БНСУ-ын нэг сая гаруй иргэн тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалттай тэмцэх чадваргүй хэмээн Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг огцрохыг шаардаж, гарын үсэг зуржээ.
Пүрэв гарагийн байдлаар, шаардах бичигт нэг сая 17 мянган хүн нэгдсэн бол лхагва гарагт 500 мянган иргэн гарын үсэг зурсан байна.
Шаардах бичигт Мүн Жэ Инийг тус улсад коронавирусийн халдвар нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох талаар шуурхай арга хэмжээ авч чадаагүй хэмээн эрс шүүмжилжээ.
Энэ сарын эхээр гаргасан тулган шаардах бичигт гарын үсэг зурсан хүний тоо нэг хоногийн дотор хоёр дахин нэмэгдсэн нь ард иргэд эрх баригчдын хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл ханамжгүй байгааг илтгэж байна гэж орон нутгийн шинжээчид дүгнэж байна.
Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудсанд байрлуулсан шаардах бичигт 200 мянга гаруй хүн гарын үсэг зурсан тохиолдолд эрх баригчид хариу өгөх үүрэгтэй аж. Энэ удаагийн тохиолдолд БНСУ-ын эрх баригчид гуравдугаар сарын 4-өөс өмнө хариу өгөх ёстой аж.
Пүрэв гарагийн байдлаар, тус улсад коронавирусээр халдварласан 334 шинэ тохиолдол илэрч, нийт 1595 хүрээд байна. Халдварын улмаас 12 хүн нас баржээ. Дэгү хотод халдварын 307, Сөүлд зургаан тохиолдол бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Toohgui bsanaar iim zuild hurlee hurdan edgerch ene owchinoos delhii salah yumsan