Хүйтэн өвлөөр ч загварлаг харагдах дүрэм

2019 оны 11 сарын 08

~Неон өнгөөр дулаац, хиймэл үслэгт дурла, өдөн эдлэлд уус~

Намрын сүүлийн өдрүүд үргэлжилж байгаа энэ цагт хэн бүхэн өвлийн бэлтгэлээ базаахаар зэхэж байгаа биз ээ. Харин ямар стиль сонгож, хэрхэн хувцаслахаа мэдэхгүй байгаа бол дэлхийн алдарт загвар зохион бүтээгчид энэ жилийн загварын чиг хандлагыг хэрхэн тодорхойлсныг сонирхуулъя.

Энэ жил тэд тун ч эсрэг тэсрэг байр суурьтай байна. Зарим нь Францын тансаг язгууртнуудыг санагдуулам загварыг илүүд үзсэн бол зарим нь илүү их эрх чөлөө , панк байдлыг эрэлхийлжээ.

Загварын ертөнцийн дүрмээр хуучирсан хээнүүд дахин гарч ирж өөрсдийн байр суурийг бататгаж байна. Мөн амьтны үснээс татгалзах хүмүүсийн тоо улам бүр ихсэн хиймэл үслэг эдлэлийн шинэ загварууд хүч түрэн гарч ирсээр байна. Эдгээр загварууд эрчүүдэд ч мөн хамаатай.

 

 

Хөрөнгөтөн хэв шинж

1970-1980 оны үед хит болж байсан хөрөнгөтний хэв шинжийг санагдуулам өвдөг давсан урттай банзал, богино өмд, шулуун загварын өмд зэрэг нь энэ өвлийн тань нэг гангараа байх нь ээ.

 

 

Эрх чөлөөг эрэлхийл

Яг л мотоциклчныг санагдуулам савхин хүрэм, төмөр тоног, үдээс, цахилгаан бүхий урт түрийтүүд энэ жилийн трэнд. Таны хувцас бүхэлдээ ийм байх албагүй. Харин эдгээрээс нэгийг сонгож хувцасныхаа детальд шингээгээрэй.

 

 

“Галууны хөл” эргэн ирлээ

1980-аад онд хит болж байсан галууны хөл хэмээх хээ эргэн иржээ. Бүхэлдээ энэ хээгээр дагнасан хувцсыг толгойн оройгоос хөлийн ул хүртлээ өмсөж болно.

 

 

Зөвхөн "СУПЕР БААТРУУД" нөмрөг нөмөрдөггүй

Дэлгэцийн баатрууд л зөвхөн нөмрөгтэй байдаг гэж бодож байвал энэ эндүүрэл. Загварын чиг хандлагыг тодорхойлогчид танд супер баатруудыг санагдуулам нөмрөг санал болгож байна. Шагай хүрсэн урт, хүрэн өнгө давамгайлсан нөмрөг байхад л та тэднээс дутахгүй эрч хүчтэйн дээр загварлаг нэгэн болох нь ээ.

 

 

Нэхий дээлээр гангар

Энэ жилийн хувьд нэхий эдлэл хүрэмнээс илүү эрэлттэй байх нь ээ. Байгальд ээлтэй материал бүхий эдгээр загварууд тийм ч амар зайгаа тавьж өгөхгүй гэнэ.

 

 

Неон өнгөөр дулаац

Өвлийн улиралд заавал бараан өнгийн хувцас өмсөх ёстой гэх ойлголт хэдийнэ ард хоцорчээ. Энэ жил алдарт загвар зохион бүтээгчид неон өнгийг түлхүү сонгон хэрэглэж байгаа нь өвлийн улиралд ч мөн хамааралтай.  Та энэ өнгийн куртка болон хиймэл үслэг эдлэл, малгай, ороолтоор өөрийгөө болон бусдыг дулаацуулаарай.

 

 

Өдөн эдлэлээр гангар

Намрын турш хит болсон өдөн эдлэл өвлийн турш ч мөн байр сууриа хэвээр хадгалах нь. Өнгө өнгийн өд бүхий цамц, гадуур хувцас, ороолт, малгай гээд энэ төрөлд сонголт арвин.

 

 

Хиймэл ч гэсэн үслэг

Дэлхий даяар амьтны үснээс татгалзаж, эко үслэг эдлэлийг таашааж эхлээд байгаа. Энэ өвөл мэдээж эко үслэг эдлэлийн улирал. Төрөл бүрийн өнгө, загвараар хүрээгээ тэлсээр байгаа эко үслэгт дурлахад алдах зүйл нэгээхэн ч үгүй.

 

 

Том мөр, урт ханцуй...

Загварын чиг хандлагыг тодорхойлогчид энэ жил том хэмжээний мөр, урт ханцуй, том халаасыг танд санал болгож байна. Аавынхаа хүрмийг өмсөөд гарсан ч санаа зовох зүйл үгүй. Том байх тусмаа загварлаг.

 

 

Хувин хэлбэрийн малгай трэнд болж байна

Энэ жилийн хувьд малгайны хувьд сонголт өргөн байна. Тэр дундаа хувин хэлбэрийн малгайг загвар зохион бүтээгчид зөвлөж байгаа бөгөөд олон төрлийн өнгө, материалын сонголт дундаас өөрийн хувцсандаа тохируулан сонгоорой.

 

 

Том бас жижиг...

Хавар, зун, намрын турш трэнд байсан маш жижиг гэж хэлж болохуйц цүнхнүүд энэ өвөл трэнд хэвээр байна. Үүний зэрэгцээ маш том хэмжээний цүнхнүүд ч мөн трэнд болох төлөвтэй байгаа бөгөөд та сонголтоо хүссэнээрээ хийх боломжтой болж байна.

 

 

Доктор Мартенсээс дөрвөлжин хоншоор хүртэл...

Хүн бүрийн өмсөх дуртай Dr.Martens гутал энэ өвөл трэнд хэвээр байх нь ээ. Харин энэ төрлийн гутал танд таалагддаггүй бол дөрвөлжин хоншоор бүхий гутал сонгон өмсөж, загварлаг нэгэн гэдгээ нотлох боломжтой.

 

 

Аль болох тод өнгө сонго

Өнгөний хувьд энэ жил тод өнгөөр тоглохыг санал болгож байна. Лаванда цэцгийн санагдуулам зөөлөн ягаан өнгө, ассан улбар, номин ногоон, тод ягаан болон цагаан өнгөнүүд энэ жил зонхилох төлөвтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top