорт, улстөрийн алинд нь ч нягт нямбай, ёс жудагтай явсаар ирснийг гэрчлэх олон сонирхолтой түүхүүдтэй танилцах болно. Тэрбээр хуульт ёсыг сахиулах, эх орон, газар шороогоо хамгаалан дээдлэхийн төлөө өөрийн бүхий л сэтгэл зүрхээ зориулан тэмцэгчдийн нэг билээ.Тэр бол бөхийн ертөнцөд ч, улс төрийн дэвжээн дээр ч алдаа мадаг гаргалгүй, цаг үргэлж АВАРГА-аараа яваа үлгэр дуурайлтай хүн.

Бид өнөөгийн Монголын нийгэмд ид хүчийг аваад буй “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хөдөлгөөнд өөрсдийн дуу хоолойг хариуцлагатай, шударга сэтгүүл зүйн өнцгөөс нэмэрлэхийг зорин,  Тост, Тосон бумбын жишиг тэмцэл өрнөхөд хүргэсэн бодит баримтуудыг  энэ дугаарын “ХАЛУУН СЭДЭВ” буландаа дэлгэж байна. Нэн ховордсон цоохор ирвэсийн өлгий нутаг, говийн ард иргэдийн хувьд “алтан рашаан” булаг шандны ундарга устай Тост, Тосон бумбын нурууг жишиг тэмцлийн хүчээр аварч чадсан билээ.

“ЗИНДАА” сэтгүүлийн брэнд болох “ҮЛЭМЖ ТӨГӨЛДӨР” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүүг урин залсан. Тайз, дэлгэцийн урлагт тасралтгүй гучин жил үнэнчээр зүтгэсэн, эрч хүчтэй монголын сайхан эмэгтэйчүүдийн нэг тэрбээр өөрийн амьдралын сонирхолтой, үнэн түүхүүдийг бидэнд хуучилсан юм.

“ДЭЛХИЙН МОНГОЛ” буланд “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киногоороо Олон улсын Баримтат киноны наадмаас шилдэг хэмээх алдрыг зүүсэн найруулагч Бирагийн Мартыг урьж, ярилцлаа. Монголчуудын жирийн л нэг амьдралын үйл явцыг харуулсан  түүний баримтат кино дэлхий нийтийн анхаарлыг онцгой татаж, дэлхийн алдартай кино театруудын дэлгэцнээ гарахын сацуу, өндөр шалгуур үзүүлэлттэй Герман, Францын хамтарсан ARTE TV гэх мэт томоохон телевизүүдийн дэлгэцэнд гарсан билээ.

Нийтлэлч Д.Дамдинжавын онц сонирхолтой нийтлэлүүдийг  уншигчдад толилуулдаг  “ГОЛ ТОГЛОГЧ” буланд “MCS” гэх эзэнт гүрний толгойлогч Ж.Оджаргалыг онцолсон байна. Түүний амьдралын талаар өгүүлсэн хоржоонтой, маргаангүй үнэн түүхийг та бүхэн “Бурхны хайртай чөтгөр” нийтлэлээс унших боломжтой.

Үүнээс гадна “ЗИНДАА” сэтгүүлийн “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ” буланд үйлдвэрлэгчээс тэмцэгч болсон түүхтэй, монголын хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд “шатаж” яваа Г.Майцэцэг хэмээх эмэгтэйг урин оролцууллаа. Польшид оёдлын бизнес эрхэлж, өөрийн гэсэн туршлага, бизнестэй болсон тэрбээр гэр бүлийн хамт эх орондоо үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилго өвөртөлж ирсэн цаг саяхан мэт. Гэвч аль хэдийнэ 10 жил өнгөрч, тэдний эх орондоо бахархалтайгаар үйлдвэрлэсэн, дэлхийн алдарт Zara, H&M брэндүүдтэй эн зэрэгцэхүйц “Exclusive” монгол брэндийг өнөөдөр хүн бүр мэддэг болжээ. Түүний өнөөгийн монголын нийгэмд үндэсний үйлдвэрлэгчид өсөн дэвжихээр хэрхэн уйгагүй, бэрхшээл саадыг туулан хөдөлмөрлөж буй талаарх их зүйлийг өгүүлэх ярилцлагыг сэтгүүлийн шинэ дугаараас уншиж болох юм.

Эдгээрээс гадна “ЗИНДАА” сэтгүүлийн “Монгол өв соёл”, “Онцлох сэдэв”, “Хүмүүн цадиг” зэрэг олон булангууд уншигчдад өгөөжтэй, мэдлэгт нэмэртэй нийтлэл, ярилцлагуудыг хүргэдэг бөгөөд энэ удаад ч мөн эрхэм сайхан зочидтойгоо сонирхолтой сэдвүүдээр ярилцан, уншигчдынхаа сэтгэл, оюуны хэрэгцээнд өргөн барихаар нийтэллээ.

Таалан соёрхоно уу
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top