“Страто” компанийн хууль зөрчсөн үйлдлүүдийг орон нутгийн удирдлагууд эсэргүүцэж байна 

2020 оны 04 сарын 01

ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлэг говийн гурван  аймгийн долоон  сумын 13 багийн нутгаар дамжин 430 км шороон замаар хүнд даацын машинаар нүүрсний  тээвэр хийж, байгаль орчинд хор хохирол учруулж буй “СТРАТО” ХХК-тай  холбоотой цуврал сурвалжилгуудыг олон нийтэд хүргэсэн.

Тэгвэл “Экологийн цаг” нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа "СТРАТО" ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг нэн даруй зогсоох, байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", "Хил хязгааргүй алхам" ТББ-уудын удирдлагууд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Засаг дарга Х.Шархүү, Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх  нар оролцлоо.


“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр нэвтрүүлгийн эхэнд үзэгчдэд хандан “Бидний энэ тэмцэл ямар нэгэн улс төрийн захиалга байхгүй. Ямар нэгэн бизнесийн эрх ашиг байхгүй. Энд хувь хүний эрх ашгийнхаа төлөө сууж байгаа хүмүүс байхгүй. Нийтийн эрх ашгийн төлөө, дээрээс нь иргэдийн өмнө хүлээсэн үүргийнхээ төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчид, орон нутгийн удирдлагууд оролцож байгаа гэдгийг та бүхэн хэлэхийг хүсэж байна. Сүүлийн өдрүүдэд бид бүхэн зохион байгуулалттай, хичээл зүтгэл гаргаж ажилласны үр дүнд нэлээдгүй амжилтад хүрч байгаа гэдгийг иргэд та бүхэнд дуулгахад таатай байна.

Нэн тэргүүнд бид Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн долоон сумын Засаг Даргын Тамгын Газар, ИТХ-аас төлөөлөл оролцуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэдгээ дуулгая. Маргаашнаас эхлээд энэ гурван аймгийн Засаг Даргын Тамгын Газар, ИТХ-д маш тодорхой зүйл заалт бүхий шаардлага, хүсэлтүүдийг хүргүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдэд төрийн төв байгууллагууд, бодлого тодорхойлох гол яамдуудад хууль зөрчиж буй ямар үйлдлүүд байгаа юм бэ гэдгийг баримт, нотолгоотой нь хүргэж өгсөн. Энэ бүхэнд орон нутгийн удирдлагууд, орон нутгийн иргэд дуу нэгтэйгээр ажиллаж, хамгийн гол нь хуулийн дагуу ажиллаж энэ хууль бус үйлдлийг илчилж байгаа гэдгийг хэлэхэд таатай байгаа юм” гэлээ. Мөн Зам, тээврийн хөгжлийн Сайд, Дэд сайд болон газрын дарга нарт удаа дараа шаардлага тавьж,  уулзалтууд хийснээ онцоллоо.

“СТРАТО” ХХК-ийн шороон замын нүүрсний тээврийг эсэргүүцэн, тэмцэж буй "Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан хэлэхдээ “”СТРАТО” компанитай холбоотой асуудлыг, баримтуудыг хуулийн хүрээнд гарган тавьж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр ч тодорхой хуулийн зөрчлүүдийг ярья. Нэгдүгээрт, “СТРАТО” ХХК 2015 онд анх үүсгэн байгуулагдахдаа интернэтийн үйлчилгээ үзүүлэх, бизнесийн зөвлөгөө өгөх, программ хангамжийн чиглэлээр ажиллах гэхчлэн үйлчилгээний чиглэлээр ажиллахаар анх байгуулагдсан. 2019 оны гуравдугаар сарын 22-нд энэ компани үйл ажиллагааны чиглэлээ нэмэгдүүлээд, нүүрс угаах үйлдвэр барина гэсэн. Энэ компани эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулах эрх 2019 оны гуравдугаар сараас хойш л үүсэж байгаа юм. Гэтэл 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр буюу хоёр өдрийн өмнө “СТРАТО” ХХК, “Эрдэнэс-Тавантолгой” компанитай нүүрс худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани нүүрс худалдан авах гэрээ байгуулсан нь Тендерийн хуулийг зөрчсөн байна. Хоёрдугаарт, энэ компанийг үйл ажиллагаа явуулахад Зам, тээврийн хөгжлийн сайдын 134 тоот тушаал 2019 оны тавдугаар сарын 3-нд гарсан байдаг. Энэ тушаал Тавантолгой ордоос Шивээговь сум хүртэлх орон нутгийн зориулалттай замыг улсын чанартай зам болгосон тушаал гаргасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хот руу түүхий нүүрс оруулахыг хориглох тухай тогтоолд үндэслэж ийм тушаал гаргасан. Энэ тушаал “СТРАТО” ХХК-д л давуу эрх олгосон мэт харагдаж байгаа. Өнөөдөр бид Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзахад орон нутгийн чанартай замыг улсын чанартай зам болгосноос биш тухайн замаар хүнд даацын автомашин явах шийдвэрийг гаргаагүй юм аа гэж тайлбарлаж байна. Тэгэхээр “СТРАТО” ХХК шороон замаар 430 км явж, нүүрс тээвэрлэж байгаа нь хууль бус, хулгайн тээвэр юм байна гэдэг нь өнөөдөр нотлогдож байна. Мөн дараагийн нэг асуудал энэ компани нүүрс угааж, нэмүү өртөг шингээж экспортод гаргана гэж байгаа. Ингэхдээ ТЭЗҮ батлуулсан. ТЭЗҮ-ийг баталсан Эрдэс баялгийн зөвлөлийн шийдвэрийг бид цуцлахыг шаардаж байгаа. Яагаад гэхээр тээврийнхээ асуудлыг шийдээгүй байхад эдийн засгийн ашигтай байна гэж шийдвэрлэж байгаа нь хууль бус юм. ТЭЗҮ дотор эрх зүйн орчин байхгүй. Баяжуулах үйлдвэрийн БОНБНҮ-г боловсруулж батлуулахдаа олон нийтийн оролцоог огт хангуулаагүй. Баяжуулах үйлдвэрийн хашаандаа хоёр гүний худаг ухаж, гүний усыг бүтэн жил ашигласан. Ингээд яривал зөрчсөн асуудал, хууль тогтоомж маш олон байна” гэлээ.

Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх хэлэхдээ “Хүнд даацын автомашины нүүрс тээвэрлэлтээс үүсэж байгаа асуудал яригдаж, тодорхой хэмжээнд арга хэмжээ авагдаж байгаад баяртай байна. Энэ зам бол Дундговь аймгийн Өлзийт сумын нутгаар нийтдээ хөндлөн тэнхлэгийн дагуу 160 гаруй км дайран өнгөрч байгаа. Үүнээс 180 мянга орчим га газрын хэмжээтэй Загийн усны говь буюу улсын тусгай хамгаалалттай газраар 40 орчим км, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сум болон Өлзийт сумын нутгийг дамнан оршдог Их газрын чулууны орчмыг 10 гаруй км дайран гарч байгаа.  Энэ бол “СТРАТО” ХХК-ийн үүсгэсэн хууль бус замын нөхцөл байдал юм. Хууль бус замын сөрөг нөлөөлөлд өртөж байгаа нутгийн уугуул малчид, иргэдийн эрх ашиг шууд хөндөгдөж байгаа. Энэ хууль бус замаар тээвэр хийгдээд бүтэн жил тойрч байна. Энэ хугацаанд маш их сөрөг нөлөөлөл, зөрчлүүд гарсан. Иргэдээс сум орон нутгийн удирдлагад маш олон өргөдөл, гомдол ирж байгаа. Тэдгээр өргөдөл гомдлыг холбогдох зохих шатны байгууллагуудад хүргэж ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн жил нүүрсний тээвэр дундуур гурван ч айлын тэмээ дайруулж эндсэн хэрэг гарсан. Эндээс харахад иргэд, малчид эрүүл мэндээр хохирохоос гадна эд хөрөнгө, мал хуйгаараа шууд хохирч байна. Үүнээс үүсэж байгаа тоосжилт, бэлчээр талхлалтад зөвхөн манай Өлзийт суманд гэхэд 100 гаруй өрхийн 80 орчим  мянган мал шууд өртөж байна” гэлээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч хэлэхдээ “Монголын хүн ам өнөөдөр эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстойг Үндсэн хуулиар баталгаажуулаад өгчихсөн. Үүнд, хөдөөгийн малчин хүн хамрагдахгүй гэсэн ойлголт байхгүй ээ. Үндсэн хуулийнхаа энэ алтан зарчмыг хэрэгжүүлэх үүднээс УИХ, Засгийн газар байгаль экологио хамгаалах, тэнд амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй орчныг бий болгохын төлөө энэ олон эрх зүйн баримт бичгүүдийг гаргаад байгаа юм аа. Тэдгээр олон эрх зүйн бичиг баримтыг орон нутагт хэрэгжүүл гэж засаг төрийн төлөөлөл болгож биднийг тэнд суулгаад байгаа юм аа. Тийм л учраас бид хуулийн хүрээнд энэ асуудлыг ярьж байгаа. Миний хувьд Цогтцэций сумаар Говь-Сүмбэрийн чиглэлд нүүрс тээвэрлэхэд гарах хор хохирол, уршигт үр дагаварыг л харсан, тэрэнд нийцсэн хууль тогтоомжуудыг мөрдүүлж ажиллахыг зорьж ажилласан. Өнөөдөр ч тийм байгаа. Цаашдаа ч тийм байх болно. Манай ард түмэн тэнд мөн тэмцэж байгаа. Хууль зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоох эрх болон үүрэг засаг даргад бий. Би Цогтцэций сумын засаг даргын хувьд бүрэн эрх хэрэгжүүлж байгаа хүн. Цогтцэций сумын нутагт хэд хэдэн газар түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар ашигласан. Цогтцэций сумын нутаг дээгүүр 80 км газар тээвэр хийхдээ сайжруулсан зам тавьж байна гэх нэрийдлээр өнгөн хөрсийг нь говийн эмзэг хөрсийг гаргаж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан” гэлээ.

Хэлэлцүүлгийн зочдын нэг  Дундговь аймгийн Баянжаргалант  сумын Засаг дарга Т.Цэвэлмаа хэлэхдээ “Анх Зам, тээврийн хөгжлийн сайд Өндөршил, Баянжаргалант сум хоёрын хилийн заагаар маршрутаа баталж өгсөн байсан. Одоо бол дөрвөн аймгийн долоон сумын нутгаар дамжин өнгөрөхдөө манай Баянжаргалант сумын төвөөр дайран өнгөрч байгаа. Сумын төвийн 600-аад иргэний эрх ашиг хөндөгдөж байна. Өдөр бүр тоосонд дараатай. Хаврын угалз болж байгаа юм шиг л байдалтай. Байнгын манарсан, тоосорсон. Малын, малчдын эрүүл мэнд хохирч байгаа учраас нутгийн иргэд албан шаардлага хүргүүлсэн. Бид зохих газруудад нь хүргүүлсэн. Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өргөтгөсөн байдлаар хуралдаж, хүнд даацын автомашинаар тээвэр хийх замыг барьсан тохиолдолд тээвэр явуулах, тэр хүртэл түр хугацаагаар тээвэр хийхийг хориглосон Тэргүүлэгчдийн тогтоол гаргаад байна” гэв.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Засаг дарга Х.Шархүү мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ “Манай баг 1500 хүн амтай. 516 өрхтэй. Үүнээс 135 малчин өрх байдаг юм. 53 мянган толгой малтай баг байгаа юм. Малчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн үйл ажиллагааг маш хүлцэнгүй хүлээн зөвшөөрч тэвчиж байсан. Энэ сарын 25-26-нд бүр тэсгэл алдаад зам дээр зогсож байна. Иргэд маань багийн асуудлыг хариуцсан засаг дарга бидэн дээр ир гэсэн, очсон. Малчин бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө төр засгийнхаа онцгой нөхцөл байдлыг арга буюу зөрчлөө дөө. Тэнд малчин, жолооч нар хоорондоо тэмцээгүй. Тэнд төл нь дутуу гарч байна. Малын жилбэ нь байхгүй. Мал хүнсэндээ хэрэглэхэд гэдэс дотор нь янз бүр болсон, уушгиндаа өөрчлөлт орсон, мал өвдсөн маш хүндрэлтэй бэрхшээл тулгарч байгаа учраас манай багийн 30 гаруй малчин арга тасарсандаа л зогсоцгоосон” хэмээн учирлаж, үгээ хэлсэн юм.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top