Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр УИХ-аар орж томилогдсон таван гишүүн өнөөдөр /2020.02.06/ тангараг өргөлөө.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд УИХ-аар орж томилогдсон гишүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж тангараг өргүүлэх хуультай. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт болон СЕХ-ны удирдлагууд тангарга өргөх ажиллагааг зохион байгуулсан юм. Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн Ерөнхий Хороо, түүний гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “...Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох...” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс СЕХ-ны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, монгол төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлэх болтугай. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан Үндсэн хуулийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо бөгөөд 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны байгууллага юм.
Сэтгэгдэл ( 0 )