ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Өнөөдөр 2020.02.04. Энэ оны 35 дахь өдөр бол он дуусахад 331 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 17 минутад мандлаа. 17 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -26 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хорт хавдрын эсрэг тэмцэх олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Шри Ланкад Тусгаар тогтнолын өдөр бол Анголд Зэвсэгт бослогын ойн өдөр юм.

Энэ өдөр Азербайжаны дуучин, хөгжмийн зохиолч Полад Бюль-Бюль Оглы, Америкийн боксчин, олимпын аварга Оскар Де Ла Хойя, Австралийн дуучин, жүжигчин Натали Имбрулья, Францын дуучин Лесли, Чилийн хөл бөмбөгч Маурисио Пинилла, Америкийн гимнастикч, дуучин Карли Паттерсон, Австрийн хөл бөмбөгч Максимилиан Уобер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1913 оны энэ өдөр Монгол-Түвдийн хооронд найрамдлын гэрээ байгуулжээ.

1921 оны энэ өдөр Нийслэл хүрээг Барон Унгернийн цэрэг эзлэв. Тэд гамингийн цэргийг хүрээнээс хөөж, Богд хаан болон шоронд хоригдож байсан том ноёд, лам нарыг суллажээ.

1975 оны энэ өдөр БНМАУ болон Заир улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр ЗСБНХУ болон Унгарын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1948 оны энэ өдөр Шри-Ланка тусгаар тогтносон улс болов.

1976 оны энэ өдөр Инсбрукт Өвлийн XII олимпын нээлт болж байлаа.

1978 оны энэ өдөр Жуниус Ричард Жаявардене Шри-Ланкийн Ерөнхийлөгч болов.

1980 оны энэ өдөр Абольхасан Банисадр Ираны анхны Ерөнхийлөгч болжээ.

2004 оны энэ өдөр “Facebook” үйл ажиллагаагаа эхлүүлэв.

Энэ өдөр үс засуулбал эрч хүч ихэснэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйл хэрэгт болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Энэ өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд таагүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top