-ОХУ-д бүртгэгдсэн коронавирусний эсрэг анхны эмийг судлах ажил үргэлжилж байна-
Хойд хөрш ОХУ коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоогоороо дэлхийд гуравдугаарт явж буй. Орост өнөө өглөөний /2020.06.03/ байдлаар 423 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, 5000 гаруй хүн нас баржээ. Эдгэрсэн хүний тоо 186 мянгыг хол давсан ч нийслэл Москва хот, нийслэл орчмын бүс нутгууд, Монгол Улстай хиллэдэг Буриад, Тува улс, Эрхүү мужид халдварын тархалт өндөр хэвээр байна.
Тэгвэл ОХУ-ын бүтээсэн коронавирусний эсрэг анхны эм нь болох “Авифавир”-ийн туршилт хэрхэн явагдаж, үр дүн нь ямар байгаа, гадаадад хэзээ нийлүүлж эхлэх талаар тойм мэдээлэл хүргэе. Оросын Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөгдөж, улсын эмийн бүртгэлд авсан энэхүү эмийн худалдааны нэр нь “Авифавир”, химийн нэр нь “Фавипиравир” юм. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан гуравдугаар сард энэхүү эмийг үйлдвэрлэхээр “ХимРар” компанитай хамтарсан үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ.
Туршилт хэзээ дуусах вэ
Эмийн эмнэл зүйн туршилт 4-8 долоо хоногийн дараа дуусна гэж академич Дмитрий Пушкарь мэдэгдсэн байна. Оросын энэхүү эм нь вакцинаас түрүүлж гарах ч эрдэмтэд аль аль чиглэлд ажиллаж байгааг академич хэлжээ. “COVID-19”-ийн эсрэг шууд үйлчлэл үзүүлэх энэхүү эмийг 180 гаруй өвчтөнд туршсан байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Владимир Чуланов “Туршилт үргэлжилж байгаа. Эхний шатны туршилтаар эмийн хамгийн оновчтой тунг тодорхойлж чадвал хоёр дахь шатаар эмийн үр нөлөө, аюулгүй байдлыг үнэлнэ” гэжээ. Хойд хөршийн зарим эрдэмтдийн үзэж байгаагаар туршилтыг өргөн хүрээнд хийх ёстой аж. 300 гаруй өвчтөнд, илүү тодорхой байлгая гэвэл 330 өвчтөн судалгаанд хамтрагдах ёстой гэжээ.
Владимир Чулановын хэлснээр туршилтын явцад Оросын эмийн үр нөлөө 90 орчим хувьтай байгаа аж. “Авифавир” эм нь ОХУ-д бүртгэгдсэн коронавирусний эсрэг анхны эм төдийгүй дэлхийд энэхүү аюулт өвчний эсрэг ашиглаж болох хамгийн ирээдүйтэй эм гэгдэж байна. Оросын шинжлэх ухааны тэргүүлэх төвүүд болох И.М.Сеченовийн нэрэмжит Москвагийн их сургууль болон бусад лабораторид хийсэн судалгаагаар өндөр үр дүн үзүүлж байгаа юм. Энэхүү эмтэй зэрэгцэн ОХУ-ын Новосибирскийн “Вектор” шинжлэх ухааны төвийн мэргэжилтнүүд коронавирусний эсрэг хамарт дусаадаг вакцин бүтээжээ. Тус төвийн ерөнхий захирал Ринат Максютовын ярьснаар одоогоор вакциныг амьтан дээр туршиж байгаа аж. Туршилтын явцад коронавирусний халдвар авсан амьтдын биеийн халуун нэмэгдээгүйгээс гадна ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүй байна. Вакцины эмнэл зүйн туршилтыг хүн дээр ирэх долоодугаар сарын эхээр эхлүүлж, есдүгээр сарын дундуур дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Туршилтад сайн дурын 18-60 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулах талаар Новосибирскийн “Вектор” шинжлэх ухааны төвийн захирал Ринат Максютов ярьжээ. Гэхдээ туршилтад коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг оролцуулахгүй юм байна. Зургаадугаар сард Оросын эмнэлгүүдэд 60 мянган “Авифавир” нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Эмийн үйлчлэл
Энэхүү эм коронавирусний нөхөн үржихүйн механизмыг алдагдуулах үйлчилгээтэй. Амьтан дээр хийсэн туршилтаар эм коронавирусийг 5-6 хоногийн дотор устгах чадвартай болох нь тогтоогдоод байна. “Авифавир”-ыг ууж буй өвчтөнүүдийн 68 хувь нь гурав дахь өдрөөсөө халуун нь хэвийн болж байгаа талаар хойд хөршийн “ХимРар” компанийн ТУЗ-ийн дарга Андрей Ивашченко мэдэгджээ. Эм үр дүнд хүрч, өвчтөнүүдийн эдгэрэлт хурдсахын сацуу сөрөг үр дагавар багатай байгаа аж.
Ямар хүмүүст хэрэглэж болохгүй вэ
“Стопкоронавирус.рф” сайтад мэдээлснээр жирэмсэн өвчтөнүүдэд дээрх эмийг хэрэглэж болохгүй. Хамгийн чухал бөгөөд мэдэгдэж буй сөрөг үзэгдэл нь урагт үзүүлэх нөлөө аж. Тиймээс энэ эмийг хэрэглэх аюулгүй байдлыг хянахын тулд маш хатуу дүрэм боловсруулах болжээ. Эмийг хэрэглэхээс өмнө жирэмслэлтийг заавал хянах, хэрэглэж байхдаа жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай талаар судлаачид өгүүлсэн байна.
Баярлахад эрт байна
Коронавирус үржихээс сэргийлэх анхны эм болох “Авифавир”-ыг одоогоор эмнэлгүүдэд нийлүүлэх боловч жижиглэнгээр зарахаар төлөвлөөгүй байна. Эмийг өвчний хөнгөн, дунд зэргийн хэлбэрт хэрэглэнэ. Эмийн үнэ ч тодорхой бус байгаа юм. “Авифавир”-ыг Японы “Фавипиравир”-ын үндсэн дээр бүтээсэн бөгөөд Япон улс уг эмийг 2014 оноос хойш ханиад томууг эмчлэхэд ашиглаж иржээ. Харин коронавирусний эсрэг үр дүн нь батлагдсан гэж тооцогддоггүй. “Авифавир”-ын эмнэлзүйн туршилт хараахан дуусаагүй байгаа талаар Оросын эрдэмтэн Юлия Ткаченко “Судалгааны үр дүнг нийтлээгүй, арга зүй тодорхойлогдоогүй байна. Нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлд судалгааны үр дүн нийтлэгдтэл энэ тухай ярихад эрт байна” гэжээ.
Гадаадад хэзээ нийлүүлэх вэ
“Авифавир”-ыг гадаадад нийлүүлж эхэлж магадгүй гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлүүдээр нэлээдгүй гарсан байлаа. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевийн хэлснээр Ойрх Дорнод болон Латин Америкийн орнууд уг эмийг авах хүсэлтээ аль хэдийн гаргажээ. ОХУ-д коронавирусний тархалтын оргил үе өнгөрч байгаа ч Москва хотын дарга Сергей Собянин вакцин гарч ирэх хүртэл зарим хатуу дэглэмийг мөрдөхийг анхааруулж байна. Энэ мэт олон зүйл Орост цар тахлын аюул, сөрөг нөлөө багасах болоогүй байгааг харуулж буй. Гэхдээ Орос улс АНУ, Японд коронавирусний эсрэг өргөн хэрэглэж байгаа “Ремдезивир” эмийг улсдаа үйлдвэрлэдэг. Дэлхийн дөрвөн улс уг эмийг үйлдвэрлэдэг нь Орос, АНУ, Япон, Хятад юм. АНУ-д “Ремдизивир” эмийг үр дүнтэй байна гэж үзэж байгаа бол Японд “Авиган”, “Фавипиравир” эмийг түлхүү хэрэглэж, ОХУ эдгээр эмийн нэгэн төрөл болох өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж авсан “Авифавир”-ыг туршиж байна. АНУ-ын “Ремдезивир” эм нь “COVID-19”-ийн эсрэг үр дүн үзүүлж буйг туршилтууд харуулсаар байгаа аж. Уг эмийг хэрэглэсэн хүмүүсийн эдгэрэлт харьцангуй түргэн байгаа юм. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар энэхүү эмийг яаралтай тусламжийн эмийн зориулалтаар буюу хүнд өвчтөнд уулгахыг зөвшөөрсөн бөгөөд судалгааны үр дүнг харж байна.
Бусад тандалт судалгаа