Хэвлэл мэдээллийн салбар Монгол, Оросын хамтын ажиллагааны ГҮҮР БОЛНО

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран Монгол-Оросын хэвлэл мэдээллийн хоёр дахь удаагийн форумыг Улаанбаатар хотноо танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Форумын нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Искандер Кубарович Азизов, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар зэрэг төр, засгийн төлөөлөгчид оролцлоо. Хоёр орны хэвлэл мэдээллийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн спорт, эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Парламент, олон нийтийн мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц нар уншиж танилцуулсан юм.

Дараа нь МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатар нар стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай Монгол, Орос хөрш орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хэвлэл мэдээлэл ямар үүрэг, оролцоотой байх, ямар боломж, ирээдүй харагдаж байгаа талаар илтгэл тавьж, оролцогчдын дунд энэ талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнөлөө.

ОХУ-аас Олон улсын сэтгүүлчдийн холбооны Дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга Шафир Тимур “Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан бол Буриад улсын тэргүүний дэргэдэх Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга Мешкова Анжелика Викторовна “ОХУ, Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Энэ удаагийн форумд ОХУ-ын нэр бүхий 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, удирдлагууд ирж оролцож байгаа нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болж байна.

Өнгөрсөн жил анхдугаар форумыг цар тахлын хорио цээрийн дэглэмийн улмаас цахимаар зохион байгуулж, энэ үеэр Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонин, ОХУ-ын Горный Алтай мужийн сонин мэдээ мэдээлэл солилцох хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

Мөн энэ өдрүүдэд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг хоёр орны Төрийн тэргүүн 2019 онд байгуулсан ба энэ нь хамтын ажиллагааны маш том орон зай бүхий боломжийг нээж өгсөн юм. Энэхүү орон зайг бодитой харилцаа, хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт, агуулга, амжилтаар дүүргэх нь чухал. Хэвлэл мэдээллийн салбар үүнд гүүр болох үүрэгтэйг хоёр орны сэтгүүлчид уулзалтын үеэр хэлж байлаа.

З.Боргилмаа: Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны амжилт ололтыг мэдээлж байх нь чухал ​​

Илтгэлүүдэд хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулахад ямар бодит алхмууд байж болохыг хөндсөн юм. Тухайлбал, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаагийн дэвшүүлсэн саналуудад:

 

  • Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаан дахь амжилттай, эерэг үйл явдал, амжилт ололтыг сайтар мэдээлж, сурталчилж байх
  • Монгол, Орос хэлээр мэдээ, мэдээлэл шуурхай гаргадаг хамтарсан вэбсайт, сошиал хуудас ажиллуулах
  • Хоёр орны ганц нэг улстөрчид, иргэд хоорондын зарим нэг үл ойлголцол, хэт туйлширсан үзэл бодлыг засаж залруулахуйц үндэслэлтэй баримт, гаргалгаа, залруулга гаргаж тавьж байх зэрэг асуудал хөндөгдлөө.

 

Б.Наранбаатар: Хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа дипломат харилцаанаас өмнө эхэлсэн

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатар “Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа: боломж ба ирээдүй” сэдвээр тавьсан илтгэлдээ “Энэ онд Монгол-Оросын орчин цагийн дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй зэрэгцэн хоёр орны олон талт харилцааны хэд хэдэн салбарт тэгш ой тохиож буй. Гэвч хоёр орны улс төр, нийгэм-соёлын харилцаа, хамтын түүх олон зуу, мянган жилээр хэмжигдэх билээ. Манай улсууд түүхэн урт хугацаанд зэрэгцэн оршиж, харилцан бие биедээ нөлөөлж, бие биеэ дэмжиж, хамгаалж, хөгжилд нь түлхэц болж ирсэн.

Гагцхүү түүхэн үнэн бол Монгол, Орос орон харилцан хүндлэл, хүлээн зөвшөөрөл дээр оршин байх мөнхийн хөршүүд юм. Харилцан хамааралтай, ойр дотно, түүхэн хөршүүд мөн боловч бидэнд ялгаатай зүйлс олон бий. Үндэстний бүтэц, хүн ам зүй, үзэл санаа буюу менталитет, улс төрийн нөхцөл, эдийн засгийн чадамж, үндэсний ёс уламжлал гээд ялгаатайг тоочвол урт жагсаалт үүснэ” гэлээ.

Доктор, дэд профессор Б.Наранбаатар “Хоёр орон харилцан ялгаатай гэдгээ ухамсарлан, биенийхээ байр суурь, үзэл санааг хүндэтгэн олон талт харилцааны эш үндэс болгож явах нь бидний үүрэг” гэв. Харин хэвлэл мэдээллийн салбар дахь манай хоёр орны хамтын ажиллагаа албан ёсны дипломат харилцааны түүхээс ч өмнөх зүйл аж. Тухайлбал, монгол хэл дээрх анхны сонин “Дорнод хязгаарын амьдрал” нь 1895 онд Читад гарч байжээ. Монголын анхны үндэсний сонин “Шинэ толь бичиг” нь 1913 онд Улаанбаатарт, Монцамэ мэдээллийн агентлагийн МонТА студи 1921 онд, Радио, телевизийн анхны байгууллагууд 1934, 1967 онд байгуулагдаж, анхны мэргэжлийн сэтгүүлчид 1950-иад оноос ЗХУ-д суралцаж, өөрөөр хэлбэл, Монголд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем бүрэлдэн тогтоход Оросын ард түмний оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэжээ.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатар хэд хэдэн санал дэвшүүллээ:

 

  • Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг дэмжих, өргөжүүлэх, байнгын статус, бүтэцтэй болох, бодит үйл ажиллагаа, төсөл, хамтын эрх ашиг бий болгох
  • Их, дээд сургуулиудын сургалт, судалгааны хамтын ажиллагааг дэмжих /хамтарсан сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны солилцоо хамтын ажиллагаа/
  • Онлайн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх
  • Мэдээллийн эх сурвалжийн хамтарсан сүлжээ бий болгох, идэвхтэй мэдээллийн орон зай, урсгал бий болгох
  • Хоёр орны хамтын ажиллагааны гол сэдэв чиглэлүүдэд мэргэших, төвлөрөх гэсэн саналуудыг хэлсэн юм.

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өмнө нь ОХУ-ын сэтгүүлчдийн холбоотой хамтран хоёр орны хэвлэл мэдээллийн чуулга уулзалтыг 1988 онд Хөвсгөл далайд, 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top