Сэтгүүлчдийг тагнасан асуудлаар хуулийн байгууллагад хандлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлын талаар МСНЭ болон хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг "Монголын өдөр тутмын сонины холбоо"," Монголын телевизүүдийн холбоо", "Монголын сайтын холбоо", Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо зэрэг ТББ-ууд хамтран өнөөдөр /2019.11.01/ мэдээлэл хийлээ. 

Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан хэрэгт Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын нэр бүхий ажилтнуудыг яллагдагчаар татан шалгах саналыг Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн талаар 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн байдаг.

МСНЭ-ээс тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Нийслэлийн прокурорын газарт хандан мэдээлэл, лавлагаа хүссэн боловч хариу ирүүлэлгүй өнөөдрийг хүрсэн учраас дахин эл асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хандахаар болжээ. 



СЭТГҮҮЛЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦААНА ИРГЭДИЙН ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХ, ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙХ,ТҮҮНИЙГЭЭ БАРИМТЛАХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЗЭРЭГ ЭНЭ НИЙГМИЙН ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ ХАДГАЛАГДАЖ БАЙДАГ
 

МСНЭ-ИЙН ХУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ З.БОРГИЛМАА 

-Гурав хоногийн өмнө Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ёс зүйн форум болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа асуудал нууцын зэрэгтэй шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгч, сэтгүүлчид болон энэ салбарын төрийн бус байгууллагууд үүнд анхаарлаа хандуулаач ээ гэсэн сануулга өгсөн. Энэ гэхдээ хоёр, гурав хоногийн өмнө гэнэт сонсож мэдсэн зүйл биш юм. 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийх үеэрээ ЦЕГ-ын ажилтнууд сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан асуудлыг шалгаж, нэр бүхий ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэх саналыг ТЕГ-аас нийслэлийн Прокурорын газарт ирүүлсэн гэсэн мэдээлэл өгсөн байдаг. Яг тэр өдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд МСНЭ-ээс энэхүү мэдээлэлтэй холбогдуулж "Нэмэлт мэдээлэл өгнө үү" гэж нийслэлийн Прокурорын газарт болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичиг өгч байсан. Үүнээс хойш албан бичигт хариу ирээгүй. Нууцаар шалгагдаж байгаа асуудалд албан эх сурвалж мэдээлэл өгөхгүй байсаар байгаад хоёр хоногийн өмнө Хууль зүйн байнгын хорооны дарга хөндөж тавьсан учраас энэ асуудал дээр анхаарал хандуулахаас өөр аргагүй юм.

Сэтгүүлчдийг шалгаж байгаа асуудал биш сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа асуудал гэж ойлгож байгаа. Энэ мэдээллийг тодруулъя гэдэг албан бичгийн МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтраад дахин Хууль зүй, дотоод хэргийн яам болон ЦЕГ, ТЕГ-т хаяглан явууллаа.

Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар ямар нэгэн хариу ирсэнгүй. Мөн энэ асуудлыг хөндсөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодруулахыг зорьсон боловч хариу өгсөнгүй.

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны цаана иргэдийн үнэнийг мэдэх эрх, үзэл бодолтой байх, түүнийгээ баримтлах, хэвлэн нийтлэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан энэ нийгмийн хамгийн үнэт зүйл хадгалагдаж байдаг.

Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаатай болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь төрийн хүчний байгууллага халдаж, хууль бусаар тагнаж чагнасан зүйл байгаа бол энэ нь маш ноцтой үйлдэл. Энэ асуудлыг хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүд удаа дараа ярьж байгаа учир энэ талаарх мэдээллийг улсын нууцын зэрэглэлд хамаатай байлаа ч гэсэн боломжит хэмжээнд нь бидэнд мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Олон улсын гэрээ гэдэг бол Монгол Улсын хуультай адил хүчин төгөлдөр мөрдөгддөг. Иргэний болон улс төрийн олон улсын эрхийн факт гэж байдаг. Энэ фактаар сэтгүүлчийг үйл ажиллагааг хамгаалсан заалт, зохицуулалт олон улсад үйлчилдэг. 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дээр Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилт ямар байгаа тайланг хэлэлцэн зөвлөмж өгсөн байдаг. Энэхүү зөвлөмжийн мөрөөр Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард тогтоолын хавсралтаар төлөвлөгөө батлан үүрэг амлалт авсан байдаг. Энэ үүрэг амлалтын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чиглэлийн дотор “Сэтгүүлч төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын ажилтныг сурвалжилсан шүүмжилсний улмаас мөрдөн байцаалтад орох, дарамт шахалтад орохоос хамгаалах орчныг бүрдүүлнэ” гэсэн байдаг. Засгийн газар өөрөө хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах эрхтэй. Энэ хүрээндээ сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалсан хууль эрхзүйн орчны зохицуулалт ямар түвшинд байна, байгаа түвшнийхээ хэмжээнд мөрдөж ажиллаж байна уу гэдгээ Олон улсын өмнө өгсөн үүрэг амлалт маань ямар байдалд байна вэ гэдэгтээ үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон байна. Сэтгүүлчдийг нууцаар тагнаж, чагнасан хэрэг байгаа, хуулийн ажилтнуудыг шалгаж байгаа гэх асуудалд анхаарал хандуулж, бидэнд мэдээлэл өгөөч ээ гэж хүсэж байна.



"СЭТГҮҮЛЧ БИД ЗӨВХӨН ӨӨРСДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЭГҮЙ"
 

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЦООЖЧУЛУУНЦЭЦЭГ

-Монгол Улс ардчилсан улс. Ардчиллын хамгийн гол бэлэг тэмдэг бол хэвлэлийн эрх чөлөө. Хүнд мэдээлэл олж авах, дамжуулах эрх чөлөө байгаа гэж тунхаглаж зарласаар өнөөдрийг хүртэл явж ирсэн. Гэтэл мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчдийг тагнаж, чагнадаг болсон талаар бид сонсох боллоо. Энэ талаар мэдээлэл хүсэхээр мэргэжлийн байгууллагууд нь ямар ч мэдээлэл гаргадаггүй. Нүдэн балай чихэн дүлий байдалтай байдаг нь энэ асуудал хурцаар тавигдах болсныг илэрхийлж байна.

Бид өнөөдөр сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнадаг асуудлаар зөвхөн хэвлэлийн бага хурал хийгээд зогсож болохгүй. Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Олон улсын хэмжээний түвшинд гаргаж, танилцуулах цаг болсон гэж үзэж байгаа.

Сэтгүүлч та бүхнийг үг хэлэх, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

2018 оны дөрөвдүгээр сард есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан гэсэн мэдээллийг Прокурорын зүгээс өгч байсан. Гэтэл УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга нь өөрөө өнөөдөр долоон сэтгүүлчийг тагнаж, чагнасан гээд зарлачихлаа.

Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах, хэвлэн нийтлэх, хэвлэлийн эрх чөлөө нь хаана байна вэ. Яагаад энэ асуудлын талаар мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Хэвлэлийн эрх чөлөөний талаар олон жил ярьж байж бид сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар байцаан шийтгэдэг байсныг хасуулсан. Өнөөдөр энэ заалт дахин хуулинд орох гээд явж байна. Зөрчлийн тухай хуулиар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг торгож байна. Дээр нь нэмээд тагнуул, цагдаагийн байгууллага хууль бусаар сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байна. Үүнийгээ гүйцэтгэх ажил явуулж байна гэж ярьдаг. Яагаад мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчдэд гүйцэтгэх ажил хийгээд байгаа юм бэ. Энэ асуудал дээрээ яагаад тайлбар өгөхгүй байгаа юм бэ.

Сэтгүүлчид бид зөвхөн өөрсдийгөө хамгаалж, өөрсдийн эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа юм биш. Үүний цаана иргэдийн мэдэх эрх зөрчигдөж байна. 


ВИДЕО ҮЗЭХ 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top