Говьсүмбэр аймгийн иргэн Г.Дэлгэрсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Страто” компани тус аймгийн Шивээговь суманд үйл ажиллагаа явуулахаар газраа авсанаас эхлэн иргэдийн эрх ашгийг хангуулахаар тэмцэж байгаа хүн юм.
-“Страто” компанийн шороон замын нүүрс тээвэр Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар 430 орчим км явж, зарим газраа 39 хүртэл салаа зам гаргаж байгаль, экологид хохирол учруулсан тухай мэдээлэл явж байна. Танай аймгийн Шивээговь суманд “Страто” компанийн нүүрс угаах үйлдвэр бий. Сүүлийн үед энэ асуудлыг хөндсөн хүмүүсийг гэнэтхэн гарч ирээд янз бүрийн зорилгоор шоу хийлээ гэх мэдээлэл ялангуяа цахим орчинд гарах боллоо?
-Сүүлийн үед “Страто” компанийн үйл ажиллагааны талаар мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд гарлаа. Үүнийг дагаад олон нийтийн анхаарлыг ч татах шиг боллоо. Гэхдээ энэ цаг хугацаанд гэнэт гараад ирсэн асуудал биш л дээ. “Страто” компани 2018 оноос эхлээд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт үйлдвэрээ байгуулахаар яригдаж эхэлсэн. Газрын зөвшөөрлийнх нь асуудлыг сумын ИТХ-аар хэлэлцэхээс эхлээд ярьсан л даа.
Түүнээс хойш үргэлжилсээр төр засгийн удирдлагууд, байгаль орчинд ээлтэй ханддаг ТББ-ууд, хувь хүмүүс өнөөдрийн түвшинд нэг нэгнээ олж, баг болж ажиллах түвшинд хүрч байгаа юм. Түүнээс биш гэнэтхэн л шоу хийгээд байгаа юм гэж юу байх вэ дээ. Зарим хүмүүсийн нүдэнд тэгж харагдаад байгаа байх. “Страто” компани анх үйлдвэрээ барихаас эхлээд тухайн орон нутгийн иргэд, малчдын дургүйг хүргэсэн.
-Нүүрс угаах, үйл ажиллагаа явуулахад орон нутгийн иргэдийн саналыг авсан байх ёстой. Тэр саналыг аваагүй талаар та ярьж байсан?
-Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулиуд дээр газрын асуудал шийдэж байхад эрх ашиг нь хөндөгдөж байгаа тухайн гортигт орсон оршин суугчид, иргэдээс саналыг нь асууна гээд тов тодорхой бий. Гэтэл “Страто” компанийн газрыг асуудлыг анх шийдэхдээ л тухайн орон нутгийн оршин суугчдаас огт санал аваагүй. Үүнээс л хамаг эсэргүүцэх үйл явдал эхэлсэн. “Страто” компани Засаг даргаар дамжуулаад ИТХ-д саналаа өгсөн. “Страто” компанийн саналын дагуу асуудлыг нь сумын ИТХ шууд шийдээд явчихсан байдаг.
-Дээрээсээ нэлээд хүчилсэн юм шиг санагдаж байна?
-Тэр битгий хэл “Страто”-д нүүрс угаах үйлдвэрийн газрынх нь асуудлыг Шивээговь сумын ИТХ шөнөөр хуралдаж өгсөн байдаг. Эрх ашиг нь зөрчигдөөд байгаа малчдаас очиж асуухад “Биднээс нэг ч удаа санал асуугаагүй. Багийн Иргэдийн нийтийн хуралд ирж байгаагүй, мэдэгдээгүй” гэдэг. Гэтэл яасан гэхээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нь манай багийн иргэд дэмжиж байна гэсэн хуурамч бичиг хийгээд өгчихсөн байдаг.
-Яг нүүрс угаах үйлдвэрийн нөлөөлөлд өртөөд байгаа малчид юу ярьж байна?
-“Страто” компанийн Говьсүмбэр аймгийн нутгаар дамжаад явж байгаа замын нөлөөллийн бүсэд 20-иод малчин өрх бий. Одоо малчдын малын тоо өсчихсөн, мэдээж их байгаа шүү дээ. Яг газар дээр нь очихоор малын бэлчээр сүйдсэн, малчид уйлахаас өөр ч арга алга. 27, 30 салаа зам гарчихсан байна. Нэг том машин яваад өнгөрөхөд газрын хөрсийг эргүүлээд бор шороо болгоод тавьчихаж байгаа юм. Малчдын хороо хоттой ойрхон зөрж байна. 200, 500 метр ойрхон зөрж байна шүү дээ. Худаг, хот хоёрынх нь голоор явж байна. Тэгээд зуслан, өвөлжөө, хаваржаатай ойрхон зөрж байгаа. Малын бэлчээр хэцүүдлээ. Малчдын хонь, ямаа ханиалгаад эхэллээ гэсэн. Ойлгомжтой шүү дээ. Бид ч гэсэн хоол унд дээр тоос шороо тогтчихсон байхад идээд байвал ямар байх билээ. Дээр нь “Страто” компани хашаандаа гүний худагтай, түүгээрээ нүүрсээ угаадаг гэж байгаа. Ер нь өнгөрсөн жил үйлдвэр эхэлснээс хойш тэр усаа л хэрэглэж байсан. Өдийд мал төллөөд эхэлчихсэн, цас бороогүй ийм улиралд малчдын худаг нь шавхагдаад, хүн малын ундны усны асуудал дээр нэлээд хэцүү байна.
-Мэдээж, сумын удирдлагууд хэрэгтэй гэж үзээд “Страто”-г оруулсан байх. Аливаа уурхай, үйлдвэрийн газар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тодорхой ажил хийдэг. Орон нутагт зориулсан бүтээн байгуулалтын ажил хийсэн үү?
-“Страто” компанийн хамгийн анх газраа хүсээд орж байгаа хурлын тэмдэглэл, 100 хувь бичлэг байдаг юм билээ. Түүнийг нь харж байсан. Тэр дээр “Страто” компанийн Баттүшиг гэдгээс Шивээговь сумын ИТХ-ын төлөөлөгч нар “Танай компани суманд бүтээн байгуулалт юу хийх вэ”, “Нийгмийн хариуцлагын хүрээнд сум дотор засмал зам тавих боломж байна уу” гэж асуухад нэгэнт газраа түрүүлээд өгнө гээд тохирчихсон хүмүүс чинь хурал дээр бардам байгаа юм чинь “Боломж байхгүй. Зам тавихгүй шүү” гэж хэлж байгаа юм. Тэгсээр байтал нь өгч байгаа байхгүй юу.
-Огт юм байхгүй гэж үү?
-Яахав, хандив гээд тав арван цаасны юм байгаа байх. Өнгөрсөн жил наадамд нэг сая төгрөг ч гэл үү хандивласан сурагтай байна лээ. Үйл ажиллагаа нь эхлээд жил гаруй болж байна тэгэхэд өнөөдөр суманд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдах юм хийх нь байтугай, машинууд нь сумын төвөөр давхиж иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа компани. Хоёрдугаарт, байгаль экологийн асуудлууд нь сөхөгдөөд яригдаад байна. Гуравдугаарт, анхнаасаа газар өгөхгүй гэж байхад эд нар дандаа урьдчилаад бүх юмаа хийдэг гэж би яриад л байгаа. Үүнийг би ноднингийн дөрөвдүгээр сард ярьж байсан одоо ч ярьж л байна. Эднийх бол урьдчилаад юмаа хийчихдэг, араас нь бичиг баримт нь гардаг. Дандаа он сараа нөхөж гаргадаг ийм л компани. Тэр замын асуудал нь урьд нь яригдаж л байсан зүйл шүү дээ.
-Таны хувьд хэзээнээс үүний эсрэг үгээ хэлж эхлэв. Одоо чинь “Экологийн цаг” нэвтрүүлэг яваад эхлэхээр ялангуяа цахим орчинд хуурамч нэр, зурагтай хаягнуудаас “Улстөржиж байна. Сонгууль дөхөхөөр л байгаль экологи яриад иргэдэд хайр зарладаг хүн гараад ирдэг” эсвэл “Эд нар тэмцэгчид биш шантаажчин хүмүүс” гэх мэт зүйл цацагдаад байгаа юм?
-“Страто”-гийн асуудал бол өнөөдрийн юм биш. Бүр 2018 оны гуравдугаар сараас яригдсан зүйл. Юун тэр сонгууль энэ тэр байх вэ дээ. Ер нь “Страто” өөрөө тэндэхийн хуулийн хүмүүс нь ч юм уу өөрсдөө асуудлыг айхтар ингэж эргүүлдэг хүмүүс байдаг юм. Тэр ч байтугай “Страто” компанийн асуудлаар 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны үеэр Шивээговь суман дээр иргэдийн хэлэлцүүлэг хийхэд “Страто” компанийнхан ажиллаж байгаа хүмүүстээ архи өгөөд очоод тэр хурлыг нь тараагаад, үймүүлээд ир гээд явуулчихсан байсан шүү дээ. Тэр цаад эзэд нь ийм юмыг маш нарийн гардан зохион байгуулдаг. Ийм л хүмүүс юм билээ. Тэр шигээ зүгээр энгийн иргэд биднийг байгаль экологийнхоо төлөө явж байгаа хүмүүсийг тэгж гүтгэдэг байхгүй юу. Ер нь тэр шантаажчин гэж юу ч байдаг. Бид мэдэхгүй шүү дээ. Миний үгийн санд, хийж байгаа үйлдэлд тийм үг, өгүүлбэр байхгүй. Би өөрөө бас эрх зүйч мэргэжилтэй, хүний эрхийн байгууллагад нэлээд ажилласан хүн. Тийм учраас малчид өөрсдөө над дээр “Та яваад өгөөч” гээд ирсэн.
-Та нар нэгдэж холбоо байгуулсан уу?
-Холбоо байгуулсан юм байхгүй. Тухайн Шивээговь сумын ИТХ-ын төлөөлөгч нэг залуу бий. Хоёрдугаар баг дээрээс нэр дэвшсэн, өөрөө малтай малчин залуу л даа. Тийм учраас “Би бол иргэдийнхээ төлөө дуугарна” тэгээд тухайн яг хотоор нь дайрч байгаа хэдэн малчид өөрсдөө яваад байгаа юм. Малчид улстөржих үү, тийм биз дээ. Яаж ч бодсон бидний хувьд тийм л өнцгөөс харж байгаа. “Страто” өөрөө асуудлыг ингэж гуйвуулдаг. Аймаг, сумын гээд бүх удирдлагууд “Страто”-гийн талд шүү дээ. Манай шүүгч нар ч гомдлыг “Страто”-гийн талд л гаргадаг юм.
-Шүүгч гэснээс та “Страто”-г шүүхэд өгсөн гэсэн. Тэр юу болсон юм бэ?
-Би малчдыг төлөөлөөд эхлээд Говьсүмбэр аймгийг шүүхэд өгсөн. Иргэдийн саналыг асуухгүйгээр газраа өгөх гэж байна гэдэг утгаар л даа. Үүнийг эргэж Иргэдийн нийтийн хурлаа хийгээд зөв голдрилд нь оруулж, иргэд зөвшөөрсөн цагт үйлдвэрийн газрыг олгох нь зүйтэй юм. Үүнийг түр түтгэлзүүлж өгөөч гэсэн хандлагаар анх Говьсүмбэр аймгийнхаа шүүхэд өгч байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөхөд Ганзориг гэдэг шүүгч урьдчилсан хэлэлцүүлгийг газар дээр нь ирж хийгээд “Страто”-гийн товлосон газар дээр нь очиж хийж байгаа юм. Тэгэхэд одоо яг байгаа сумын Засаг даргын орлогч залуу хариуцагч тал болж ирээд газраа улайм цайм худлаа зааж өгч байсан. Яг баригдсан газраас тав зургаан км урд зааж өгч байгаа байхгүй юу. Төмөр замаас хол, эрх ашиг нь хөндөгдөөд байгаа малчид, 21 дүгээр зөрлөгийн тодорхой хэмжээний айлууд байна шүү дээ, тэднээс нэлээд хол хог байдгаас урагш заагаад өгчихөж байгаа юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дарга нарын талд гарсан. Гэхдээ Захиргааны анхан шатны шүүхийн шүүгч хурал дээр “Нийтийн эрх ашиг хөндөгдсөн байна. Нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлыг хуулийн дагуу хэлэлцүүлэг хийж сонсох ажиллагаа хийх ёстой байсан юм байна даа” гээд яриад байсан. Тэгээд нэг завсарлага аваад гараад ороод ирэхээрээ “Страто”-гийн талд гаргачихдаг. Энэ их сонин. Бид Улаанбаатар хотод ирээд Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд өгсөн. Тэгэхэд цэвэр “Страто”-гийн буруу байна гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод иргэдийн талд гаргачихаж байгаа юм. “Страто” Дээд шүүхэд хандсан. Дээд шатны шүүхийн шүүгч хурлын үеэр иргэдийн талд яриад л байсан. “Страто”-гийн өмгөөлөгч рүү хүртэл хандаж “Та нар яагаад анхнаасаа сонсох ажлаа хийгээгүй юм. Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байна” гэсэн. Гэтэл завсарлаад орж ирэнгүүтээ алхаа цохиод “Страто”-гийнхны талд гаргачихаж байгаа юм.
-Одоо үйл ажиллагаа нь хэр идэвхтэй байгаа юм бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс өгөхөө зогсоосон гэж дуулдсан. Ер нь эрчимтэй үедээ хэр далайцтай ажиллаж байсан юм бэ?
-Хашаандаа хоёр ковш авааччихсан. Нүүрсээ угаахгүй түүхийгээр нь гаргаж байгаа гэсэн. Яг эрчимтэй үедээ өдөрт 100-130 машин ирдэг байсан гэсэн. Тэгээд өдөртөө 60-70 вагон ачдаг байсан гэж ярих юм билээ.
-Одоо та бүхэн ямар хүсэлтэй байгаа юм бэ?
-Хуучин бол хэдхэн малчид тэмцэж байсан. Одоо бол сумынхан гэж өргөн хүрээнд яригдаж байгаа шүү дээ. “Страто” компанийнхан бас үүнийг ойлгох хэрэгтэй. Салхин доор нь Шивээговь сум байна. Салхиных нь дээр аймгийн төв бий. Төмөр замын ажилчид, малчид байна. Анх нүүрс тээврийн шороон замынх нь нөлөөллийн бүсэд байсан малчид тэмцэж байсан бол одоо сум, аймгаараа дургүйцэж байгаа. Юун дээр нь тэмцээд байгаа юм гэхээр ерөөсөө л замын асуудал. Хуулийн дагуу ёс журмаар нь ажиллаад хэдэн хүн ажилтай байлгаад байгаа бол боломжийн шүү дээ. Бидний эцсийн хүсэл бол “Страто”-гийн үйл ажиллагааг зогсоогоод замын асуудлыг эхлээд шийдүүлэх юм. Одоо ингээд явах юм бол малын бэлчээр юу ч үгүй л болно гэсэн үг байхгүй юу.
Сэтгэгдэл ( 2 )
Цаана нь луйварчин гэмгүй царайлсан энхбод.з. гэдэг хүн байсан болохоор тэр биз. Зи өөрөө ч гуйсан л байх манайхан долгинох дуртай болохоор тэгээ биз. Энэ хулгайч гөлөг царайлсан амьтанд хариуцлага тооц
Jinhene luivar aman deeree shn yrij chaddag achir deeree bl suiruuleh ajliig iim erh medeltnuud l hiij bndaa!!!