Денге чичрэг өвчин бэлгийн замаар халдварласан тохиолдол гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Испанийн Мадрид хотноо денге чичрэг өвчин бэлгийн замаар халдварласан тохиолдол бүртгэгджээ.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, денге чичрэг өвчний нян тээгч нь Aedes albopictus зүйлийн “бар” гэгдэх шумуул байдаг. Үүнээс өмнө денге чичрэг өвчин бэлгийн замаар халдварласан цорын ганц тохиолдол албан ёсоор Өмнөд Солонгост бүртгэгдсэн байдаг аж.

Эмч нарын хэлснээр, Мадридын оршин суугч денге чичрэг өвчний нянгаар халдварлах эрсдэл өндөр бүс нутаг болох Куб, Доминикан улсад аялж ирсэн хамтрагчаасаа халдварласан гэнэ. Өвчтөнөөс илэрсэн нянг шинжлэхэд Кубад тархаж буй денге чичрэг өвчний нянтай ижил байжээ.

Денге нян тээгч шумуул Испанийн Газар дундын тэнгисийн зарим бүс нутагт мөн тааралддаг байна. Толгой хүчтэй өвдөх, өндөр халуурах, дотуур цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг денге чичрэг өвчнөөр дахин өвдөх эрсдэл өндөр байдаг тул маш аюултайд тооцогддог байна. Энэ өвчнийг үүсгэгч дөрвөн төрлийн нян байдаг бөгөөд өвчтөнд тухайн төрлийн нянгийн дархлаа суудаг байдаг. Дахин халдварласан тохиолдолд өвчний явц маш хүнд явдаг тул үхэлд хүргэх аюултай гэнэ. Денге чичрэг өвчнөөр гол төлөв хүүхдүүд, дунд болон ахмад настнууд өвддөг хэдий ч нас баралтын түвшин 20-40 насныхны дунд өндөр байдаг байна.

Тус нянгийн эсрэг эм, бэлдмэл байдаггүй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top