СОНГОХ ӨДӨР | Санал өгөхдөө та юу мэдэж байх ёстой вэ?

2021 оны 06 сарын 08

ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХ ЧӨЛӨӨ

Ард түмэн засгийн эрхээ барих, түүнийгээ төлөөлөх байгууллагаараа уламжлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаас урган гардаг ойлголт бол сонгууль юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Сонгуульд оролцож, саналаа өгнө гэдэг нь төрийн эрх барих эрх, эрх чөлөөгөө эдэлж буй хэрэг. Монгол Улсын иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төлөөллийн байгууллагыг өөрсдөө бүрдүүлж байгаа үндсэн арга нь сонгууль. Бидний өдөр тутмын амьдрал эдгээр сонгуулиар бий болдог төр засгийн байгууллагууд болон тэдний гаргадаг бодлого, шийдвэрээс ямагт хамааралтай байдаг. сонгуульд оролцоно гэдэг нь бид бүхэн өөрсдийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах гол алхам бөгөөд өөрсдөдөө ээлтэй ирээдүйг бий болгож, хүсч байгаа сайхан амьдралаа бүтээхийн тулд сонгогч идэвх, оролцоогоо нэмэгдүүлэхээс эхэлнэ. өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож, саналаа өгөхгүй бол таны хүсэл зориг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олж чадахгүй юм.          

Тиймээс сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг судалж, харьцуулж, сонгуулийн үйл явцад идэвхтэй оролцож, саналаа өгөх нь бид өөрсдийнхөө төлөө хийж байгаа хамгийн хариуцлагатай алхмын нэг болно. сонгуулийн эрх бүхий иргэн бүр төрийн үйл хэрэгт оролцох эрхээ эдэлж, сонгуульд идэвхтэй хандаж, саналаа өгч, хувь нэмрээ өгөх чухал ач холбогдолтой үе ирээд байна. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 8 дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэл зохион байгуулалтын ажлыг хангаж ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-ний Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад амьдарч, ажиллаж буй монгол иргэд саналаа өгөх эрхтэй байдаг бөгөөд 2021 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дэлхийн 30 улсаас 7394 хүн саналаа өгөхөөр бүртгүүлж, сонгуульд оролцов.

СОНГУУЛЬД ХЭРХЭН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛТЭЙ ОРОЛЦОХ ВЭ?

Сонгуулийн тухай хууль тогтоомжоор сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байдаг.

Сонгогчид мөрийн хөтөлбөрийг нь судалж үзэж байж сонголтоо хийдэг. Өөрөөр хэлбэл, ямар асуудал дэвшүүлэв, түүнийг хэрхэн сайжруулна гэж амлав, тэр нь үнэхээр хэрэгжих боломжтой, бодит байдалд нийцэж байна уу гэдгийг судлах хэрэгтэй.

Сонгогч дараах хууль бус сурталчилгааг ялгаж таних нь хууль бус сурталчилгаанд автахгүй байх боломжийг олгоно.
 

СОНГОГЧ САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол сонгуулийн санал авах өдөр сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. Саналаа өгөх үйл явц гаднаас нь харахад нарийн төвөгтэй мэт харагдавч бодит байдал дээр тийм биш. Сонгуульд оролцож саналаа хэрхэн өгөх, юу анхаарах талаар сонгуулийн байгууллагууд, сонгогчдын боловсролын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд сонгогчдод хандан мэдээлэл, лавлагаа хүргэж ажилладаг тул санал авах байранд очихоос өмнө эдгээр байгууллагад хандан мэдээлэл, туслалцаа авч болно.

Сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амрах өдөр байдаг. хэрвээ сонгуулийн санал авах өдөр ажиллаж байгаа сонгогч байвал байгууллагынх нь  захиргаа чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах үүрэг хүлээдэг. сонгуулийн санал авах өдөр саналаа өгөх боломжгүй зарим сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авдаг тусгай журам бий. Тухайлбал, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах өдөр санал авах байранд биечлэн очиж саналаа өгөх боломжгүй сонгогч сонгуулийн хэсгийн хороонд хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж саналаа өгөх боломжтой.

САНАЛ АВАХ БАЙРАНД ОЧИЖ, САНАЛАА ӨГӨХ

Сонгогч саналаа өгөх дарааллыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зохицуулсан байдаг. Санал авах ажиллагаа 2021 он 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газрын www. election.burtgel.gov.mn цахим хуудсаас өөрийн бүртгэл болон санал өгөх байрны хаяг, байршлыг харах боломжтой.

Санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгөх бөгөөд сонгогч саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө. Гарын хурууны хээгээр нь сонгогчийг баталгаажуулж, саналын хуудас олгох бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зуруулна. Хэрэв гарын хурууны хээгээр нь сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгох юм.  Сонгогч санал бэлтгэх бүхээгт нууцаар саналаа тэмдэглэнэ. Хэсгийн хорооны дарга, гишүүд болон холбогдох бусад этгээд сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахыг хориглодог. Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид  хийнэ. Ингэснээр сонгогчид  саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг хэсгийн хорооны ажилтан хийж өгнө. Бэхэн тэмдэглэгээг зөвхөн нэг удаа хийх бөгөөд  сонгогч тэмдэглэгээ хийх заавартай танилцах боломжтой. Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно. Мөн санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухайгаа  хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно. Санал авах өдрийн 22:00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа 22:00 цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой.

Мөн санал авах байрыг бэлтгэхдээ харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, санал тэмдэглэх  зориулалттай брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрт байхаар зохицуулсан. санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчийн тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож, бэлтгэсэн байх шаардлагатай. санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна. мөн санал авах байранд хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулна. эдгээр зохицуулалт нь сонгогчийн саналаа нууцаар өгөх боломжийг хангах юм.

ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛАА ӨГӨХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаанд эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгож, коронавируст халдвар /ковид-19/-ын улмаас эмчлүүлэгчид болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад этгээдийг зөөврийг битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зохион байгуулалтыг хийж байна.

Зөөврийн битүүмжилсэн саналын  хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны зургаадугаар сарын 8-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. Гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 2021 оны зургаадугаар сарын 5-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргасан байх ёстой. 

СОНГОГЧ САНАЛАА ӨГӨХДӨӨ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХОРИГЛОНО
 

  • Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
     
  • Өөр хүний бичиг баримт, хуурамч баримт бичиг ашиглаж санал өгөх, саналаа өгөхийг оролдох;
     
  • Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудас ашиглах;
     
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, эсвэл авч гарах;
     
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах үйлдэл хийх;
     
  • Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
     
  • аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

 

САНАЛ АВАХ БАЙРАНД ХУУЛИАР ХОРИГЛОСОН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
 

  • Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд саналаа өгөхөөс бусад тохиолдолд байхыг хориглоно.
     
  • Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. гэхдээ эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүнээс туслалцаа авч саналаа өгөх боломжтой.

Сонгогч зайлшгүй мэдэх бас нэг чухал зүйл бол саналын хуудас. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг болдог. өөрөөр хэлбэл, саналын хуудас нь сонгогчид өгч саналыг тэмдэглүүлээд, саналын хайрцагт хийлгүүлээд, түүнийг нь тоолоод хэн ялсныг нь тооцдог, сонгуулийн дараа тодорхой хугацаагаар хадгаладаг чухал баримт бичиг юм. 

Саналын хуудас нь агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх бөгөөд саналаа хэрхэн тэмдэглэх тухай заавар агуулсан байдаг. Тиймээс саналын хуудсанд тэмдэглэл хийхийн өмнө энэ заавартай сайтар, нямбай танилцаж, ямар нэг алдаа мадаггүй саналаа өгөх боломжтой. хэрвээ сонгогч алдаа гаргавал тухайн саналын хуудсаа хэсгийн хороонд буцааж өгөөд дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгөх боломжийг хуулиар олгодог.

Түүнчлэн сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн саналыг тоолохгүй боловч тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолно. гэхдээ энэ саналын хуудас нь хүчинтэй саналын хуудаст тооцогддог. энэ нь сонгуулийн саналаа чөлөөтэй илэрхийлэх зарчимд хамаарах юм.

Батлагдсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудас нь хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглодог юм шүү. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглодог.

Сонгогч та Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх, эрх чөлөөгөө эдэлж, сонгуульд идэвхтэй оролцон саналаа өгөөрэй.

 

Эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Top