Элчин сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийн амь насанд заналхийллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкнаас санхүүжилт авч, зээлийг зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар тус банкнаас олон нийтэд мэдээлсэн.

Улмаар нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг нэрлэсний дотор БСШУ-ны сайд асан, Элчин сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани багтсан байдаг. Тус компани нь Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөг зээлж, одоог хүртэл уг төлбөрөө төлөөгүй байгаа юм.

Тэгвэл энэхүү мэдээллийг ил болгосон сэтгүүлчдийг өчигдөр (2022.01.25) Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Гэр бүл салгасан тул ална” хэмээн сүрдүүлсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор нэр бүхий сэтгүүлчид өнөөдөр /2022.01.26/ хэвлэлийн хурал зарлаад байна.

Тэгвэл сайд асан Ё.Отгонбаяр өнөөдөр өглөө зохисгүй үг хэллэг хэрэглэсэндээ сэтгүүлчдээс уучлал хүсжээ. 


Үүссэн асуудалтай холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс МЭДЭГДЭЛ гаргаад байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МЭДЭГДЭЛ


Улс төрийн эрх мэдэл болон төрийн шийдвэр гаргах түвшний мэдээлэлд ойр давуу талаа ашиглан Засгийн газрын банк болох Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч улмаар тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улс төрч, бизнесмен, компаниудын талаарх баримт, мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж буй нь хэвлэлийн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхагласан чөлөөт хэвлэл бүхий улс оронд зүй ёсны үйл явдал билээ.

Улс орон, нийтийн эрх ашгийг ноцтой хөндсөн дээрх сэдвээр бичиж, нийтэлж, сурвалжилж, олон нийтэд түгээн дэлгэж буй хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд болон сэтгүүлч, нийтлэлчдийг үүнийх нь төлөө төрийн сайд асан Ё.Отгонбаяр айлган сүрдүүлж, амь насыг нь заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс эрс эсэргүүцэж байна.

Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэмт хэргийг “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн…” бол ял шийтгэлтэй байхаар тодорхой зүйлчилсэн байх тул Ё.Отгонбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, цагдаагийн байгууллага шалгахыг шаардах, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл бүх талын өмгөөллийн болон тэмцлийн арга хэмжээ авахаа илэрхийлж байна.

Улс төрийн эрх мэдлийг нийтийн эрх ашгийн эсрэг урвуулан ашигладаг аливаа үйлдлийн эсрэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүй ёсны дуу хоолой, үзэл бодол, мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, цаашлаад сэтгүүлч, нийтлэгчдийн амь насыг хамгаалахын төлөө шаардлагатай бол тэмцлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.27.101) 2022 оны 01 сарын 26

Отгонбаяр их л эвлэрч дээ. Эхнэрээ солиод, хүн заналхийлээд мөнгө нь хатгаад байгаа юм байхдаа.

0  |  0
Зочин(103.229.123.26) 2022 оны 01 сарын 26

Энэ нөгөө авилгын мөнгөтэй сейф нь хог дээрээс олддог авилгачийн төрсөн ах байх аа.

0  |  0
зочин(202.179.27.252) 2022 оны 01 сарын 26

Муухай хар уруултай хятад царайтай Отгонбаярт монголын төр өргүй. Одоо болно Отгонбаяр аа

1  |  0
Zochin(139.5.218.240) 2022 оны 01 сарын 26

Zeelee tuluguugui huntei bayn hemeen anduurch suuxhaad medenguutee salah geed bgaamuu, oilgosongui ee

0  |  0
зочин(192.82.76.103) 2022 оны 01 сарын 26

оройтсон. ам алдвал барьж болдоггүй.

1  |  0
Top