АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом тус мужийн хэмжээнд цагдаа нарт боох арга мэх заахыг зогсоохыг үүрэг болгожээ. Энэ шийдвэр нь Миннеаполис хотод хар арьст Жорж Флойд цагдаагийн гарт амь үрэгдсэнтэй холбогдуулан гаргажээ.
ABC News сувгийн мэдээлснээр, амбан захирагч тус мужийн хууль тогтоогчийн өргөн барьсан боох мэхийг тус мужид хэрэглэхийг хориглох тухай хуулийн төслийг дэмжихээ амласан байна. Өдгөө энэ мэхийг хэрэглэх эсэхийг мужийн хууль хүчний байгууллагууд өөрсдөө шийдэх эрхтэй аж.
Үүнээс өмнө Миннеаполис хотын эрх баригчид боох мэхийг хориглох шийдвэр гаргасан байна.
Миннеаполис хотод хар арьст Жорж Флойд гэгч цагдаа нарт баривчлагдах үед амиа алдсантай холбогдуулан АНУ-ын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал өрнөөд байна. Жорж Флойдын хүзүүн дээр найм гаруй минутын турш өвдөглөж амь насыг нь хөнөөсөн цагдааг хүн амины хэрэгт буруутгаад байгаа бол баривчилгаанд оролцсон бусад гурван цагдааг аллага хамсан үйлдсэн хэрэгт буруутгаад байна.
Сэтгэгдэл ( 0 )