"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагын үр дүнд хүрч 2020.04.17-ны өдөр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оноос эхлэн “Страто” ХХК Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэртээ хүргэхийн тулд говийн гурван аймгийн долоон сумын 13 багийн нутгаар дамжин хүнд даацын машинаар тээвэр хийж эхэлсэн байдаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн сумдын нутгаар дайран 430 км шороон замаар тээвэр хийж эхэлсэн юм.
Энэ цагаас хойш 430 км үргэлжилсэн шороон зам үүсч 220 шахам айл өрхийн 1600 гаруй хүн, 20-иод мянган мал тоосонд дунд амьдарч иржээ. Улмаар нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагууд дор бүрнээ эсэргүүцэж, шороон замын тээврээ зогсоохыг шаардаж байсан ч нүүрс тээврийн компаниуд олон нийтийн эрх ашгийг үл тоон хууль бус замаар тээврээ үргэлжлүүлсээр ирсэн. Нүүрс тээвэрлэхийн тулд хуулиараа орон нутгийн чанартай биш улсын чанартай замтай байх ёстой. Тодруулбал, Засгийн газрын 2018 оны 379 дугаар тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын авто зам, байгууламж барих, ашиглах журам"-д нийцсэн хатуу хучилттай автозамаар тээвэр хийх үүрэгтэй. Түүнчлэн говийн эмзэг сул хөрс, байгаль орчинд маш ихээр хохирол учруулж, мал ан амьтан, байгаль орчин, хүний эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл алдагдаж байгаа юм.
Тиймээс малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж, арга мухардахдаа иргэний нийгмийн байгууллагуудад хандсан юм. Улмаар нутаг усаа алдаж буй иргэдийн тэмцлийг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар нэгтгэж, шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тууштай тэмцлийг орон нутгийн удирдлагууд ч хүч хавсран дэмжиж, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн долоон сумын Засаг Даргын Тамгын Газар, ИТХ-аас төлөөлөл оролцуулсан Ажлын хэсэг байгуулан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлж байв.
Тасралтгүй шороо босгож буй тээврийг эсэргүүцсэн малчид ч тэмцэл хийж, жолооч, малчдын дунд үл ойлголцол, маргаан дэгдэхэд ч хүрч байсан нь саяхан. Улмаар 10 гаруй хоногийн өмнө Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, хохирол учруулж байгаа асуудалтай Байгаль орчны аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд болон “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ-ынхан газар дээр нь очиж танилцсан. Мөн ТВ-8 телевизийн “Экологийн цаг” багийн хамтарсан сурвалжилгаар “СТРАТО” ХХК-ийн үүсгэсэн нүүрс тээврийн хууль бус замын уршгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт гуравхан км зайд нүүрсний тээврийн 39 салаа шороон зам үүссэнийг баримтаар нотолж олон нийтэд хүргэсэн юм. Тээврийн жолооч нарын зүгээс ч шороон замын тээврийг буруушааж, хууль, журмын дагуу хатуу хучилттай зам тавихыг шаардаж буйгаа хэвлэл мэдээллээр илэрхийлж байлаа.
Эцэст нь иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлага үр дүнд хүрч, өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо.
Энэхүү шийдвэрийн дараа “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр энэ талаар “Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Их дэлгэмэл ингүүмэл” ХХК-ийн зам эзэмших түр гэрээг цуцалж, Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон албан ёсны шийдвэр гарлаа. Өнөөдөр ЗТХ-ийн сайдын зөвлөлийн хурлаар иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагаар “Страто” ХХК-ийн эхлүүлсэн 3 аймгийн 7 сумын нутаг дэвсгэрээр 430 км үргэлжилсэн шороон замтай газар дээр нь танилцсан ЗТХЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ. Эх нутгаа хамгаалах, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэхийн төлөөх иргэдийн шударга тэмцэл ялалтанд хүрлээ. Энэ асуудлыг анхлан гаргаж тавьж тэмцлийг эхлүүлсэн “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан болон тэмцэлд нэгдэн орсон Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурван сайхан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд, удирдлагууддаа баяр хүргэж, аз жаргал, ажлын амжилт хүсье” хэмээв.
“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Говийн иргэд, малчид, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын хамтарсан тэмцэл “Страто” ХХК-ийн үүсгэсэн шороон замын тээврийг зогсоолоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон шийдвэр гарчээ. Ингэснээр Их газрын чулуу, Загийн усны хоолой, Уул хадаргана аврагдлаа. Харин экологийн нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн үүргээс “Страто” ХХК чөлөөлөгдөхгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн удирдлагуудын хамтарсан шударга тэмцэл ийн ялалт байгуулж, энгийн ард иргэд, малчдынхаа амьдрах орчин, байгаль эхээ хамгаалах үндсийг бүрдүүлж чадсан жишиг энэ боллоо.
Сэтгэгдэл ( 6 )
naad strato chin zi enkhboldiin xamaaraltai olon jiliin umnu tumor zam taviulaxgui baisan shltgaan ni odoo garch irj baigaa yum tuxain ud xuviin xevshleer baruilchixsan bol odoo barag tur butsaagaad avax tsag xugatsaa ni bolj baigaa ix mundag ex ron ch dur uzuuldeg luivarchdiin dur odoo l gar ch irj baina daa
Сайн байна. Мундаг тэмцэгч хүмүүс байх л юм амөилт хүсьe.
татан буулгах хэрэгтэй
nuguu shudarga durd toglogch tsenzurgui n emegtei haa yavnaa jenkogiin zahialgaa hiih geed zavgui
nuguu shudarga durd toglogch tsenzurgui n emegtei haa yavnaa jenkogiin zahialgaa hiih geed zavgui
uu ter maskguy emegtey setguulchiig torgooroy