Эрдоганы эрин үе: Турк хэрхэн өөрчлөгдөв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

Режеп Тайип Эрдоган хорин жил Туркийг удирдаж байна. Энэ хугацаанд тэрбээр шинэчлэгч ерөнхий сайдаас авторитар ерөнхийлөгч болох замыг туулахдаа баян чинээлэг бус ардчилсан Турк улсыг баян исламын гүрэн болгов. Орчин үеийн Туркийг үндэслэгч Мустафа Кемаль Ататюркийн үеэс хойш Турк улс ингэж их өөрчлөгдөж байсангүй. Шинэ Турк улс нь Эрдоганы үед өөрчлөгдсөн байдлаараа удаан үлдэнэ. 

Ардчиллаас авторитар дэглэм рүү

Эрдоган 2003 онд Туркийн Ерөнхий сайд болж байв. Тэр даруйдаа тэрбээр парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглал руу шилжих хөрс суурийг бэлдэж эхэлжээ. 2010 онд тэрбээр ерөнхийлөгчийг парламент бус бүх ард түмнээс сонгодог болгож чадсан. 2014 онд ерөнхий сайдын гурав дахь бүрэн эрхийн хугацаа дуусмагц тэрбээр энэхүү зарчмыг ашиглан ерөнхийлөгчөөр сонгогдов. 2017 онд ерөнхий сайдын албан тушаалыг үгүй хийснээр ерөнхийлөгчийн бүрэн эрх дээд хэмжээгээр өргөжив. Нэг жилийн дараа Эрдоган дахин сонгогдож, Турк улс авторитар дэглэмд шилжжээ. Түүнд засгийн газар, сонгуулийн ерөнхий хороо, шүүх, цагдаа, арми захирагдана. Энэ бол сүүлийн 20 жилд Туркийн туулсан хамгийн анхны бөгөөд томоохон өөрчлөлт. 

Амьдрал дээшилсэн ч ... 

Сүүлийн 20 жилд Туркийн ард иргэдийн амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилжээ. Эхний арван жилд Туркийн эдийн засгийн өсөлт жилд найман хувьд хүрч байсан ба нэг хүнд ногдох ДНБ бараг гурав дахин нэмэгдэж, 2003 онд 4.7 мянган ам.доллар байсан бол 2013 онд 12.5 мянган ам.доллар болж өссөн. Энэ бүхэн Эрдоганы явуулсан эдийн засгийн либерал бодлого, Европын интеграцийн үр нөлөө. Гаднын хөрөнгө оруулагчид Туркт дуртайяа хөрөнгө оруулж, Эрдоган дэд бүтцийн мега төсөлд төсвийн мөнгийг харамгүй зарцуулав. Гэвч хоёрдох арван жилд эдийн засгийн өсөлт хоёр дахин саарч, нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэхээ больж, тэр бүү хэл буурав. Үндэсний валютын ханш хэд хэдэн удаа унав. Ард иргэд Эрдоганы эдийн засгийн зоригтой туршилтуудын үр дагаврыг амссан нь энэ. Төрийн бүхий л институтийг хяналтдаа авсан Ерөнхийлөгч Төв банкны зээлийн бодлогод хөндлөнгөөс оролцож эхэлсэн. Дунд хугацааны үр дагавар нь хямрал, амьдралын түвшинд буурснаар илрэв. Эрдоган дэлхийн эдийн засагчдаас илүү ухаантай гэдгээ нотолж чадах, амжих эсэх асуулт нээлттэй үлдэж байна. Гэсэн хэдий ч Эрдоганы үеийн Туркийн эдийн засгийн хөгжлийн үр дүн эерэг байна. Ард иргэдийн амьдрал дээшилж, эдийн засгийн гол салбарууд болох эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр, аж үйлдвэрийн салбарууд тогтвортой, зарим нь эрчимтэй хөгжсөн нь үнэн.

Хямралыг үл харгалзан сонгуулиас өмнө эдийн засгаа тогтвортой хэвээр үлдээх боломжийг Эрдоганд түүний гол амжилт олгосон. Энэ нь Туркийг бүс нутгийн их гүрэн, дэлхийн хэмжээний том тоглогч болгосон амжилт юм. 

Дэлхийд нөлөөллөө бэхжүүлсэн нь   

Хорин жилийн өмнө Турк улс тайван орон байв. Тус бүс нутагт гол үүрэг, ролийг АНУ гүйцэтгэж байсан. 

Арабын хавар, Сирийн дайныг үзсэн хорин жилийн дараа АНУ Ойрх Дорнодыг зөнд нь орхисон. Эрдоган нөхцөл байдлыг ашиглан Туркийг Иран, Орос, Персийн булангийн орнуудтай зэрэгцэн бүс нутаг лахь томоохон тоглогч болгов. 

Ингэхдээ Турк нь НАТО-ийн гишүүн орон хэвээр үлдсэн тул Эрдоганд эвслийг өргөжүүлэх боломжид саад хийх эрх нь ч үлдсэн. Нэгэн үед тэрбээр АНУ руу хүртэл далайж үзсэн ч сөргөлдөөн удалгүй Турк дэх валютын хямрал болж хувирсан. 

Исламын ертөнцөд нөлөөллөө нэмэгдүүлэхтэй зэрэгцэн Эрдоган Турк улсыг Европын сольшгүй түнш болгож чаджээ. Тэрбээр Сириэс Европ руу чиглэсэн дүрвэгсдийн урсгалыг хааж, ЕХ-ны хэдэн тэрбум еврогоор олон сая сиричүүдийг Туркт байрлуулсан. Өнгөрсөн онд Турк Украин, Орос хоорондын үр тарианы гэрээ, хэлцлийн гол зуучлагч болсон билээ. 

Хоёр сандал дээр нэгэн зэрэг суух, манай, танай гэлтгүй бүхий л талуудтай харилцах чадвар нь Эрдоганд эдийн засгаа тогтвортой барих боломжийг олгож байна. 

Хорин жилийн өмнө Турк гол төлөв өрнөдийн мөнгөөр хөгжиж байсан бол өдгөө Эрдоганд зөвхөн өрнөдийн таалалд найдах шаардлагагүй болжээ. 

Энэ жилийн шийдвэрлэх сонгуулийн өмнө Ойрх Дорнод, Оросын хөрөнгө оруулалтад түүний аминд орж, ханшны ээлжит уналтаас зайлсхийх, инфляцын өсөлтийг бага ч гэсэн сааруулах боломж олгосон. Владимир Путинтай хийсэн Оросын эрчим хүчний эх үүсвэрийн төлбөрийн хугацааг хойшлуулах тухай гэрээ л гэхэд олон зуун сая ам.долларын төлбөрөөс ирэх он хүртэл чөлөөлсөн. 

Цаашид хэрхэх вэ?

Эрдоганы засаглалын эхний арван жил Турк улсыг баян чинээлэг болгосон бол хоёр дахь арван жил нь эрх чөлөөг хязгаарлах, төрийн байгууллагуудыг сулруулах, эдийн засгийн хүндрэлүүдийн үнээр илүү нөлөө бүхий болгосон. 

Эрдоганы эхлүүлсэн шинэчлэл эргэлт буцалтгүй ба үр дүн нь одоогоор тодорхойгүй байна. Эл шинэчлэл исламын ардчиллаар төгсөж ч магадгүй. Магадгүй Турк улсыг султант улс болгохыг үгүйсгэх аргагүй юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУНДАГ УДИРДАГЧ(192.82.86.253) 2023 оны 05 сарын 16

ЭРДОГАН ЯЛААСАЙ

0  |  0
Top