ОУВС-гийн шинэ тойм ба Тахлын шокийг СУЛРУУЛАХ бодлого

2020 оны 04 сарын 15

Олон улсын Валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн төлөв байдлын шинэчилсэн тоймыг танилцууллаа.

Коронавирусний улмаас дэлхий нийтээр хөл хорио тогтоож буй нь бүхий л эдийн засгуудыг зогсонги байдалд оруулж, хямрал дагуулж эхэллээ гэдгийг тус байгууллагын тэргүүн өнгөрсөн сард мэдэгдэж байсан.

Тэгвэл эдийн засгийн төлөвийн шинэчилсэн тоймд цар тахлын улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг гурван хувиар агшина, улс орнууд нийтээрээ энэ оны хоёрдугаар хагаст цар тахлыг хяналтад авч чадвал 2021 онд дэлхийн ДНБ 5.8 хувийн  өсөлтөд хүрнэ гэж таамаглажээ.

“Ковид-19” цар тахлыг бүрэн хяналтад авах хугацааг тодорхойлж хэлэх боломж байхгүй нь  дэлхий дахины нөхцөл байдлаас харагдаж байна.

Энэ удаагийн эдийн засгийн хямрал нь сүүлийн буюу 2008-2009 оны санхүүгийн хямралтай харьцуулахын аргагүй. 1930-аад оноос хойшх эдийн засгийн хамгийн том хямрал  гэж тоймд сануулсан байна.

Эдийн засгийн  хямралын дараа нөхцөл байдал зөөлөрч, эдийн засагт шинэ боломжууд бий болж, сэргэлт ирдэг ч энэ удаагийн коронавируснээс хамаарсан дэлхийн эдийн засгийн хямралт байдал хэзээ илаарших вэ гэдэг асуултын хариу нь төсөв болон мөнгөний  бодлогын өөрчлөлтүүд дангаараа биш. Коронавирусний тархалт хэзээ хумигдахаас хамаарах юм.

Дэлхийн улс орнууд энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахын тулд цар тахлыг харьцангуй эрсдэл багатай даван туулахад чиглэсэн, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалсан арга хэмжээнүүдийг цагаа олж авах хэрэгтэйг ОУВС онцоллоо. Цагаа олсон, үр дүнтэй бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь эдийн засагт урт хугацааны хамгийн чухал хөрөнгө оруулалт болно гэдгийг санууллаа.

Түүнчлэн коронавируснээс хамаарч худалдаа, аялал жуулчлал гэхчлэн  эдийн засгийн тодорхой салбарууд эрчтэй уруудаж байгаа тул бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид дотоодынхоо бизнесүүдийг дэмжсэн мөнгө, санхүүгийн  дорвитой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тоймд дурджээ.

Цар тахлын улмаас дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбар хүнд цохилттой нүүр тулж байна. Тэр дундаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэт сул байгаа улс орнуудад тусламж үзүүлэх үйлсэд дэлхий дахины хэмжээнд олон талт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолсон байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дэлхийн тэргүүлэгч эдийн засгуудын нэг БНХАУ-д эхэлж цохилт өгсөн коронавирус дэлхийн эдийн засгийг энэ онд агшаах нь нэгэнт тодорхой боллоо.

Дэлхийн улс орнууд төсөв, мөнгөний бодлогын зохицуулалтуудыг хийж байгаа ч эхэнд хэлсэнчлэн хямралын уг шалтгаан нь дэлхий нийтийг хамарсан том асуудал учраас хаа хаанаа хүчгүйдэж байна. 

БНХАУ коронавирусний тархалтыг барьж тогтоосон ч түүнээс хамаарсан шокноос ганцаараа гараад явчих боломжгүй тийм л эдийн засгийн нягт харилцаанд улс орнууд орж, сүлжилдсэн ийм цаг үед тахлаас хамаарсан эдийн засгийн хямрал тохиож буй нь яах аргагүй онцлогтой байна. Дэлхийн эдийн засаг хямралаас гарах арга зам нь цар тахлыг даван туулахаас, цар тахалтай хийх тэмцлээс хамаарч буй тул даван туулах арга хэмжээнүүд нь өнгөрсөн зуунд тохиосон хямралуудын ард гарахын тулд авч, хэрэгжүүлж байсан уламжлалт бодлогуудад өөрчлөлт хийхийг нэг талаас шаардаж буй юм. Ер нь бол дэлхийн улс орнуудад тохиож байсан эдийн засгийн хямралуудын ихэнх нь богино хугацаанд үргэлжилдэг ба сэргэлтүүд хүчтэй байдаг.

Жирийн тохиолдолд хямрал ойролцоогоор жил гаруй хугацаанд үргэлжилдэг бол сэргэлт ихэнхдээ тав ба түүнээс дээш жил үргэлжлэх нь элбэг. Хямралын дараах сэргэлт ЭРГЭЖ-ОЙХ нөлөөний улмаас хүчтэй байдаг. Түүнчлэн энэ удаагийн хямралт  байдал нэг жил үргэлжлээд илааршихгүй гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож буй.

Хятадад халдварын тархалт идэвхжиж байсан эхний үед дэлхийн эдийн засаг  V хэлбэрийн буюу түр агшаад эргээд хурдан сэргэх байх гэсэн таамаглал давамгайлж байсан. Тэгвэл тархалт нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн  уналтаас гарах хугацааны тухай таамаглалууд  өөрчлөгдөж байна. Бүгд л шокийн өмнө хүчгүйдэж байгаа ийм үед хэрхэн яаж нөхцөл байдалд “дасан зохицсон” маягийн буюу цохилтын хүчийг сулруулсан бодлого барих вэ. Цохилт илүү хүчтэй тусах хэсэг рүү чиглэсэн ямар бодлогууд авах ёстой вэ...

Хямрал өшөө цаашид үргэлжлэх тохиолдолд дараа дараагийн БОДЛОГО,  ШИЙДВЭРИЙН нөөц юу байх вэ гэдэгт Монгол Улс ч анхаарах ёстой байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top