СЕХ: Сонгох эрхийг хангах ажилд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахина

2021 оны 05 сарын 27

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцох иргэдийн тэгш оролцоо, сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор иргэдийн санал авах ажиллагаанд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сонгуулийн үеийн бүхий л үйл явцад халдвар хамгааллын дэглэм баримтлахтай холбоотой харилцааг зохицуулах журмыг санал дүгнэлтийн хамт мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргасан билээ.

Уг саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлаад байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий хорооноос гадна Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд, нийслэлийн сонгуулийн хорооны төлөөлөл орж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зохион байгуулалтыг хариуцан ажиллаж эхэллээ.
 

Мөн дээрх тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны үед цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг хэрэгжүүлж ажиллах албан даалгаврыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлагдсан сонгогчдын судалгаа, тусгаарлах байр, эмнэлгийн тоог нарийвчлан гаргаж, харьяалах хэсгийн хороод эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

 СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top