"СТРАТО" компани МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙГ талцуулж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Аливаа бизнес АШИГ олох  гол зорилготой байдаг ч урт настай байхын үндэс суурь нь ЁС ЗҮЙ ба ХАРИУЦЛАГА юм.

Тэр дундаа уул уурхайн бизнес эрхлэхийн тулд хүний эрүүл мэнд, байгаль орчны асуудлыг нэгдүгээрт эрэмбэлэхгүйгээр зөвхөн ашиг харвал төрийн төмөр нүүртэй тулахаас өөр аргагүй. Тэгвэл яг энэ зарчмын асуудалтай нүүр тулах ёстой компаниудын нэг бол Монгол, Хятадын хамтарсан "СТРАТО" компани юм. Энэ компанитай холбоотой мэдээллүүдийг эдийн засгийн агуулгаар харвал Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суманд жилд 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах үйлдвэр барьсан, 500 ажлын байр бий болгож буй гэхчлэн тоон үзүүлэлтүүд байна.

Хэдий тийм боловч байгаль орчны талаас нь харах юм бол эдийн засгийн үр ашиг, тооцоолол нь хүчгүйдэх дүр зураг бүхий нөхцөл байдал үүссэнийг хэлэх хэрэгтэй. Тавантолгой ордын нүүрсэнд нэмүү өртөг шингээн баяжуулж байгаа нь сайн хэрэг ч бизнесийн үр ашигтай нь зэрэгцэн байгаль орчны асуудал хурцаар тавигдаж буйг өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхний, орон нутгийнхны дэлгэсэн баримт мэдээллүүдээс харж болно.

Тавантолгойн бүлэг орд орчимд олборлолт болон тээвэрлэлтээс үүдсэн тоосжилт маш их гэдгийг хаа хаанаа мэддэг болсон. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компаниудын хоёр уурхай хатуу хучилттай зам байхгүй тул 10 гаруй км газар шороогоор явж авто замтай холбогдох хүртэл их хэмжээнд тоос үүсгэдэг гэдгийг орон нутгийнхан хэлдэг.

"СТРАТО" компани Тавантолгойн ордын нүүрсийг Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суман дахь боловсруулах үйлдвэртээ хүргэхийн тулд  үүнээс 40 дахин урт замд ИХ ТООС үүсгэх нөхцөл байдал бий болоод байгаа билээ.

Энэхүү үйлдэл нь Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн явдал бөгөөд дээрх компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааг мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү дайрах, харлуулах хандлага гарч эхэлжээ. Мөн "СТРАТО" компанитай холбоотой бас нэг анхаарал татсан мэдээлэл бий. Тодруулбал, энэхүү компани нь Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтантай холбогддог бөгөөд хууль бус үйл ажиллагааг мэдээлсэн байгууллага, хувь хүн рүү чиглэсэн сошл дайралтыг хийж, харлуулах ажиллагааг эхлүүлжээ.

Төрийн дээд албан тушаалтан, хууль бус ажиллагаагаа явуулахын тулд хувь хүн рүү чиглүүлж асуудлыг бүдгэрүүлэх, малчид болон тээвэрчдийг хооронд нь талцуулж, үүссэн орон зайд хууль бус үйлдлээ хаацайлах технологиор ажиллах болсон байна. Энгийн иргэд, тээвэрчдийг талцуулж байгаль орчныг ийнхүү сүйтгэж буй уг хууль бус үйлдлийг албаныхан шалгах зайлшгүй нөхцөл байдал үүссэнийг үүнээс харж болохоор юм.

Хэрэв манай улс төртэй юм бол малчид болон тээвэрчдийн дунд үүссэн маргааныг албан ёсоор таслах ёстой. Хэрэв "СТРАТО" компани хууль зөрчөөгүй юм бол харьяа яам нь албан ёсоор зарла.

Эсвэл хууль зөрчөөгүй гэж үзвэл малчид иргэдэд хуулийн гаргалгаатай тайлбарлахыг шаардаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.42) 2020 оны 04 сарын 03

Хамгийн гол нь Зигийн буюу тѳрѳѳс тѳрсѳн тэрбумтан луйварчинтай холбоотой.

1  |  0
Top