Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.04.15/
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусний өвчлөл АНУ, Итали, Турк, Испани, Франц зэрэг улсуудад тархалт өндөр хэвээрээ байна. Өмнө нь бид өвчлөлийг хоёр гурван сараар ярьдаг байсан бол одоо арав хоногт хэдэн зуун мянга нэмэгдэж байна гэж ярьдаг боллоо. Дэлхийд өмнө нь хэд хэдэн удаа цар тахал гарч байсан гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл энэ удаагийн цар тахал өмнөх цар тахлуудаас халдвар нь 2-3 дахин эрчтэй байна.
ОХУ сүүлийн үед анхаарал татаж байна. Сүүлийн долоо хоногт өвчлөл гурав дахин нэмэгдсэн. 24 цагийн дотор 22 хүн нас барсан байна. ОХУ-ын Москва орчимд тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа нь өөрийгөө тусгаарлах дэглэм бариагүйгээс шалтгаалж байна гэсэн мэдээллийг холбогдох хүмүүс өгч байна.
Өвчлөгсдийн 30 хувь нь ямар нэг шинж тэмдэггүй байгаа нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах хэрэгтэйг улам бүр сануулж байна” гэлээ.