Хятадын засаг захиргаа Хонконгийн цагдаагийн даргыг сольжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Хятадын засаг захиргаа Хонконгийн цагдаагийн даргыг сольжээ. “Хятадын Төрийн зөвлөл мягмар гарагт Дэн Бинзяныг Лу Вэйцуны оронд БНХАУ-ын тусгай засаг захиргааны бүс Хонконгийн цагдаагийн газрын комиссараар томиллоо” гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Энэхүү шийдвэрийг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тухай БНХАУ-ын суурь хуульд нийцүүлэн гаргасан бөгөөд Хонконгийн захирагч Кэрри Ламын саналыг үндэслэн гаргасан гэж тэмдэглэжээ.

Хонконгт хэдэн сарын турш эсэргүүцлийн ажиллагаа болж байгаа билээ. Эхэндээ хүмүүс ялтан шилжүүлж өгөх тухай хуульд оруулсан өөрчлөлттэй санал нийлэхгүй байгаагаа гудамжинд гарч илэрхийлж байсан ч эрх баригчид хуульд оруулсан өөрчлөлтөөс татгалзах шийдвэр гаргасны дараа эсэргүүцэгчид хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.

Хятадын дарга Си Жиньпин Хонконгийн засаг захиргаанд хандан хотын эмх замбараагүй байдлыг дарж, эмх цэгцийг сэргээхийг уриалжээ. Хонконгийн удирдлагууд үймээн самуунтай холбоотойгоор аюулгүй байдлын үүднээс хотын бүх сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргаад байна.

Хонконгт эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа юм. Цагдаа нар өчигдөр /2019.11.18/ 400 гаруй жагсагч оюутныг баривчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top