Филиппинд галт уул идэвхжиж, нүүлгэн шилжүүлэлт болж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Филиппиний алдарт Таал галт уул асар их хэмжээний үнс нурам агаарт цацсаны улмаас агаарт 14 км үргэлжилсэн үнсэн үүл тогтжээ. Филиппиний нийслэл Манила хотоос өмнөд зүгт оршдог Таал галт уул идэвхжиж буйтай холбогдуулан орон нутгийн эрх баригчид галт уулын ойролцоо амьдардаг найман мянга гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ.

Өнгөрсөн ням гарагт галт уулнаас хүчтэй нүргэсэн дуу чимээ гарч, чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Филиппиний галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн аюулын түвшинг нэмэгдүүлж, ойрын долоо хоногуудад галт уул дэлбэрч магадгүй гэж анхааруулж байна.

Агаарын орон зайд үзэгдэх орчин муудсан тул Манила хотын олон улсын нисэх онгоцны буудал ням гарагт 172 нислэгийг цуцалсан бөгөөд онгоц бууж, хөөрөх зурвас үнс нурманд хучигдсан тул даваа гарагт нислэгүүд мөн цуцлагджээ.

Агаарт цацагдсан үнс нурам, ойролцоох суурин газруудад унаж байгаа тул ард иргэдийг баг зүүж, болгоомжтой байхыг зөвлөжээ.

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте төрийн байгууллагууд болон Манила хотын болон үнс нурманд хучигдаад буй суурин газруудын бүх сургуулиудыг хаах үүрэг өгөөд байна. Мөн хувийн компаниудад ийм зөвлөгөө өгсөн байна.

Өнөөг хүртэл 52 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Таал галт уул идэвхжиж, дэлбэрэх эрсдэл нэмэгдсэнийг илтгэж байна гэж Филиппиний галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн анхааруулжээ.

Таал нь дэлхийн хамгийн жижиг галт уул бөгөөд сүүлийн 450 жилд нийт 34 удаа дэлбэрч байжээ. Хамгийн сүүлд 1977 онд дэлбэрсэн бол 1911 онд болсон дэлбэрэлтийн улмаас 1500 хүн амиа алдаж байжээ. 1754 онд  Таал галт уулын дэлбэрэлт олон сарын туршид үргэлжилсэн байна. Филиппин улс Номхон далайг хүрээлсэн галт уулсын бүслүүр буюу Галт бүслүүрт байрладаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top