Х.Отгонмөнх: Шороон замын НҮҮРС ТЭЭВЭР Загийн ус, Их газрын чулууг дайрч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

“Страто” компанийн өнгөрсөн жил эхлүүлсэн Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгийг дамнасан 430 км шороон замын нүүрс тээвэрлэлтээс үүдэн байгаль экологи, нутгийн иргэд, малд хохирол учирч байгааг ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгийн баг газар дээрээс нь сурвалжилж байсан. Мөн энэ талаар “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ хийгээд дээрх гурван аймгийн нүүрс тээвэрт өртсөн сумдын удирдлагууд төр засгийн холбогдох яамд, агентлагт шаардлага хүргүүлээд байгаа. Ингээд тус нүүрс тээврийн шороон зам дайран өнгөрдөг Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнхтэй ярилцсанаа хүргэж байна. 


-Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар нүүрс тээврийг шороон замаар явуулснаас үүдэн байгаль экологид хохирол учирч байгаа мэдээлэл бий. Танай сумын хувьд байдал ямар байна вэ?

-Энэ шороон замын нүүрс тээврийн асуудал 2019 оны тавдугаар сар орчмоос эхэлж явсан. Үндсэндээ жил тойрч байна. Эрчимтэй явсан нэлээд хэдэн сар бий. Өнгөрсөн хугацаанд шороон замаар явж байгаа хүнд даацын олон тоннын ачаатай автомашины байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл хэрээс хэтэрч дээд туйлдаа хүрлээ. Тус зам манай Өлзийт сумын нутаг дэвсгэр дээгүүр 160 орчим км дайран өнгөрч байгаа. Нийт 430 орчим км гэж яригдаад байгаа замын 50 шахам хувь нь зөвхөн Өлзийт сумын нутгаар дайран өнгөрч байна гэсэн үг. Манай сум нутаг дэвсгэрээрээ аймагтаа хамгийн том нь. Дундговь аймгийн тавны нэгтэй тэнцэх буюу нэг сая 541 мянган га газар нутагтай. Үүнийг хөндлөн тэнхлэг дагуу баруунаас зүүн хойш дайран өнгөрч байна. Ингэхдээ тус сумын нутаг дэвсгэрт орших Загийн ус нэртэй байгалийн нөөц газар буюу улсын тусгай хамгаалалтын ангилалтай заган ой бүхий нутаг дундуур 40 орчим км хөндлөн гарч байгаа. Түүнчлэн Дундговь аймгийн Гурвансайхан сум болон Өлзийт сумын зааг дээр орших Дундговь аймагтаа төдийгүй Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын хөгжлийн нэг чухал газар гэгддэг Их газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газрыг хамруулсан том хэмжээний улсын тусгай хамгаалалттай газар байдаг. Энэ улсын тусгай хамгаалалттай газар нутгийн дундуур мөн л 10 км дайран өнгөрч байна. Тэгэхээр нүүрс тээврийн энэ шороон зам ийм хоёр том улсын тусгай хамгаалалттай газраар дайран өнгөрч байгаа юм.

-Өдөрт хэчнээн хүнд даацын машин явж байгаа вэ. Танай суманд тэмээ дайрсан, олон салаа зам гаргаж явж байгаа тухай мэдээлэл гарсан байна лээ?

-Энэ замаар явж байгаа машины тоо нэг хэсэг асар их эрчимжсэн. Нэг талдаа нүүрс ачсан хүнд даацын зуун машин явж байхад мөн тооны машин зөрөөд явж байдаг. Ер нь байнгын 200-гаад машин яваад байх шиг байна. Шороон замын нүүрс тээвэр манай сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг. Дөрвөн багийн 100-гаад өрхийн 80 орчим мянган мал замын тоосжилтод өртөж байгаа. Тоосжилтоос үүдсэн бэрхшээл асар их шүү дээ. Говийн хөрс эмзэг, ургамлын үндэс нь сийрэг, тачир байдаг. Маш амархан эвдэрч, элэгдэж, цөмөрдөг. Машин яваагүй ч эвдэрсэн газраас үүссэн тоосжилт их байна. Олон салаа замын тухайд хүнд даацын машин хэдхэн удаа яваад нөгөө газар нь цөмөрчихнө. Тэгээд явахад бэрхшээлтэй болохоор хажуугаар нь хагалаад яваад байгаа юм. Ингээд зарим газар бараг арван км өргөн, арав гаруй салаа зам үүсчихсэн нөхцөл байдал бий болсон. Гол нь энэ олон салаа зам яг малын бэлчээр дундуур явдаг. Манай сум Дундговь аймагтаа хамгийн олон тэмээтэй. Тэмээний гол нутаг энэ замын дагуу байрлаж байдаг. 2019 оны зургаа, долдугаар сарын үед гурван ч айлын тэмээ ачааны машинд дайрагдсан. Малчид зургийг нь авч баримтжуулаад бидэнд өгсөн. Цаашдаа энэ шороон замаар нүүрс тээвэр үргэлжилбэл тэмээ мал дайрсан асуудал хэд болохыг таах арга алга. Нэгдүгээрт, малчид эд малаараа хохирч байна, хоёрдугаарт, тэр өргөн, урт замаас боссон тоосжилт бэлчээр дарж байгаа. Үүнээс үүдээд малчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл байдал бол бүрэн зөрчигдлөө. Ийм учраас бид бусад сумдуудтайгаа нэгдэж энэ ажлыг даруй зогсоохын тулд холбогдох албан байгууллагуудад нь мэдэгдэл хүргүүлж байгаа юм. Ганц Өлзийт сумын асуудал биш шүү дээ. Сүүлдээ малчид “Шат шатны удирдлага, холбогдох байгууллагуудад хандаад нэмэр байдаггүй юм бол бид өөрсдөө зогсооё, замыг нь хаана” гэх байдалтай болж эхэллээ.  

-Нүүрс тээврийн замыг хааж малчид тэмцлээ гэсэн мэдээлэл явж байсан. Тэр Цогтцэций байсан юм уу, танай сум байсан бил үү?

-Өмнөговьд ч, манай аймагт ч малчид эсэргүүцлээ илэрхийлж байна. Өмнөговийн Цогтцэций суманд коронавирусний үе хэдий ч аргаа барсандаа малчид нүүрс тээврийн шороон замыг хааж шаардлага тавьсан байна лээ. Манай аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт сумын малчид мөн тийм байдалд хүрэхэд бэлэн болчихоод байгаа. Малчид маань гарын үсгээ цуглуулж “Даруй арга хэмжээ ав, дахиад хөөцөлд” гэсэн шаардлагыг бидэнд олон удаа өгч, нэлээд хурцадмал байдалтай байгаа.

-Сумын удирдлагууд “Страто” компанийн удирдлагуудтай уулзаж нөхцөл байдлаа хэлсэн үү?

-Компанийн удирдлагуудтай бол уулзаагүй удсан. 2019 оны дөрөв, тавдугаар сард “Страто” компанийн гэрээтэй “Их дэлгэмэл энгүүн” гэж компанийн төлөөлөл манай суманд ирж байсан санагдаж байна. Тэд “Засгийн газрын тогтоолтой, ерөнхийдөө Засгийн газрын бодлогын ажил хийх гэж байгаа. Дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн сайдын шийдвэрээр энэ замыг улсын чанартай авто зам болгосон. Улсын чанартай авто замаар тээвэр явна” гэсэн. Тэгээд нүүрсээ зөөгөөд бараг буцахдаа замынхаа материалуудыг авчраад ажлаа шууд эхэлнэ. Замын ажил, нүүрс тээвэр зэрэг эхэлнэ, богино хугацаанд замаа барина гэж ярьсан. Гэвч хатуу хучилттай зам өнөөг хүртэл алга.

-Засгийн газраас гаргасан журмаар бол нүүрс тээврийн зам хатуу хучилттай байх ёстой шүү дээ?

-Машин яваад эхлэнгүүт малчдаас гомдол гарч эхэлсэн. Тэгээд гарсан тогтоол, төслөө авчирч танилцуул гэсэн шаардлагын дагуу ирж уулзсан нь тэр л дээ. Дараа нь холбоогүй нэг хэсэг явсан. Бүр болохоо байгаад замын ажил хийгдэхгүй, тээвэр замбараагүй яваад эхлэхээр нь 2019 оны наймдугаар сарын дундуур манай ИТХ дахин хуралдаад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яаманд бичиг явуулсан. Тодорхой хугацаанд шат шатны албан тушаалтад цохогдож хүлээгдэж байгаад ирэхдээ “Улсын чанартай авто зам болгох шийдвэр гарсан энэ замаар компани нүүрс тээвэр хийж байна” гэсэн. Хууль зөрчиж байна ч гээгүй. Тодорхой бус хариу бид авсан. “Страто” компанид баахан шаардлага тавиад, ядаж шороон замаа сайжруулж тэгшлээд нэг замаар явуулах шаардлага хүргүүлсэн. “Страто” компани намраас хойш тэр чигээрээ таг болсон. Тэрнээс хойш “Страто”-той дахиж холбогдоогүй.

-Жолооч нартай уулзаж үзэв үү?

-Иргэдийн эсэргүүцэл хурц болоод өөрсдөө цугларч тэмцэх гэж байна гэсэн мэдээлэл багийн Засаг дарга нараас аваад бид аймгаас цагдаа дуудаж нэг өдөр Буянт багийн төв дээр төрийн чиг үүргийнхээ журмаар ажилласан. Малчдын уур уцаарыг намжаах үүднээс аюулгүй байдлыг хангах журмаар очсон хэрэг. Тиймээс ч одоог хүртэл манай аймгийн хувьд иргэд жолооч хооронд зөрчил гараагүй. Гэхдээ асуудал туйлдаа хүрчихээд байгаа. Жолооч нарын хөдөлгөөнийг түр саатуулаад “Ингэж явж болохгүй, толгой ямар компани байдаг юм тэдэндээ албан ёсоор хэлж ярь” гэсэн. Шороон замаар нүүрс тээвэрлэлт эхэлснээс хойш нэмэгдсээр маш олон компани явж байгаа юм билээ. Нөгөө талдаа тэр жолооч нарын эрх ашиг ч тэнд зөрчигдөж буй нь шууд харагдаж байгаа юм. Сум орон нутгийн уугуул иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Ерөнхийдөө нөхцөл байдал ийм байна.

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 20 км газар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 724 сая төгрөгийн байгаль экологид учруулсан хохирлын нөхөн төлбөр гарсан гэсэн. Танайх 160 км юм байна?

-Цогтцэций сумын үнэлгээ хийлгэсэн 20 км газрын 724 сая төгрөг чинь тээвэр явж эхлээд нэг сар болж байхад л гаргуулсан зүйл шүү дээ. Түүнээс хойш жил шахам болсон гэхээр хохирол хэд дахин өссөн байгаа. Дээр нь 20 км-ын үнэлгээ тийм байхад манай сумаар өнгөрч байгаа 160 км дээр бодоод үзэхэд маш өндөр тоо гарна.

-Танай суманд мөн уран олборлох бэлтгэл хангагдаад байгаа сураг дуулдсан. Тэр яг юу болсон юм бэ?

-Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт “Гурван сайхан” гэдэг компани ураны тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад дөрвөн жил болох гэж байна. Хайгуул хийгээд дууссан, үйлдвэрээ барих гээд ТЭЗҮ хийгдээд бэлэн болсон гэж 2019 онд бидэнд албан ёсоор мэдэгдэж байсан. Тус компани “Дэлхийд шалгарсан шилдэг технологиор газрын гүнд нь боловсруулаад олборлож гаргана. Тийм учраас санаа зовох зүйлгүй, бид хийдэг ажлаа хийнэ. Урдаас төлөвлөсөн стратегийн төлөвлөгөө гаргасан” гэж мэдэгддэг. Уран гэдэг өөрөө цацраг идэвхит бодис. Түүнийг газрын дор боловсруулна гэхээр зүгээр төмөр цорго хийгээд авчихдаг эд биш байх. Тэр доор хүдрээс нь салгаж авахын тулд мэдээж хортой бодисуудыг хийж байж авч таарна. Газрын тодорхой гүнд хорт бодисыг оруулахаар гүний ус өөр юу байдаг юм бүгдэд ямар нэгэн байдлаар нөлөөлнө. Хэдэн жилийн дараа бид ямар дүр төрхтэй болсон байх вэ гэдэг үнэхээр бүрхэг байна. Ашигт малтмал газрын тосны газарт хандахаар бараг ойлгогдохгүй баахан тоо хэллэг оруулаад тайлбарладаг. Жирийн малчин иргэн бол ойлгохгүй. Үүн дээр иргэд маш их эсэргүүцэл илэрхийлж байгаа. Үйлдвэр баригдах үйл ажиллагаа эхлэх юм бол бүгдээрээ босно, тэмцэнэ гэдгээ иргэд орон нутгийн удирдлагуудад олон удаа илэрхийлж байна. Бид иргэдээс ирсэн өргөдлүүдийг сумын ИТХ-аар авч хэлэлцээд Ерөнхий сайд, УУХҮЯ-нд хаяглаад “Энэ асуудлыг шийдэж өгнө үү, ураны үйл ажиллагаа явуулахгүй гэсэн байр суурьтай байна” гээд явуулсан. Гэвч мөн л тусгай зөвшөөрлийг нь хяналаа, хууль зөрчсөн юм алга гэсэн хариу авчихаад байгаа. Ураны үйл ажиллагаа эхлэх юм бол бид ямар нөхцөл байдалтай тулахаа мэдэхгүй байна. Тэгэхээр нийтэд ил тод болгох нь зөв болов уу гэж бодлоо. Улаанбадрахын жишээ гээд ямар нөхцөл яваад байна вэ. Мутацид орсон мал, сүйдсэн газар усны бичлэг харагддаг. Тэрний араас Дундговь аймгийн Өлзийт сум ороход бэлэн болчихоод байна даа. Тийм учраас төр засаг үүнийгээ эргэж хараасай гэж хүсэж байна. Монголын төр шат шатандаа оршин тогтнох бодит үндэс бол иргэдийнхээ нөхцөл байдлыг л авч үзэх шүү дээ. Би тодорхой хэмжээнд төрийн ажил хашиж байгаагийн хувьд ингэж бодож явдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.113.195) 2020 оны 04 сарын 24

Өвчний нууж болохгүй гэмт хэргийг нуу мөнхнаран ээж

0  |  0
Top