Дэлхийн 213 орны нутаг дэвсгэрт хоёр сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, хагас сая хүн эдгэрч, 136 мянга гаруй хүн нас бараад байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 1.4 сая юм. АНУ, Испани, Итали, Герман, Франц, Швейцарь, Турк улсуудад халдварын тархалт өндөр байна.
Хойд хөрш ОХУ-ын нөхцөл байдал анхаарал татаж байгаа юм. Хятадад сүүлийн 24 цагийн дотор 34 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь ОХУ-д зорчоод ирсэн хүмүүс байжээ.
Орост коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн тоо өнөө өглөөний /2020.04.16/ байдлаар 205 болж, нийт халдвар авагсдын тоо 24490, хоногт өвчлөгсдийн тоо 3388 байна. Коронавирусний халдварын тархалт Москвад хамгийн өндөр байгаа бөгөөд Алтайн муж улсаас бусад бүх мужид халдвар бүртгэгджээ. Халдвар 18-45 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхны дунд өндөр байгаа аж. Мөн гэрийн дэглэмд байсан 200 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн нь иргэд гэрийн дэглэмээ сахиагүйн улмаас өвчин нь хүндэрсэнтэй холбоотой юм.
Илэрч буй халдварын 50 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр байсан бөгөөд өвчтөний бие эхэндээ зүгээр байсан бол хоёр дахь долоо хоногоос хүндэрдэг аж. ОХУ-д амьсгалын аппарат маш шаардлагатай байгаа юм. Түүнчлэн Москвад бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.