ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 01 сарын 27

Өнөөдөр 2020.01.27. Энэ оны 27 дахь өдөр бол он дуусахад 339 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 27 минутад мандлаа. 17 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр ОХУ-д Ленинградыг чөлөөлсний өдөр бол Туркменид Эх орноо хамгаалагчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Их Британийн «Pink Floyd» хамтлагийн бөмбөрчин Ник Мэйсон, «Iron Maiden» хамтлагийн гитарчин Яник Герс, Кубын зохиолч, сэтгүүлч Педро Хуан Гутеррес, Америкийн жүжигчин Брижит Жейн Фонда, Норвегийн биатлонч Уле Эйнар Бьёрндален, Канадын уран гулгагч, олимпын аварга Эрик Рэдфорд, Америкийн дуучин Эшли Грэйс, Испанийн хөл бөмбөгч Кристиан Бикел, Италийн хөл бөмбөгч Стефано Петтинари зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1952 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхий маршал Х.Чойбалсан Москва хотноо Кремлийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас баржээ.

1987 оны энэ өдөр БНМАУ Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоов.

2006 оны энэ өдөр Батлан хамгаалахын сайдаар М.Сономпил томилогдон ажиллаж эхэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1924 оны энэ өдөр В.И.Ленинийг оршуулжээ.

1944 оны энэ өдөр «Нэгдүгээр сарын аянга» ажиллагаагаар Лениградын бүслэлтийг бүрэн чөлөөлөв.

1945 оны энэ өдөр Польшт Освенцимын нацист хорих лагерийн хоригдлуудыг суллажээ.

1948 оны энэ өдөр АНУ-д магнитофон худалдаанд гарчээ.

1973 оны энэ өдөр Вьетнамд энх тайван сэргээж, дайн зогсоох Парисын хэлэлцээрийг үзэглэв.

Энэ өдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Энэ өдөр эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, сүм дуган сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, гөлөг тэжээхэд таагүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top