Таал галт уулын дагуулж буй аюул

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Филиппинд энэ сарын 12-нд дэлбэрсэн Таал галт уул түүнийг хүрээлж буй нууранд цунами үүсгэж, галт уул байрлаж буй арлыг бүхэлд нь үгүй хийж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Жуулчдын очих дуртай газруудын нэг болох Таал галт уул хүчтэй дэлбэрвэл байрлаж буй Таал арлыг дэлхийн газрын зургаас арчих аюултай гэж Хонконгийн их сургуулийн профессор Жозеф Михалски үзэж байна. Галт уул нууруудын дунд байрладаг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Учир нь халуун хайлмаг устай холилдож, байгалийн гамшгийн хүчийг нэмэгдүүлж, цунами үүсгэхэд хүргэж болзошгүй гэнэ.

Мэргэжилтнүүд харагдах байдлаараа Таал галт уулын дэлбэрэлт цөмийн бөмбөг  дэлбэрсэнтэй зүйрлэгдэхүйц байх болно. Дэлбэрээгүй тохиолдолд галт уул олон сар, жилээр идэвхтэй байна гэж тэд онцолж байна. 1754 онд Таал галт уул долоон сарын турш идэвхтэй дэлбэрч байжээ.

Түүнчлэн, Таал галт уулын өөр нэг аюултай нөлөө нь үнс нурам. Галт уулын халуун хайлмагаас илүү үнс нурам нь олон хүний аминд хүрэх аюултай байдаг аж. Учир нь галт уулын үнс хэдхэн цагийн дотор олон зуун км зайд тархдаг гэнэ. Таал галт уулын орчин тойронд 25 сая хүн амьдардаг бөгөөд үнсэнд хүний уушгинд хортой хатуу тоосонцор агуулагддаг байна.

Хэдийгээр Таал хэмжээгээр томд тооцогддоггүй ч хамгийн аюултай галт уулсын нэгт ордог байна. Учир нь галт уулын бүс нутагт хүн амын нягтшил өндөр юм. Таал галт уул 1911 онд 1300 хүний амийг авч оджээ. 1965-1977 оны хооронд эл уул таван жил тутам сэрж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top