ЧУУЛГАН: Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг СЕХ-ны гишүүнээс чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.08/-ийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор зохицуулсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив. Тодруулбал, Б.Билэгтийг СЕХ-ны гишүүнээс чөлөөлөх тухай санал хураалтад 42 гишүүн оролцож, 26 гишүүний буюу 61.9 хувийн саналаар дэмжсэн юм. Мөн УИХ-ын гишүүдийн 61.9 хувийн саналаар Д.Эрдэнэчулуун, Н.Дагвыг СЕХ-ны гишүүнээс чөлөөлсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top