“Экологийн цаг” нэвтрүүлгийн баасан гаригийн дугаарыг тоймлон хүргэж байна. Энэ удаагийн дугаараар “Шороон замын нүүрс тээвэр ба жолооч нарын эрх ашиг” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
“Страто” компани Цогтцэций сумын 22 км газарт экологи, эдийн засгийн үнэлгээгээр 724 гаруй сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ. Мөн “Страто” компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл 430 километр шороон замыг бий болгож, байгаль экологид хохирол учруулсан талаар эх сурвалжууд хэлэлцүүлгийн үеэр хөндөн ярилаа.
“ХИЛ ХЯЗГААРГҮЙ АЛХАМ” ТББ-ИЙН ТЭРГҮҮН Н.БАЯРСАЙХАН:
-"Страто" компани нүүрс угаах үйлдвэр ажиллуулах зөвшөөрөл авсан компани. 2018 оны дөрвөн сараас газраа авах, үйлдвэрээ барих зэрэг ажлуудаа хийж эхэлсэн байдаг. Угаах нүүрсээ Өмнөговийн Цогтцэций сумын Тавантолгойн бүлэг ордоос авдаг ч үйлдвэрээ ийм хол барьсан нь усны нөөцтэй холбоотой. Харин нүүрсээ зөөхдөө гурван аймгийн долоон сумын 13 багийн нутаг дэвсгэрийг дайран тээвэрлэдэг. Гэхдээ Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сард гарсан 379 дүгээр тогтоолыг зөрчсөн. Мөн шороон замаа эрүүл хөрс хуулж анх тавьсан. Энэ замыг улсын чанартай зам болгох Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал 2019 оны тавдугаар сарын гурванд гаргасан. Ингээд зөвхөн Стратогийн машин ч биш бусад хүнд даацын машинууд “Улсын чанартай зам” гэсэн ойлголтоор явж эхэлснээр энэ замын эргэн тойронд гамшгийн хэмжээнд хүрсэн. Бид Шивээ говиос Цогтцэций сум хүртэл тус замаар нь явж үзсэн. Дангаараа жил гаран энэ асуудлын талаар хөөцөлдөж, төрийн байгууллагуудад удаа дараа хандаад бидний хүчин чадал мөхөсдсөн. Тиймээс “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачлага” ТББ-д албан ёсоор хүсэлт тавьж хамтран ажиллаж эхэлснээр асуудлыг арай хүчтэйгээр тавьж эхлээд байна.
ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ АВТО ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Ё.ЖАРГАЛСАЙХАН:
-"Страто" компанитай холбоотой асуудлаар ЗТХЯ-аас Ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаад Сайдын зөвлөлд танилцуулсан. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 22-нд тушаал гарсан. Энэ тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг хүртлэх улсын чанартай автозамыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түр эзэмших эрхийг цуцалсан. Мөн нүүрсний тээвэрлэлт хийхийг хатуу хучилттай зам тавих хүртэл хориглох шийдвэр гарсан.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
АВТОЗАМЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН Т.ЭРДЭНЭ-ОЧИР:
-Энэ замаар урьд нь шатахуун тээврийн машинууд ч явдаг байсан. Тэгэхдээ тухайн нутагт байгаа хөрсөн замыг ашиглаад л явдаг байсан. Харин үүнийг боломжтой бол хатуу хучилттай болгож, хүнд даацын машин явдаг болгох боломжтой гэж үзсэн учраас бүрэн эрхийнхээ хүрээнд сайд тушаал гаргаж улсын чанартай зам болгосон. Үүнтэй холбоотойгоор “Их энгүүмэл дэлгэмэл” компаниас “Энэ замыг хатуу хучилттай болгоё, бидэнд зургийн даалгавар өгөөч. Эзэмшигчийн эрх олгооч” гэж хандсан. Ингээд тус компанид уг замыг түр эзэмшүүлэх эрх олгож, хатуу хучилттай автозамын зургийн даалгавар өгсөн.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДЭД ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭЧУЛУУН:
-Хот хоорондын тээвэрлэлтийн хувьд тээвэрлэгч, тээвэрлүүлэгч хоёр зохицоод явж байгаа ийм үед Автотээврийн үндэсний төв зөвхөн улсын байцаагчийн эрхийн хүрээнд хяналт тавиад явж байгаа.
“ХӨГЖЛИЙН МӨР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Б.ГАНТӨР:
-Энэ зам бол социализмын үеэсээ л төв зам байсан. Тэрнээс биш гэнэтхэн хэдэн машин гарч ирээд л хаа хамаагүй газраар нүүрс тээвэрлээд эхэлсэн юм биш. Энэ замаар одоо ч гэсэн Оюутолгойн түлш, Улаанбаатарыг утаагүй болгох түлш явж байгаа. Улсын чанартай зам учраас үүгээр нүүрсээ тээвэрлээд цаашаа галт тэргээр тээвэрлэж болох юм байна гэж ойлгоод л анх эхэлсэн. Страто гэдэгтэй хольж хутгах хэрэггүй. Энд чинь тус тусдаа Тавантолгойгоос гэрээгээр нүүрсээ аваад өөр, өөр газар буулгадаг олон компани бий. Цогтцэций, Цагаанхад хоёрын хоорон дахь замаар нэг машин явахдаа 250 мянган төгрөгийн татвар төлдөг. Тэгвэл энэ зам дээрээ бас яг энэ татвараа аваад яагаад өөрсдөө засмал замаа барьж болохгүй байгаа юм бэ.
“ИХ ГОВИЙН ТЭЭВЭРЧДИЙН ХӨГЖИЛ” ТББ-ИЙН УЗ-ИЙН ГИШҮҮН Э.ЭРДЭНЭЦОГТ:
-Энэ замаар олон компани тээвэрлэлт хийдэг. Анх дуртай замаараа яваад байсан. Тиймээс бид нар "Страто" компани руу шаардлага хүргүүлж ингэж явж болохгүй, сайжруулсан зам тавь, малын орц гарцыг нээж өг гэсэн. Харин наймдугаар сараас засмал замаа барьж эхэлнэ гэж хэлсэн. Яг гарах дөчин хэдэн километр замыг нэг болгоод жолооч нарт нь хогийн уут тарааж байсан. Дараа нь наян километр газар хог цэвэрлээд дахин 409 километр замын хогийг цэвэрлэхэд нэг шаланз, 20 жижиг ачааны машин хог гарсан. Зам ангиуд дээр нь очоод замаа хайргалаач гэхээр “Засаг дарга нь хайрга өгөхгүй байна” гэдэг. Энэ мэтчилэн эзэнгүй биш эзэнтэй юм шиг болоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
таарсан таар шуудайнууд аа гэж.