"Сонгдо"-д илэрсэн халдварын РCR шинжилгээ СӨРӨГ ГАРЛАА

Админ | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс авсан коронавирусний халдварын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

Өчигдөр тус эмнэлэгт хоёр иргэнээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрч, түргэвчилсэн Тестээр хариу ЭЕРЭГ гарсан.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирусний хурдавчилсан тестээр шинжилгээ авахад хариу эерэг гарсан. Нэг нь 80 гаруй насны, нөгөө нь 40 гаруй насны хүн байна. Эмнэлэгт хэвтэж байсан өндөр настны ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд яваад ирсэн юм байна. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-ны үед ирээд явсан гэж тайлбарлалаа. Тийм учраас тухайн хүнд тавьж үзэхэд халдвар илэрлээ. Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Түргэвчилсэн шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. 

Хоёр дахь хүний тухайд өөрөө явж байгаа тул ХӨСҮТ рүү аваачиж, тусгаарласан. Хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр заавал баталгаажуулах ёстой. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлан, дээж авсан байгаа.  "Сонгдо" эмнэлгийг хаагаагүй. Нэг өрөөнд нь өвчтөнийг маргааш шинжилгээний хариу гартал тусгаарлана.  Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй тул ямар ч тохиолдлыг PCR оношлуур ашиглан баталгаажуулж байгаа" гэсэн юм. 

Ингээд хоёр иргэний сэжигтэй тохиолдлыг РСR шинжилгээгээр баталгаажуулахад СӨРӨГ гарсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Шинжилгээний хариу урд шөнө 01:00 цагийн үед гарчээ. 

Top