Хоёр дахь Босфор: Эрдоган галаар тоглож байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбулаар дамжуулан суваг барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хоёр дахь Босфор болох учиртай. Энэ сувгийн тусламжтай Эрдоган 80 гаруй жилийн туршид Хар тэнгист цэргийн хүчний тэнцвэрийг хадгалж байсан олон улсын хэлэлцээрээс зайлсхийх боломжтой болно. Ингэснээр Турк улс ОХУ, НАТО-гийн орнууд хооронд хурцадмал байдлын голомт үүсгэж, галаар тоглож байна гэж Германы “Die Welt” сонинд бичжээ.

Босфорын хоолойд цэргийн хөлөг онгоц байршуулахыг Хоолойн эрх зүйн байдлын тухай Монтрёгийн конвенцоор хатуу зохицуулдаг. Олон улсын энэ хэлэлцээрийн гол зорилго нь Хар тэнгисийг цэрэгжүүлэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог бөгөөд Зүүн Европ, Ойрх Дорнодын бүс нутгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой бүсэд тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Босфорын хоолой нь Хар тэнгисийг Газар дундын тэнгистэй холбодог цорын ганц хоолой юм.

Туркийн тэргүүн Истанбулаар дамжуулан 45 км урт суваг татахыг төлөвлөж байна. Энэ суваг нь Хар тэнгисийг Газар дундын тэнгистэй холбох хиймэл Босфор болох учиртай. Ингэхдээ энэ сувагт олон улсын аль ч хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд Туркт тус бүс нутаг дахь цэргийн усан онгоцны хөдөлгөөнд хяналт тавих боломж олгох юм. Хоёр дахь Босфорыг барих тухай Режеп Эрдоган Ерөнхий сайд байхдаа  2011 онд мэдэгдэж байсан. Түүнээс хойш сувгийг барих ажил санхүүгийн болон экологийн шалтгаанаар байнга хойшлогдож ирсэн. Харин одоо тус улсын Засгийн газар төслийн хэрэгжүүлэхээр шийдэмгий алхам хийж эхэлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн тээвэр, дэд бүтцийн сайд сувгийг барих ажил энэ жил эхэлнэ гэж мэдэгдсэн. Гуравдугаар сарын сүүлээр барилгын ажлыг эхлүүлсэн тухай албан ёсоор зарласан нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Олон нийт энэ төсөлд зарцуулах хөрөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахыг шаардсан юм.

“Die Welt” сонинд онцолсноор, Эрдоганы хувьд энэ төсөл ашиг, нэр хүнд авчраад зогсохгүй геополитикийн эрх мэдэл олгох ёстой. Монтрёгийн конвенц энхийн цагт иргэний усан онгоцнуудад Босфорын хоолойд орох баталгаа олгодог. Үүний сацуу энэ хэлэлцээр тус хоолойгоор нэгэн зэрэг өнгөрөх цэргийн усан онгоцны тоог есөөр хязгаарладаг. Шинжээчдийн дүгнэлтээр, хоёр дахь Босфор гэж нэрлэгдэж буй шинэ сувгийн хувьд эдгээр дүрэм үйлчлэхгүй. Монтрёгийн конвенцын дагуу бусад улсын цэргийн усан онгоцнууд Хар тэнгист дээд тал нь 21 хоног байрлах боломжтой. Энэ тал дээр шинэ суваг юуг ч өөрчлөхгүй гэж шинжээчид үзэж  байна. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Эрдоган нэгдүгээр сард CNN агентлагт өгсөн ярилцлагадаа эл суваг бүхэлдээ Монтрёгийн конвенцоос ангид оршино гэжээ. Үүгээр тэрбээр ямар санааг илэрхийлсэн нь тодорхойгүй байна гэж тус сонин бичжээ.

“Энэ бол галаар тоглож байгаатай агаар нэг. Дэлхийн хоёр их гүрэн болох ОХУ, АНУ-ын хооронд хурцадмал байдал үүсгэх голомт болно” гэж “Die Welt” онцолжээ. Учир нь АНУ-ын болон НАТО-ийн бусад гишүүн орны цэргийн усан онгоцнууд ямар ч саадгүй энэ сувгаар нэвтэрч, Оросын эрэгт ойрхон дөхөж ирэх тохиолдолд Кремль үүнийг шууд заналхийлэл гэж хүлээн авах болно. Тийм ч ураас ОХУ-ын зүгээс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Энэ сувгийн аюул нь өдгөөг хүртэл үйлчилж ирсэн бүх дүрмийг асуудалд оруулж байна гэж Туркийн блогер, цэргийн усан онгоцны гэрэл зурагчин Жем Деврим Яйлалы онцолжээ.

Одоогоор суваг барих төслийн өртөг тодорхойгүй байна. Режеп Эрдоган 10 тэрбум еврогийн талаар ярьж байсан бол шүүмжлэгчид үүнээс хоёр дахин илүү хөрөнгө шаардагдана гэж үзэж байна. Туркийн засгийн газар энэ сувгаар дамжин өнгөрөхөд өндөр татвар ногдуулах замаар ашиг олно гэж найдаж буй. Ингэхдээ Монтрёгийн конвенцоор Босфорын хоолойгоор дамжин өнгөрөхөд төлбөр авахыг хориглодог. Нөгөө талаас, сувгийн эрэг дагуух газрын үнийг нэмэгдүүлэх боломжтой. Төлөвлөгдсөн маршрутын дагуу байрлах газрын үнэ өдгөө эрчимтэй өсөж буй. Тэнд шинэ суурин, бүр хотууд сүндэрлэх ёстой. Үүнээс гадна эл төсөл ажлын байрыг олноор бий болгож, Туркийн эдийн засагт шинэ найдвар авчирна. Сувгийг дэмжигчид Босфорын хоолой аюултай хэмжээнд хүртэл ачаалсан гэж мэдэгддэг. Үнэндээ сүүлийн арван жилд Бофсороор дамжих өнгөрөх хөдөлгөөн 20 хувиар буурчээ. Аюулгүй байдлын арга хэмжээ жил ирэх тусам сайжирч байгаа бөгөөд тус хоолойгоор дамжин өнгөрөхөд илүү аюулгүй болсон байна.

Үүнтэй зэрэгцэн байгаль орчинд учруулж буй хохирлын талаарх маргаан сүүлийн үед идэвхтэй өрнөх болжээ. Шинэ суваг барьснаар Истанбулын ойр орчмын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Гэсэн хэдий ч төсөл өнгөрсөн нэгдүгээр сард экологийн шинжээчдийн зөвшөөрөл авчээ. Харин энэ төслийг Истанбул хотын захирагч, сөрөг хүчний төлөөлөгч Эркем Имамоглу эсэргүүцэж буй. Тэрбээр шинэ сувгийн төслийг бүхий л хүчээр эсэргүүцэж байгаа бөгөөд энэ төсөл эрх мэдлийн төлөөх тэмцлийн нэг хэсэг болоод байна. Эрдоганы өрсөлдөгч гэгддэг Имамоглуг ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших боломжтой гэж үздэг. Өнгөрсөн хоёрдугаар сард Истанбулын захиргаа экологийн шинжээчдийн зөвшөөрлийн эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн. Цар тахал дэгдээд буй энэ үед төслийг эсэргүүцэгчдийн хувьд найдварын оч асжээ. Учир нь тавдугаар сарын дундуур Истанбулын шүүх сувгийн маршрут дагуу шинжээчийг дүгнэлт гаргахыг зөвшөөрсөн тогтоол гаргасан. Харин Эрдоган таалагдсан ч эс таалагдсан ч энэ төслийг хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top