Хугацаа улирч, он хуучрах цаг иржээ. Хугацаа улирч болох ч хүмүүн бидний сэтгэлээс хэзээ ч улирч хуучрахгүй тийм эрхэм хүмүүс байх аж. Цагийн жам, хагацлын үнэн болохыг тэд мэдрүүлээд буцсан ч тэдний зассан зам, алхсан жим нь хуучраагүй байна. Цаашид ч хуучрахгүй биз.
Zindaa.mn цахим хуудас хүмүүний орчлонд гэрэлтсэн гавьяатнуудаа хүндэтгэн, дурсаж байна.
Тэрбээр амьдарсан шиг амьдарч, бүтээсэн шиг бүтээж туурвисан өөрийн цагийнхаа сүүлийн хүн байв. Хөдөлмөрийн баатар болсон өдрөө Монгол түмэнд “Миний насыг наслаарай” гэж ерөөсөн энэ буурал 20 хүрэхгүй хоногийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр тэнгэртээ дэвшсэн.
Эх болсон байгалиа хамгаалж, дэлхий ертөнцөө энэрэн тэтгэж, амьтад гэдэг хүмүүн бидэнтэй л адил бодгаль гэдгийг зохиол бүтээлээрээ ухааруулж байсан юм.
Монголын тайзны урлагийн сор болсон “Цогийн идэр нас” жүжиг, кино урлагийн сод туурвилын нэг “Мандухай цэцэн хатан” киноны зохиолыг хамтран бичсэнээр нь үеийн, үед түүнийг дурсана.
“Өөрийнхөө үедээ би л дуулж байсан” гэж ам бардам хэлсэн, XX зууны Монголын сонгодог урлагийн сод төлөөлөл байв. Ам бардам хэлсэн энэ эрхэм хүмүүн энэ оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Пуччини, Вагнерийн өмнө дуулахаар тэртээх цагийн алс руу нисэн одсон билээ. Тэрбээр насан эцэслэх хүртлээ Монгол Улсын Консерваторын Дуулаачийн тэнхимийн зөвлөх профессороор ажиллаж хойч үедээ сургаалиа хайрлаж байсан юм.
Пуччини, Верди, Чайковский, Вагнерийн хөг аязыг талын малчин Монголын чихэнд чухамдаа энэ эрхэм хүмүүн л сонсгож, зүрхэнд нь “наасан” нь түүхэн үнэн. Тийм дээ ч тэр өөрийн цаг үедээ надаас өөр хүн байгаагүй гэж ам бардам байсан биз.
Хошин өргөөний эзэн, явган шогийн их мастер Д.Цэрэнжамц хошин өргөөгөө эзэнгүй үлдээгээд үг хүрэхгүй алс руу хүлгийн жолоо заллаа.
Тоншуул сониноос гараагаа эхэлсэн түүний зам мөр хошин урлагийн салбарт тодоор зурайх харгуй татаж, “Учиртай инээд, “Инээдмийн товчоо” цуврал ботийг хэвлүүлж байв. Орчин цагийн бидний сайн мэдэх, одоогийн “стенд ап”-чидын анхдагч болох “Супер онигоо” наадмыг санаачилсан гэдгээр нь хожим хойчийн бид үүрд санаж явах учиртай.
“Үхэл бол миний ижийдээ очих томилолт” гэж шүлгийн дэвтэртээ тэрлэж асан, билэг танхай найрагч энэ онд ижийдээ очихоор мордлоо. Билгийн улирлын шинийн нэгний өглөө энэхэн заяагаа элээж дээш дэвшсэн их найрагчийн үлдээсэн өв дэндүү их байж. Үүнийг тэнгэрт дэвшсэнийх нь дараа монгол даяар мэдэрсэн биз ээ.
Тэрбээр урлаг, соёлын нандин өвөө үр хойчдоо үлдээгээд зогсохгүй төр түшилцэж байсан нэгэн. Билэг танхай авьяас, уран яруу гэх хэвшмэл ойлголтоос хэдий нь хальж гарсан түүний өвөөр монголчууд бид хүндэтгэн дээдлэх учиртай.
Халхын Зая Бандида гэгээнтний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд хаврын тэргүүн сарын шинэд дээр жанч халав.
Халхын Зая бандида гэгээнтний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд хутагт 1971 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрөл таалсан юм. Тэрбээр 1999 онд Халхын Зая гэгээнтний хойд дүрээр тодорч, хутагтын ширээнээ залагдсан билээ.
Тэр цагаас хойш Төвдийн томоохон хийдэд шавилан ном суралцаж, улмаар 2003 оноос хойш Монгол орны өнцөг булан бүрт заларч, байгаль дэлхийгээ хамгаалах, лус савдгийг аргадан тахихаас гадна шашны соёлыг залуу үед таниулах, лам хуваргуудыг Энэтхэгт сургах үйлсийг хийж, бурхан номын үйлст лагшин шүтээнээ хураасан юм.
Монгол бүжгийн хамгийн нандин төрөл болсон бий биелгээний хатан ижий Д.Нанжид тэнгэрт дэвшиж, бий биелгээ эзгүй болов. Ухамсарт амьдралынхаа 70 жилийг ардын бүжгийн урлагийг судлан таньж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд зориулсан юм. Тиймдээ ч Монгол бий биелгээг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах өвд бүртгүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их билээ.
Ардын бүжгийн урлагт 40 гаруйд нь гоцолж, 280 гаруй бүжгийг дэглэн найруулж өнөө цагт авчирсан юм. Түүний өвлүүлсэн бүжгийн урлагийн охь сайхныг хойч үедээ үлдээх нь бидний үүрэг билээ.
Монголын дугуйн спортын ноён оргил нь чухамдаа тэр байлаа. Байлаа ч гэж угаасаа тэр байх болно. Дугуйн спортоор дэлхийн тавцангаас мөнгө, хүрэл медаль хүртсэн дугуйч одоохондоо алга. Шинэ нийгэмд шилжээд удаагүй байсан монголчуудад 1997 онд Дугуйн дэлхийн аваргын анхны хүрэл медалийг авчирч байсан бол яг таван жилийн дараа медалийн өнгөө хувиргаж мөнгөн медаль авчирсан юм.
Дугуйн спортын салхи зүсэн урд нь алхаж явсан тэрээр 2019 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр бэлтгэлийнхээ үеэр осолдож тэнгэрт дэвшсэн билээ.
“Шунхлай” группийг үндэслэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү бидний дундаас харван одсон нь олон хүнийг цочирдуулсан хэрэг байлаа. Магадгүй ийм гэнэтийн явдал сүүлийн жилүүдэд болж байгаагүй биз.
Жирийн засварчнаас төр, нийгмийн зүтгэлтэн болсон түүний намтар арвин их. Түүнчлэн үндэсний морин спортыг өнөө цагт авч үлдээхэд түүний оруулсан хувь нэмэр үгээр хэлж, үзгээр бичишгүй билээ.
Монголын геологийн салбарын нэгэн сод хүмүүн өнөө жил биднийг орхин одлоо. О.Төмөртогоо. Ухамсарт амьдралынхаа 55 жилийг энэ л салбарт зориулсан тэрбээр Монголорны геологи, тектоник, геодинамик, геологийн зураг зүйн чиглэлээр олон арван бүтээл туурвижээ.
Түүний хамгийн том хувь нэмэр гэвэл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн геологи, тектоникийн 1:1000000-ын болон 1:500000, 1:200000-ын масштаб бүхий зургуудыг зохиох, редакторлох ажлыг амжилттай зохион байгуулсан юм.
Тэрбээр ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Японы шинжлэх ухааны академитай хамтран ажиллаж, Монголын геологийн шинжлэх ухааны салбарыг олон улсад сурталчлан таниулсан билээ.
Монгол Улсын хууль тогтоох байгууллагад 2000 оноос хойш сууж, төр түшилцсэн эмэгтэй улстөрчдийн төлөөлөл Д.Арвин энэ оны зургаадугаар сарын 04-ний өдөр амьсгал хураасан юм.
Монгол төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, төрийн бодлого боловсруулах, хууль эрх зүйн олон шинэчлэлд хувь нэмрээ оруулахад манлайлан ажилласан нэгэн билээ.
Халх голын тулааныг нүдээр үзсэн амьд гэрч, их маршал Х.Чойбалсантай нэгэн цагт ажиллаж байсан улстөрчдийнхөө сүүлийн төлөөлөл болсон их хүмүүн П.Шагдарсүрэн цаг хугацааны алс руу харван одсон юм. П.Шагдарсүрэн 1939 оны Халх голд өрнөсөн Японы милитаристуудын эсрэг эх орноо хамгаалах дайн, 1945 оны эх орны чөлөөлөх дайнд тус тус оролцож, онцгой гавьяа байгуулсан ахмад дайчин байсан билээ.
Тэрбээр Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд, түүний дотор хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд дээр дурдсан Ази, Европын орнуудад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа хоёр орны харилцааг бүхий л чиглэлээр урагшлуулах, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн нэрт дипломатч
Монголын хөгжмийн урлагийн нэгэн тод аялгуу алсарч, сэрсэн тал түүний чимээгээр дутав. Хөгжмийн долоон ноотны сод эзэн тэрбээр долоодугаар сарын 15-нд “Гэгээн алс руугаа одсон билээ.
Эгэл даруухан энэ авьяастны чимээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр ч, Нобелийн шагнал гардуулах ёслол дээр ч дэлхийн чихнээ сонсогдсон. Цаашид түүний аялгуу Монголын үе, үеийн иргэнийг төлөвшүүлэхэд түүхэн үүргээ гүйцэтгэсээр байх болно.
Монголын сагсан бөмбөгийн спортын залуу авьяастан, гэнэт тодорсон шигээ тэнгэрт харван одсон нь сагсан бөмбөгт хайртай олон мянган залуусын сэтгэлийг зүссэн.
Тэнгэрт харван одохоосоо өмнөхөн Оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан юм. Ердөө 19-хөн насандаа дээд лигийн тэмцээнд түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа.
Орчин цагийн соёл урлагийн нэрт судлаач, соён гэгээрүүлэгч, орчуулагч С.Баясгалан энэ жил таалал болов. Соёл урлаг, орчуулгын их өв санд түүний эзэлсэн орон зай даан ч их билээ.
С.Баясгалан сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын чиглэлээр олон арван нийтлэл, сурах бичиг, уран сайхын болон баримтат киноны зохиол, жүжгийн зохиол бичиж олны хүртээл болгосон авьяаслаг уран бүтээлч, эрдэмтэн юм. Тэрбээр орчин цагийн орчуулгын томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд Оросын нэрт зохиолчдын хэдэн арван бүтээлийг орчуулан олны хүртээл болгосон ер бусын орчуулагч байлаа.
“Гурван бүдүүн” хамтлагийн ахлагч, дуучин А.Мөнгөншагай энэ намрын дунд сард буюу есдүгээр сарын 07-нд зуурдаар таалал төгсөж дуунд дуртай олны сэтгэлийг эмзэглүүлсээр одсон юм.
“Ижийгээ гомдоох учиргүй”, “Холын чи минь”, “30 хүрсэн бүсгүй” дуугаараа олны хүндэтгэлийг хүлээсэн билээ. Тэрбээр зөвхөн дууны урлагт авьяасаа сориод зогсохгүй дууны шашин соёлыг хөгжүүлэх, шашин судлалаар мэргэшсэн хосгүй авьяастан байлаа.
Сэтгэгдэл ( 5 )
Зарим хүний гавьяа цолыг бичээгүй байна шүү
Ум ма ни бад ми хум. Ум сайн амгалан болтугай.
Тулгатны 100 эрхэмээр орсон улс байна,
Um ma ni bad me hum
Ум ма ни бад МЭ хум.