ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Өнөөдөр 2020.02.05. Энэ оны 36 дахь өдөр бол он дуусахад 330 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 15 минутад мандлаа. 17 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -25 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Мексикт Үндсэн хуулийн өдөр бол Пакистанд Эв нэгдлийн, Бурундид Нэгдлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Чехийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Душан Угрин, Английн жүжигчин Шарлотта Рэмплинг, Америкийн жүжигчин Барбара Херши, Женнифер Жейсон Ли, Лора Линни, Румыны хөл бөмбөгч Георге Хажи, Америкийн R&B, рэп дуучин, жүжигчин Бобби Браун, Португалын хөл бөмбөгч Криштиану Роналду, Мануэл Фернандеш, Бразилын хөл бөмбөгч Неймар, Бельгийн хөл бөмбөгч Аднан Янузай зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Ардын гэгээрүүлэх яам байгуулагджээ.

1969 оны энэ өдөр БНМАУ-ын ГЯЯ дэлхий нийтэд зарласан санамж бичигт Хятад-Монголын хилээр нэвтэрч буй олон улсын галт тэргийг зогсоосон нь эсэргүүцэл юм гэжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1928 оны энэ өдөр витамин D-г хиймлээр нийлэгжүүлэв.

1942 оны энэ өдөр ЗСБНХУ болон Канадын засгийн газар хооронд консулын харилцаа тогтоож, консулын төлөөлөгч солилцох тухай гэрээг байгуулжээ.

1947 оны энэ өдөр Болеслав Берут Польшийн Ерөнхийлөгч болов.

1952 оны энэ өдөр Нью-Йоркт явган хүмүүст зориулсан анхны гэрлэн дохиог суурилуулав.

1953 оны энэ өдөр “Питер Пэн” хүүхэлдэйн киноны нээлт болжээ.

1971 оны энэ өдөр америкчуудын гурав дахь баг “Apollo 14” хөлгөөр саран дээр газардав.

1979 оны энэ өдөр Аятолла Хомейни Ираныг исламын улс гэж зарлажээ.

1991 оны энэ өдөр Киргизийн нийслэл Фрунзе хотыг Бишкек гэж нэрлэв.

Энэ өдөр үс засуулбал эрхтэн хурц болно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь, могой жилтнүүд аливаа үйл хэрэгт болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Энэ өдөр өглөг өгөх, сүм дуган сэргээх, хишиг дуудуулах, хот балгадын суурь тавих, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гөлөг тэжээ, архи уух, тамхи татахад таагүй. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top