Эдийн засагч Л.Наранбаатар Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболдыг Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагад хандан шалгуулахаар болсноо өмнө нь мэдээлж байсан.
Тэрбээр өнөөдөр /2020.04.17/ уг асуудлаар дахин мэдээлэл хийлээ.
Эдийн засагч Л.Наранбаатар "Зандаахүүгийн Энхболдыг өөрийн хамаарал бүхий этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой болон бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээр дамжуулан Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан, улс төрийн нөлөөгөө өөрийн эргэн тойрны бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдэд үзүүлсэн байж болзошгүй асуудлаар АТГ, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт хандаж, гомдол гаргасан ч хууль хүчний байгууллагууд өнөөдрийн байдлаар энэ хүнийг шалгахгүй гэдэг хариуг өгөөд байна" гэлээ.
АТГ, Нийслэлийн прокурорын газраас өнөөдрийн байдлаар З.Энхболдыг “Хишиг Арвин”, “Страто” компанитай холбоотой асуудлаар шалгахгүй гэсэн хариу өгөөд буй аж.
Л.Наранбаатар хэлэхдээ “З.Энхболд гэж хүн үнэхээр мангас болчихжээ. Хууль, хүчний байгууллагууд айгаад энэ хүнийг шалгахгүй байна. Нэгдүгээрт, үүнийг цохон тэмдэглэе.
Хоёрдугаарт, өнөөдөр “Зууны мэдээ” сонин дээр ноцтой мэдээлэл гарсан байна. Хууль, хүчний байгууллага заавал шалгах ёстой мэдээлэл. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой бизнесийн хамтрагч, одоо “Эрдэнэс-Тавантолгой” компанийн өрөм болсон хамгийн өндөр чанартай нүүрсийг аваад, угаагаад, зарим тохиолдолд түүхийгээр нь зараад байгаа “Страто” компанийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал А.Баттүшиг гэдэг хүн УИХ-ын 2016 оны сонгуульд З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан баримт гараад ирлээ. Энэ бол нотлох баримт.
Би “Страто”-гийн цаана З.Энхболд байгаа гэж олон баримтад тулгуурлаж хэлж ярьж буй ч хуулийн байгууллагууд шалгахгүй байна. 2016 онд сонгуулийнх нь менежер хийгээд явж байсан хүн З.Энхболдод сонгуулийн хандив өгсөн үү. “Страто”-гоороо өгсөн үү, өөрөө өгсөн үү. Ямар ч байсан улс төрийнх нь ажилд голлох үүрэгтэй оролцоод явж байж. Энэ үйл хэргийг нотлох баримт учраас үүнийг дахин АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагад өгнө.
Одоо шинэ нотлох баримтыг та бүхэнд өгье.
АТГ-аас З.Энхболд гэж хүн “Страто” гэдэг компанид хувьцаа эзэмшдэггүй юм байна гэсэн бичиг гаргаж өгсөн. Тийм учраас шалгахгүй гэж хэлээд байгаа.
Ямар тэнэг хүн өөрийнхөө хувьцааг ил тод бичээд байж байх вэ. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох гол бизнесийг нь хийдэг. А.Баттүшиг болон З.Хишигтогтох нартай хамаарал бүхий 20-иод компани байгаа. “Браунрок”, “Страто” гэж байна. “Браунрок”-ийнх нь дор “Нью Браунрок” гэж байна. “Страто”-гийнх нь дор “Си Си Транспорт” гэж гараад ирсэн.
Тэдгээр компаниудын зарим нь З.Энхболдын өөрийнх нь хувийн өмчид байдаг “Интер” ХХК-д оффислодог. Тэнд түрээсийн мөнгө төлдөг бололтой. Схемийг нь харахаар “Страто”-гийн ЭТТ-аас авч байгаа нүүрсний орлого түрээсийн оффис болоод угаагдаад, төлөгдөөд явж байх магадлал өндөр байна. Үүнийг АТГ, хууль хүчний байгууллагад өгөхөд шалгахгүй байна.
З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох “Страто”-гоос цалин авч байна. Хувь хүний цалингийн мэдээлэл нууцад хамаардаг. Тийм учраас би тоог нь хэлэхгүй. “Страто” компанийн ажилтнаас надад мэдээлэл өгсөн. Би эх сурвалжаа нууцална. Шалгах үүрэг нь АТГ, цагдаа, прокурорт байгаа.
Маш тодорхой хэлж чадах зүйлийг одоо та бүхэнд хэлье. 2018 оны аравдугаар сараас Т.Батдэлгэр гэдэг хүн “Страто” компаниас цалин авсан байна. З.Энхболдын эхнэр нь Төмөрбаатарын Бат-Өлзий. Түүний төрсөн дүү Төмөрбаатарын Батдэлгэр “Страто” компаниас 2018 оны аравдугаар сараас цалин авсан байна. Одоо ч цалин аваад явж байгаа. Зандаахүүгийн Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох 2018 оны есдүгээр сараас “Страто”-гоос одоог хүртэл цалин аваад явж байгаа.
“Страто” компани 2015 оны долоодугаар сард байгуулагдсан. 2015 оны дөрөвдүгээр сард З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг унагаж, “Эрдэнэс-Тавантолгой” компани дээр 30 сая тонны хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих боломжийг хаасан. Үүнээс болоод яг өнөөдрийн эдийн засгийн тооцоогоор алдагдсан боломж нь 8.4 тэрбум ам.доллар болж байна.
Тухайн үед хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллароор хийгдэх байсан. Энэ байхгүй болсон. З.Энхболд Тавантолгойн гэрээг УИХ дээр унагаснаас хоёр сарын дараа байгуулагдсан “Страто” компани “ЭТТ” компанийн дөрөв, гуравдугаар давхаргын нүүрсийг авч, угаагаад сууж байгаа. Ашиг олоод байж байна. Тэр орлогоос өнөөдөр З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох цалин авч байна. 2018 оны есдүгээр сараас эхлэн цалин авсан баримт ил болж байна.
З.Хишигтогтохын эхнэр Ванчигийн Алтантуяа гэж хүн байгаа. Эхнэртэй нь овог нэгтэй Ванчигийн Ганцолмон гэж хүн байна. Би бол төрсөн дүү юм уу, ах нь ч юм уу гэж бодож байна. Биш ч байж болох. Гэхдээ овог нэгтэй Ванчигийн Ганцолмон гэж хүн 2019 оны дөрөвдүгээр сараас мөн л “Страто” компаниас цалин авсан.
З.Энхболд, А.Баттүшиг нартай холбоо бүхий компаниудад хувьцаа эзэмшдэг Тулгуур гэж Өвөрмонгол хүн “Страто” компанийн хувьцаа эзэмшдэггүй мөртлөө 2018 оны есдүгээр сараас цалин аваад явж байгаа.
Жунайн Даваасүрэн гэж бас нэг нөхөр “Страто”-гоос цалин авдаг. Энэ хүн бол З.Энхболдын Өвөрхангай аймагт байдаг бие төлөөлөгч. Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн байсан. З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед ЖДҮ-ийн сангаас “Арвай Милк” гэдэг компаниараа 500 сая төгрөг авч байжээ. Энэ бол хэвлэлээр явж байгаа мэдээлэл. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа “Арвай Милк”-тэй холбоотой, лоббидсон жиргээ хийж байсан нотлох баримт байна. Жунайн Даваасүрэн бол ЖДҮ-ийнх нь халхавч гэж би ойлгож байгаа. Хууль хүчнийхэн үүнийг шалгах ёстой” гэлээ.
Мөн тэрбээр “Би "Страто” компанийг яагаад яриад байна гэхээр энэ компани 85 хувийн гарцтай коксжих нүүрсийг хямдхан худалдаж авч байгаа. Анх “Эрдэнэс-Тавантолгой”-той 72 ам.долларын гэрээ хийсэн, одоо 63 ам.доллар буюу есөн ам.доллароор буурсан үнээр авч байгаа. 85 хувийн гарцтай коксжих нүүрс гэдэг бол өөрөө байгалиараа баяжчихсан нүүрс. Багадаа 140 ам.доллар, цаашдаа зах зээл дээр үнэ хүргэж чадах юм бол 200-250 ам.доллар хүрэх бүтээгдэхүүн. Намайг хэвлэлийн хурал хийсний дараа “Страто” компанийн захирал А.Баттүшиг хэвлэлийн хурал хийж, нүүрсийг угаахгүйгээр түүхийгээр нь зарж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тэгэхээр тэр “Страто” гэдэг компани нүүрс угаагаад байна уу, эсвэл үгүй юу. Би үүнийг А.Баттүшигийн өөрийнх нь хэлсэн зүйлд үндэслэж хэлж байгаа шүү. “Эрдэнэс-Тавантолгой” компани баяжуулах үйлдвэргүй байх нь зөвхөн “Страто”-д ашигтай” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Мөнгөний төлөө мөнх амьдрах юм шиг аягладаг хүмүүс яаж ч мэднэ шүү хүү минь. Болгоомжтой байгаарай. Хүний үр сад ялгаа юу байхав.
Битгий шаагаад бай новшын шантаажчин
Ббитгий шаа луйварчин