АХБ | Цар тахлын эсрэг санхүүжилтээ ГУРАВ дахин нэмж, 20 тэрбум ам.доллар болголоо

2020 оны 04 сарын 17

Азийн хөгжлийн банк (АХБ) шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг санхүүжилтээ гурав дахин нэмэгдүүлж 20 тэрбум ам.долларт хүргэлээ. Мөн дэмжлэг туслалцааг илүү түргэн шуурхай, уян хатан үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагааны горимдоо тодорхой өөрчлөлтүүдийг оруулсаар байгаа гэсэн мэдээллийг өгч байна.

Сануулахад, АХБ “КОВИД-19” цар тахлын эсрэг эхний ээлжинд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр баталсан. Цар тахлын нөлөөгөөр тус банкны гишүүн орнуудад макро эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой хор хохирол учирсаар байгаа тул  13.5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэжээ. Нийт 20 тэрбум ам.доллларын санхүүжилтийн багцад хөнгөлөлттэй нөхцөлтэй болон буцалтгүй тусламжийн 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт багтаж байгаа аж.

АХБ-ны ерөнхийлөгч Масацугу Асакава хэлэхдээ “Энэхүү цар тахал нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг, нийгэм, тогтвортой хөгжлийн чиглэлээр олсон ахиц дэвшилд аюул учруулж, ядуурлыг бууруулах хүрээнд гаргасан ололт амжилтыг сулруулан, улмаар эдийн засгийн гүнзгий хямрал бий болгож байна. Санхүүжилтийн энэхүү өргөтгөсөн багц дэмжлэг нь АХБ-ны Захирлуудын зөвлөлийн хүчтэй дэмжлэгийн үр дүн болох бөгөөд шуурхай, уян хатан, үр нөлөөтэй байдлаар хэрэгжиж, хөгжиж буй гишүүн орнуудын төр, хувийн хэвшилд цар тахлын болон эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь бодитой дэмжлэг болох болно” гэж онцлон тэмдэглэжээ.

АХБ-наас энэ сарын 3-ны өдөр танилцуулсан шинэчилсэн үнэлгээгээр дэлхийн эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөө нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3-4.8 хувьтай тэнцэхээр байгаа. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 5.2 хувиас эрс саарч, 2020 онд 2.2 хувь болж буурах төсөөлөлтэй байгаа юм.

Шинээр баталсан санхүүгийн дэмжлэг нь АХБ-ны Мөчлөг Сөрсөн Дэмжлэгийн хүрээнд КОВИД-19 Цар Тахлын Эсрэг Арга Хэмжээний Хөтөлбөрийг хамарч байгаа аж.


20 тэрбум ам.долларыг хэрхэн зарцуулах вэ?

Нийт санхүүжилтээс 13 орчим тэрбум ам.долларыг зөвхөн уг хөтөлбөрийн санхүүжилтэд төсөвлөжээ. Ингэхдээ цар тахлын сөрөг нөлөөг, ялангуяа хүн амын ядуу, эмзэг бүлэгт учруулж буй үр дагаврыг бууруулах зорилгоор хөгжиж буй гишүүн орнуудын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мөчлөг сөрсөн бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн эмнэлгийн багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах буцалтгүй тусламжийг үргэлжлүүлж, шуурхай олгох юм байна.

20 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцын 2 тэрбум ам.долларыг хувийн хэвшлийг дэмжихэд зориулах бөгөөд худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж дахин сэргээх зорилгоор санхүүгийн байгууллагуудад зээл олгож, батлан даалт гаргана. Мөн COVID-19 цар тахлын хор уршгийг арилгах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй болон цар тахлын нөлөөлөлд өртсөн хувийн хэвшил, төлбөрийн чадварын эрсдэлд орсон жижиг, дунд бизнес, үүний дотор эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүжилт, бичил зээл олгож, батлан даалт гаргах замаар дэмжлэг үзүүлэх юм.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд бодлогын болон үйл ажиллагааны горимын зарим өөрчлөлтийг хийсээр байгаа бөгөөд эдгээрийн үр дүнд АХБ-наас хямралын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ илүү хурдан шуурхай, уян хатан болно. Энэ хүрээнд үйл ажиллагааны дотоод горим, үйл явцыг илүү хялбаршуулж, санхүүгийн дэмжлэгийн хамрах хүрээг өргөжүүлэн, зээлийн нөхцөл, шалгуурыг нэгэнт үүссэн нөхцөл байдалтай илүү нийцүүлэхээр ажиллаж байна.

Өргөтгөсөн санхүүжилтийн багцын хүрээнд АХБ-наас үзүүлэх бүхий л дэмжлэг, туслалцааг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны групп, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд зэрэг олон улсын байгууллагууд болон бусад талуудтай нягт хамтран ажиллах байдлаар хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top